Хэв маягт далдлагдсан хийрхэл
.
Монгол Улсад 780 мянга орчим гэр бүл бий. Энэ бол албан ёсны гэр бүл. Өөрөөр хэлбэл эхнэр нөхрөөс бүрдсэн гэр бүлийн тоон үзүүлэлт. Ингэж тодотгосны учир нь өнөөгийн монгол гэр бүлд шинэ хэв маягууд бий болж, гэр бүлийн харилцаа зөвхөн албан ёсны эхнэр нөхрөөс бүрдсэн уламжлалт хэв маягаар хэмжигдэхээ больжээ. Нийгмийн хөгжил, хувьсалыг даган монгол гэр бүлийн хэв маягт шинэ үзэгдлүүд бий болж, зарим нь өнөөгийн залуусын амьдралын нийтлэг дүр төрх болтлоо өргөжин тэлсээр байна. Гэр бүлийн хөгжил хандлагын судалгаанд тусгаснаар өнөөгийн монгол гэр бүлийг долоон хэв маягт хувааж болох аж.
.
.
Гэр бүлийн анхдагч хэв маяг нь жирийн гэж нэрлэгдсэн хэлбэр. Сонгодог, стандарт, уламжлалт гэх мэтээр тодорхойлж болох энэ хэв маяг төрд данслагдсан эхнэр нөхрийн харилцааг илэрхийлнэ. Харин энэ хэв маяг алдагдаж, шинэ зүйлс түрэн орж байгаа нь монгол гэр бүлийн задралыг бий болгож буйг судлаачид хэлдэг. Гэр бүл судлаач Т.Намжил “социализмын гавьяа бол хос гэр бүлийг бий болгож, бусад хэв маягийг хорьсон. Хэрэв социализмын үед задарсан бол өнөөдөр бүр замбараагүй байх байсан” хэмээн уламжлалт хэв маягийг илүүд үздгээ илэрхийлсэн.
_
Гэр бүлийн харилцаанд шинээр бий больсон ч аль хэдийнэ хүрээгээ тэлж, бидэндтэй ижил дасан болсон нэг хэлбэл нь хамтран амьдрагч. Хууль ёсны бус, хэн хэнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээхгүйгээр зохицон амьдрах энэ хэлбэр бүх насныхны амьдралд бий. Хөрөнгө санхүү, бие физиологийн хэрэгцээ шаардлагын үүднээс хамтран амьдардгийг судлаачид хэлдэг. Энэ хэлбэрийн илүү дэлгэрэнгүй, тоо баримттай нийтлэл дараагийн нийтлэлийн сэдэв байх болно.
.
Дутууг гүйцээж, дундуураа дүүргэх гэсэн бас нэг хэлбэр нь гэрээт гэр бүл. Ихэвчлэн оюутан залуусын дунд байх энэ хэв маяг далд учраас мэдээлэл тун хомс аж. Солонгос киноноос л хардаг байсан энэ зүйл монгол гэр бүлийн хэв маягт орж ирсэн ч олон нийт таатай ханддаггүй нь далд байх шалтгаан болж байгаа юм.
.
Хэдийгээр дэлхийн цөөнгүй орон хүлээн зөвшөөрсөн ч манай улсын хувьд өнөөдөр ижил хүйстэн гэр бүлийн тухай ойлголт бараг байхгүй. Гэсэн ч Монгол Улсад 600 орчим ижил хүйстэн гэр бүл бий гэсэн судалгаа гарсан бөгөөд энэ тусгай сэдэв болон та бүхэнд хүрэх болно.
.
Энэ хэв маягийг өрх толгойлсон гэсэн илэрхийллээр манайхан илүү мэднэ. Эхнэр нөхөр салах эсвэл бэлэвсрэх зэрэг шалтгаанаар үр хүүхэдтэйгээ ганц бие амьдрах эмэгтэйчүүдэд их байсан бол сүүлийн үед өрх толгойлсон аавууд их болсныг албаны хүн дуулгаж байсан.
.
Ихэвчлэн эдийн засгийн шалтгаанаар гадаад хүнтэй гэр бүл болох эсвэл өөр орон руу суралцах, ажиллахаар явахдаа гэр бүл зохиож тэндээ амьдрах зэргээр ирэн очин амьдардаг хэлбэрийг олон соёлт хэмээн тодорхойлсон байдаг. Монгол эмэгтэйчүүд Америк, Австрали, Хятад, Солонгос, Орос хүнтэй гэр бүл болж буйтай адил энэ орны иргэд ч манайхныг сонгодог. Ингэж хоёр өөр соёлын уламжлал, хэм хэмжээг зэрэгцүүлэн авч явах, түүнд дасан зохицож амьдрах нь энэ хэв маягийн онцлог гэж хэлж болох юм.
.
Гэр бүл тэжээх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор эхнэр нөхрийн хэн нь гадаадад ажиллаж, амьдарч буй хэлбэрийг улс дамнасан хэмээн тодотгосон байна. Хэдийгээр гэр бүлийн гишүүд нэг улсын иргэд ч олон шалтгаанаар тусдаа өөр өөр улсад амьдардаг тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, Солонгост ажиллаж байгаа залуугийн эхнэр хүүхэд нь Монголдоо амьдардаг бол энэ улс дамнасан гэр бүлийн бодит жишээ болох юм.
.
Энэ бүхэн Монголын гэр бүлийн харилцаанд буй хэлбэрүүд. Харин энэ бүх хэв маягийг албан ёсны гэр бүл гэж үзэх үү, гэр бүлийн харилцаанд гарч буй шинэ үзэгдэл хэмээн ойлгох уу гэдэг нь чухал асуулт. Өөрөөр хэлбэл, нэг гэрт амьдардаг бүхнийг гэр бүл гэж нэрлэх үү гэсэн асуулт тулгарна. Уламжлалт ойлголтоор бол гэрлэлтээ батлуулж төрд данстай болсон эхнэр нөхрийн харилцааг гэр бүл гэдэг. Энэ өнцгөөс харахаар жирийн гэр бүлээс бусад нь гэр бүлийн харилцаанд гарч буй шинэ үзэгдэл гэж ойлгогдож байгаа юм. Тиймээс ч манайд гэрээт, хамтран амьдрагч, ижил хүйстэн, гадаад хүнтэй гэр бүл болсон, улс дамнасан, олон соёлт гэр бүлүүдийн талаар ямар ч албан тоо баримт байдаггүй юм билээ. Хууль дүрмэнд энэ тухай ойлголт ч байхгүй. Гэтэл амьдралд аль хэдийнэ бодит биелэлээ олж, хамтран амьдрагч гэх ойлголт бидэнтэй ижил дасал болоод удаж байна.
.
Хүний нийгмийн хөгжлийг даган явагдаж буй өөрчлөлт шинэчлэлтийг үгүйсгэх аргагүй ч зарим нэг зүйлийг хязгаарлах нь сөрөг үр дагаврыг тойрч болох юм. Бид нийгмийн хөгжлийн дагуу гэр бүлд олон хэв маяг гарч байна, өрнө дорнын нөлөөлөл гэх мэтээр хавь ойрыг нялзаан ярьж болох шинэ бүхнийг алгаа тосоод угтаж болохгүй. “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нэгэн ярилцлагадаа “Монгол гэр бүл задарч, орших эс оршихдоо тулаад байгаа” тухай ярьж байсан. Энгийнээр салалт хэмээн ойлгож болох ч хэв маягт гарч буй өөрчлөлт, тэр дундаа уламжлалт хос гэр бүл хумигдаж хүмүүс гэр бүл гэхээсээ хамтын амьдралыг илүүд үзэх болсонтой холбоотой. Энэ маягаар бол, тодруулбал өнөөгийн долоон хэв маяг олшрох тусам гэр бүл гэх ойлголт бүдгэрч бүр үгүй болох магадлал буйг гэр бүл судлаач Т.Намжил хэлж байсан. Дэлхий ертөнцийн глобальчиллын сүүдэр гэр бүлийн харилцааг багахан дараасай.
.
В.Батцэцэг
Уншиж байна |