Хүүхэд нас гэдэг хиргүй тунгалаг, цэв цэвэрхэн цагаан цаастай адил. Гэхдээ хүүхэд бүхэнд сайхан амьдрах боломж өнөөгийн нийгэмд хангалттай бус байна. Зарим нь бүр эхийн хэвлийд байхаасаа л адлагдаж хүний орчлон дээр хөл ч тавьж чадалгүй буцдаг гашуун үнэн олон бий. Эхийн хэвлийгээс хэчнээн хүүхэд хогийн сав руу шидэгдэж байгааг бодохоор зүрх эмзэглэх юм.
.
Манай улсад 70 гаруй төрийн бус байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Гэвч эрхээ эдэлж чадахгүй эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч яваа мянга мянган хүүхэд байсаар л байна. Сүүлийн үед гэмт халдлага, аюул ослоос хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирч тэдний язгуур эрх ихээхэн зөрчигдөж байгаад харамсаад ч үл барам.
.
Сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд,4342 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөнөөс 434 хүүхэд нас барж 2473 хүүхэд хүндэвтэр буюу хүндээр гэмтсэн байна. Мөн 800 гаруй хүүхэд хурдан мориноос унаж хүнд хөнгөн гэмтэж, амь насаа алдсан хүүхдийн тоо ч цөөнгүй гарна. Энэ бол зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүүхдийн тоо. Үүний цаана хичнээн хүүхэд гар хөлөө гэмтээж, хацар нүүрээ хөлдөөн, эрэмдэг болж хэнд ч мэдэгдэлгүй өнгөрч байгааг хэлэх боломжгүй юм. Үүнээс гадна гэр бүлийн орчинд ч хүүхдийн эрх маш ихээр зөрчигддөг. Ажил ихтэй эцэг эх нь бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ орхисноос болж халуун зууханд гар хуруугаа хайрах, халуун цайнд шалзлагдах, түүгээр ч зогсохгүй галд өртөж амь насаа алдах ч цөөнгүй.
.
Өнгөрсөн оны байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд осол гэмтлийн улмаас яаралтай тусламжийг нийт 71078 хүнд хүрэгснээс 0-9 насны хүүхэд 21713 буюу 30.5 хувийг эзэлжээ. Түүнчлэн эдгээрийн дотор түлэгдэж бэртсэн хүүхдүүд ихэнх хувийг эзэлдэг байна. Хүүхдүүд ихэвчлэн ахуйн хүрээнд буюу гэртээ тоглож байхдаа гэмтэл бэртэл авдаг аж. Түлэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь 0-1 насныхан буюу 441, мөн 1-4 насны 1591 хүүхэд түлэгдэлтэнд өртжээ. Эцэг эхийн анхаарал халамж сайн байвал бол ийм олон хүүхэд түлэгдэхгүй л байсан.
.
Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар 5-17 насны 68580 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд малчдын хүүхдүүд сургууль завсардан мал дээр гарах явдал байсаар байна. Хөдөөд хөвгүүдийг сургууль завсардуулж, хөндийрүүлэх хандлага давамгайлж, мал аж ахуйн салбарт 15-18 насны хөвгүүд гол ажиллах хүч болдог. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 41.4 хувь нь сургууль завсардсан 2.3 хувь нь огт суралцаж үзээгүй гэсэн байна.
.
Үүнээс үзэхэд хүүхдийн эрх ахуйн хүрээнд буюу эцэг эхийн гар дээр хамгийн их зөрчигдөж байна. Хөдөөгийн малчин хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна. Хот суурингийн хүүхдүүд ядуу тарчиг амьдралын эрхээр өвчтэй зовлонтой, архичин аав, ээжийнхээ өмнөөс дэндүү эрт хөдөлмөрлөж жаахан биедээ ахадсан ачаа үүрэх болжээ. Хүүхэд өөрөө хүссэндээ ажил хөдөлмөр хийгээгүй, морь унаж уралдаагүй тэд бүгд л эцэг эхийнхээ заавар зөвшөөрлөөр ийнхүү хөдөлмөрлөдөг.
.
Одоогоос хэд хоногийн өмнө хөрш айлын эмэгтэй тавхан настай балчир үрээ элдвээр хэлэн зодож байхтай таарав. Аргаа бараад хүүхдээ зодохоо болиоч гэж хэлэхэд “Би төрүүлсэн эх нь байна, үрээ ална уу, аварна уу? Чамд ямар хамаа байна” гэх юм. Орчин цагт хүүхдийг зодож, цохиж хүмүүжүүлэх нь ямар ч үр дүнгүй арга гэдгийг мэддэггүй эцэг, эх олон болж. Хамгийн гол нь хүмүүжүүлэх гэж байна гээд хөгжлийн бэрхшээлтэй болгочих вий дээ.
.
Хэн нэгний хүүхдийг танихгүй хүн гэмтээсэн бол миний хүүхдийн эрх гэж асуудал үүсгэдэг атлаа өөрөө хүүхдээ гэмтээсэн тохиолдолд болж л байдаг зүйл мэтээр тоох ч үгүй орхих нь цөөнгүй. Ийм үйлдэлд хариуцлага тооцдог байгууллага ч алга. Энэ оны эхэнд эхээс мэндлээд ганц ч хоноогүй нярай хүүхдийн эрх зөрчигдсөн харамсалтай хэрэг Баянхонгор аймагт гарсныг бид мартаагүй. Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлж л орхисон.
.
Одоогийн хүүхдийн эрхийг хамгаалах хууль цаасан дээр л бичээстэй болохоос бодит амьдралд биеллээ олохгүй л явна. Уг нь бидэнд амьдралд нийцэх, хүүхдээ хамгаалах хууль шаардлагатай байгаа. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл, маргаан хоёроо ч ялгаж, салгахгүй, хорооны цагдаа, нийгмийн ажилтнууд нь иргэнтэйгээ ямар ч уялдаа холбоогүй ажилладаг нь нууц биш.
.
Олсон хэдэн төгрөгөөрөө архи гударчихаад, үр хүүхэд,ханьдаа уур, бухимдлаа гаргаж, тэднийгээ зодож, занчих ёстой мэт авирладаг хүн дүрст араатнууд”-ны тоо үй олон. Үр хүүхэд нь ч эцэг, эхээсээ алганы амт хүртсэнийхээ төлөө “би гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө” гэж гомдолдоггүй. Нэг ёсондоо хатуу амьдралд дасан зохицож байгаа нь харамсалтай.
.
Хамгийн сүүлийн жишээ, өнгөрөгч амралтын өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг хэмээх газар гуравхан настай жаахан охин ээжийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч, нийгмийн сэтгэл зүйг цочирдуулаад байна. Бид хэдий болтол “Ниргэсний дараа хашгирна” гэж нүдэндээ харж, чихэндээ сонсомгүй аймшигт мэдээллийн гэрч болж явах юм бэ. Хэрэв төр засаг маань хүүхдийн эрх ашгийг хамгаалзан зөв хуультай бол, хүүхэд нэг бүр ямар орчинд амьдарч байгаа, эцэг эх нь хүүхдээ хэрхэн өсгөж байгаа, амьжиргааны түвшин ямар байдгийг судалж, эрсдлийн үнэлгээг гаргаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлсэн бол ийм хэрэг гарахгүй байсан. Монголын маань ирээдүй болсон тэр жаахан амь энэ амьдралыг харамсалтайгаар орхихгүй байсан гэж бодох юм.
.
Үнэхээр өнөөдөр Хүүхдийн төлөө гэсэн сэтэртэй байгууллагууд хүүхэд хамгааллын төлөө дорвитой ажил хийж чадахгүй “үүрэглэсээр” л явна. Тэднийг нойрноосоо бүрэн сэрэлгүй үүрэглэсээр явтал хэдэн хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирсоор байх бол. Ёстой л оньсого хэвээр л үлдэж байна.
.
“Хүүхдэд өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй. Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтад хүрч аз жаргалтай амьдардаг аж. “Мөн чанарыг өөрчилж болохгүй, харин зан араншингийн янз бүрийн онцлогийг сайн тийш нь залж чиглүүлж болно. Үүнд л сурган хүмүүжүүлэх ухааны аугаа их нууц, аугаа их зорилт оршдог юм” гэж Жорж Санд хэлжээ. Хүүхэд бүрийн харц аз жаргалаар дүүрэн байх болтугай.
.
П.Наран