Төр тунгалаг байхыг хүсч байгаа. Олон ч гайгүй алхам хийсэн. Иргэдийн танхимаар хэлэлцүүлж байж шийдэлд хүрэх, орон нутаг өөрийнхөөрөө төсвөө захиран зарцуулж эрх мэдлээ хадгалах гээд л. Энэ бүхэн нь төр холдсон иргэддээ ойртуулах гэсэн эрмэлзэл байлаа. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд Төрийн ТҮЦ машиныг санаачилсан явдал байлаа. Энэ оны 6 дугаар сараас эхлүүлсэн энэ машин нь дараах үйлчилгээг үзүүлэх ёстой. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол, төрсөний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааг авах ёстой.
.
Үүнд ердөө шинэхэн 500-тын дэвсгэрт шургуулахад л боллоо гэж байлаа. Харамсалтай нь үгүй юм аа. Оршин суугаа газрын баталгаагаа гаргуулчихсан иргэд эргээд л хороо руугаа явж байна. Баталгаат гарын үсэг, тамга тэмдэг байхгүй гэсэн шалтгаанаар, иргэний үнэмлэхний лавлагаа авах гэсэн иргэд бас л иргэний бүртгэлийн уртаас урт дараалалд зогсч байх жишээтэй.
.
За тэгээд энд заагдсан бүхий л мэдээллийг банкууд хүлээж авахгүй. Иргэдэд хамгийн амин чухал болоод байгаа их бага хэмжээний ямар ч зээлийн бүрдүүлэх баримт бичгийг хангаж чадахгүй болохоор энэ нь төрийн ТҮЦ үү аль эсвэл мөнгө саах арга уу гээд хардлага төрүүлээд эхэлнэ.
.
Төр нь болохоор энэ найдвартай гээд байдаг, аваад очсон газар бүхэн нь дахин баталгаа нэхээд байгааг бодоход мөнгөний машин ч юм шиг. Татварын Ерөнхий газраас гэхэд ААН-ын орлогын албан татварын лавлагаа, Хувь хүний орлогын албан татварын лавлагаа, Цахилгааны төлбөрийн мэдээллээ авч байх учиртай.
:
Бас л таг шүү. “Манайх наадах мэдээллийг чинь мэдэхгүй, баталгаа нь хаа байна” гээд гэдийчихнэ. Ахиад л татварынхны хүнд суртлыг эхнээс нь дуустал нь явна даа. Зарим мэргэжилтэн нь материал хүлээж аваад Төрийн ТҮЦ гэж юу байсан юм гэсэн маягтай хандана. Нөгөө тунгалаг байх гэсэн төр чинь энэ шатандаа ирээд ёстой л булингартаж эхэлнэ дээ. Дээрээс тунгалаг харагдаж болно. Хутгаад ирэхээр хэчнээн их булингартана вэ.
.
Цахилгааны төлбөрийн мэдээлэл гэхэд нарийвчилсан зүйл заалт байхгүй тэдэн төгрөг гээд л гараад ирнэ. Хэмнэж ядсан, хэтрүүлсэн эсэх нь мэдээлэл огт үгүй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн шалгалтаар жил бүр нөхдүүд 1.2 тэрбум төгрөг тоншсон байх нь илэрсэн байх жишээтэй. Бүүр сүүлийн арван жилийн турш жил бүр шүү. Ийм үндэслэлгүй мэдээлэлтэй юм чинь хэн нь яаж хохироогоод байгааг яаж мэдэхэв дээ.
..
Төр тунгалаг байхыг хүсч байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ дээрээ шийдвэр гаргаад дунд доод шатандаа ингэж булингартуулаад байвал ямар сайн байхав дээ. Төрийн ТҮЦ ажиллахыг хүсч байна. Хэн нэгэн албан тушаалтны хаалгыг сахиж өдөржин суухаар хэдхэн товчлуур дараад л хэрэгтэй мэдээллээ АЛБАН ЁСНЫ гарын үсэг, тамга дардастай нь авахыг хэн хүсэхгүй байх билээ. Даанч гээндээ ч гоондоо ч гэгчээр төр өөрөө дунд доод шатандаа үүнийг нэг их хүсэхгүй байгаа бололтой.
.
Н.Бадамжав
Уншиж байна |