Улаанбаатар хотын 374 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Жил бүрийн энэ өдрийг угтаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах тодорхой хэмжээний ажил хийгддэг. Энэ жил ч хотын өнгө үзэмжийг сайжруулж, гудамж талбайн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хариуцан ажиллаж буй. Тэдэнд “хот тохижилтын ажлаа сайтар зохион байгуулаарай” гэсэн лүндэнг Үүл баатар буулгажээ. Хотын удирдлагын үүрэг даалгавар, холбогдох байгууллагуудын төлөвлөсөн ажлын хүрээнд Чингисийн талбайн гэрэлтүүлгийг сольж байна. Хотын төв талбай гэрэлтүүлэг чимэглэл сайтай байх нь зүйн хэрэг. Гэтэл тэр сайн сайхны цаана яригдаж байгаа мөнгө арай л биш ээ, гурван тэрбум гэнэ. Нийслэлийн 370 жилийн ойгоор Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сольж, хотын төсвөөс 80 сая төгрөг гаргаж байсан. Дөрвөн жилийн өмнө 80 сая төгрөгөөр шинэчлэгдэж байсан төв талбайн гэрэлтүүлгийн төсөв өнөөдөр 3 тэрбум болж 37.5 дахин нэмэгдсэнийг хэн хүнгүй л гайхаж байна. Ямар ид шидтэй зүйл болоод тэрбумаар үнэлэгдэж буйг сонирхвол эрчим хүчний хэмнэлттэй, урт удаан хугацаанд ашиглах орчин үеийн шийдэл юм байх. Гүйцэтгэгч болох “Синтино лайтинг” компани таван жилийн хугацаанд асуудалгүй гэсэн баталгааг ч өгч байгаа гэнэ. Юун төлөө гурван тэрбумын өртөгтэй ажил билээ, эдэлгээ даахгүй бол идсэн уусан гэж хардахаас ч яах билээ.
.
Хотод гэрэлтүүлэг тавьж, засч янзалсан он жилүүдэд хамгийн их хөрөнгө зарцуулах эрх авсан “Синтино лайтинг” компанийг хэрхэн сонгон шалгаруулсныг сонирхож үзлээ. Хотын бүтээн байгуулалтыг хэнээр хийлгэх, хийлгэхгүйг шийддэг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай холбогдож тодруулах гэсэн ч “бүх зүйл дүрэм журмын дагуу явагдсан” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Худалдан авах ажиллагааны газраас ажил гүйцэтгэх эрх авсан “Синтино лайтинг” компани нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулж, өнгөрсөн хавраас ажлаа гүйцэтгэж буй аж. Харин яагаад зөвхөн гэрэлтүүлэгт 3 тэрбум төгрөгийг зарцуулж буйг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захилагчийн хэлтсийн дарга Б.Лхагважаваас тодруулахад “Хотын захиргааны байр, Төрийн ордон, СТӨ, Дуурийн теарт зэрэг хэд хэдэн байршилд өнгө өнгөөр асдаг гоёлын гэрэлтүүлэг тавьсан. Зөвхөн Чингисийн талбайн гэрэлтүүлэгт 3 тэрбумыг зарцуулж байгаа гэж ойлгож болохгүй” гэсэн хариултыг өгөв. Хотын захиргаа, Хангарьд ордны дисконы гэрэл ч энэ өртөгт багтаж байгаа гэсэн үг байх нь. Ер нь хотын захиргааны эргэн тойрон л өнгө өнгөөр гялалзаж байвал хэдэн тэрбумыг зарлагадах нь хамаагүй бололтой. Яаж ч бодсон энэ хавийн гэрэлтүүлгийг солиход ийм хэмжээний мөнгө зарлагадмааргүй л санагдах юм. Гурван тэрбум төгрөгийн халхавч болж буй гоёлын, орчин үеийн гэсэн үгс хэр ид шид, эдэлгээтэй байхыг цаг хугацаа харуулна.
.
Төсвийн орлого 1.5 их наядаар тасарч, Засгийн газрын тэргүүн хаа хаанаа бүсээ чангалах тухай ярьж байхад хотын дарга баруун солгойгүй цацаж байна. Уг нь нэг багийн нөхөд юмсан. Гэрэлтүүлгээс чухал ажил зөндөө бий. Бидний улиг болтол ярьдаг ч шийдэж чаддаггүй сургууль, цэцэрлэг гэх мэтээр. Үгүй ядахдаа байнгын хөл хөдөлгөөнтэй, гэрэл гэгээтэй байдаг төв талбайгаа тойруулж 3 тэрбумыг зарлагадаж байхаар хэдэн нүх шиг харанхуй гэр хорооллын гудамжнуудыг гэрэлтэй болгохсон доо. Ер нь гэрэлтүүлэгт гурван тэрбумыг зарлагадаж, гэрэлтэй Улаанбаатар гэж ярьж байх хооронд хөрөнгө мөнгөгүйгээс зогсчихсон нэн тэргүүний асуудлууд мундахгүй олон байгаа. Улсын төсөв хөрөнгөө юунд зарлагадаж, юунаас танахаа мань мэтээр заалгамгүй хүмүүс төрийн эрхэнд суудаг гэж ойлгодог юм ш дээ, уг нь.
.
В.Хэрлэн