Хууль сахиулах албаныхан бужигнах гэж байна. Аймаар, баахан цагдаа халагдана гэнэ гэх яриа чих дэлсэв. Одоо байгаа хэрэг зөрчлийг хянаж чадахгүй байж хүнээ цөөлнө гэж юу ярив энэ Х.Тэмүүжин сайд.
.
Шинэчлэл өөрчлөлт. Энэ ухагдахуун цаад талдаа хэн нэгнийг, үгүй бол ямар нэг зүйлийг зайлуулна, арилгана, устгана гэсэн санааг агуулж байгаа. Аливааг сайжруулах илүү үр дүнтэй болгох, үгүй дээ л харагдах байдлыг нь дээрдүүлэхээр хийдэг шинэчлэл Хууль зүйн салбарт хоёрдох давалгаагаа эхлүүлсэн талаар өнгөрсөн хавар Хуулийн засаглал ба шударга ёс чуулганаар зарлагдсан. Энэ нь бусад салбарт хийдэг шинэчлэлээс нэлээн онцлогтой байх нь тодорхой. Нийгмийн харилцааны суурь болсон хууль эрх зүйн харилцааны түвшинд хийгдэх шинэчлэл нь эцсийн дүндээ хүний эрхийг хамгаалах бас хязгаарлах үйлчлэлийг үзүүлж бидний амьдралд шууд үйлчлэх юм.
.
Ардчиллаас хойш бараг салхи орох сиймхийгүй битүү хатуу явж ирсэн цагдаагийн байгууллагад шинэчлэл эхэлж байна. Энэ нь гэмт хэрэг зөрчлийг шалгаж ажилладаг субьект дээр явагдаж байгаа тул өөртөө олон шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулж байгаа бололтой. Шуудхан хэлэхэд, албан тушаал, ширээ сандал, эрх мэдлийн хүрээн дэх хязгаарлалт, бүтэц бүрэлдэхүүн харьяаллын өөрчлөлт гээд цагдааг орвонгоор нь эргүүлсэн шинэчлэл яригдаж байгаа болохоороо асуудал ийнхүү анхаарлын төвд хурдтай орж ирж байгаа хэрэг.
.
Энгийн наад талын асуудлуудыг нь авч үзье. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 6 дүүргийн цагдаагийн хэлтсийг 12 болгон өөрчилж, цаашдаа 100 мянган хүн амд нэг цагдаагийн хэлтэс байхаар болгоно гэж байгаа.
6
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь иргэддээ хүрч чадахгүй байгаа талаар байнга л шүүмжлэл сонсогддог. Энэ нь цагдаагийн мөрдөстөнгүүд муу ажиллаад байгаадаа ч биш энэ талд гаргах төсөв мөнгө нь бага, хүн хүч нь цөөхөн байгаад асуудал байгаа гэж салбарын сайд нь онцолсон байна лээ. Цагдаагийн удирдлага, захиргаа нь нүсэр, маш олон тооны “конторын” гэж болох бичиг цаас шидэгч албан тушаалтнууд, дарга нартай данхайсан толгойтой шувуу шиг хөлтэй болсон байгаа гэнэ. Үүнийг дагасан үрэлгэн зардал ямар их гарч байгааг эдийн засаг мэддэг улс багцаалаад дор нь гаргачих байх. Яг л нөгөө төрийн өмчит компаниудтай адил үрэлгэн төсөв зардал ихтэй. Мөнгө нь танагдаад байгаа гэж зовлон учирлан бороохойгүй цагдааг заазуур барьсан согтуугийн өдөөс явуулах бол дарга нар нь гадаадад туршлага судлана гээд арав хориороо хилийн чанадад зочилж явах юм уу, гав, тусгай хэрэгсэл хамгийн түрүүнд базаах байтал оффисийн тохижилт, бичгийн цаас авах зэрэг захиргааны үйл ажиллагааны зардалд их хэмжээгээр мөнгө нь урсч байвал буруу л болж таарна.
6
Мөн “Би цагдаа гэдэг” дуучин, бөх зэрэг давхар “ажил” эрхэлдэг орон тоонд цаасан дээр байдаг боловч албан дээрээ харагддаггүй, эргүүлд гарч хэрэг зөрчил дээр огт очиж үзээгүй “үл үзэгдэгч” бас ихтэй гэнэ. Албан ёсоор бол цагдаад 300-гаад сайхан дуучин, хүчит бөх данстай. Эднийгээ эгнээнээсээ явуулж зай гаргаж, хэмнэлт хийхээр болсон байна. Авьяастан болоод хүчтэнүүдээ ад үзсэндээ бус адилхан аавын хүү, жирийн цагдаа дуучин цагдаагийн оронд хоёр хүний ажил хийж, эргүүлд гарч, гурван согтуу дээр ганцаараа очдог учир ажилд чирэгдэлтэй. Мөн алба ажлаа хийдэггүй хэрнээ цалин аваад байдаг болохоор төсөв мөнгөнд нь гарлагатай явж ирж. Эдгээр дуучин, бөхчүүд нь карьер их сайтай бололтой юм. Хоёр гурван удаа орон байр авчихсан хүн ч байгаа дуулдана. Цол мяндагийн тухайд бол явж өгсөн, эргүүлд гарч үзээгүй ч хурандаа болчихсон баатар ч байгаа гэнэ.
6
Энд яригдаж байгаа өөрчлөлт шинэчлэлийн гол зорилго нь дуучин бөх зэрэг орон тоо бөглөгч нартай учраа ололцох биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Данхар бүтэц, үрэлгэн төсөв, чиг үүргийн давхцал гээд энэ субьектийн ажил үйлчилгээний доголдолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг харж, халахад л эцсийн санаа зорилго нь байгаа болов уу.
6
Хүний эрхийн тун тааруухан стандарттай манайх шиг улс оронд цагдаагаараа оролдоно гэдэг хэн хүний барьж аваад хийдэг шинэчлэл биш. Энэ ажил нь өөнтөглөх, үгүйсгэх салхи шуурга ихтэй өгсүүр замаар явж хийгдэнэ гэдэг нь харагдаж байна. Дөнгөж эхэлж байгаа гэх хууль зүйн салбарын шинэчлэл дөнгөж эхлээд л эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байна.
6
Эрх зүйт нийгэмд шударга хуулиар засаглуулж аюулгүй амьдралын баталгаанд байхын тулд энэ шинэчлэлийг эхлүүлсэн Х.Тэмүүжин сайдыг дэмжих ёстой болов уу. Сайдын хувьд хэтрээд, хадуураад, буруудаад явуулчихгүйн тулд олны хэлэх шүүмжлэл, эргэцүүлэх санаа бодол, үг саналыг бөөгнүүлэн давхар үүрэх хэрэгтэй тул ачаа чинь өдөр өдрөөр улам л хүндрэх л байх.
6
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Цагдаагийн хууль, Тахарын хууль зэрэг шинэчлэлд дөтөлсөн хуулиуд батлагдсан. Одоо хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль хэлэлцэгдэнэ. Эрүүгийн гэх эвгүй нэртэй хуулийг ч Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчлөх төсөл бэлэн болсон байгаа гэсэн. Энэ хууль батлагдвал зөрчил гаргасных нь төлөө гэмт хэрэг хийсэнтэй адил тусч хүний эрх чөлөө, амьдралыг нь тасчдаг олон хатуу чанга заалтууд эрүүгүйжүүлэлтэд орж, хуулийн шинэчлэл, шударга ёсны зүгт нэг том алхам хийгдэнэ. Ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон хуулийн засаглалтай, Үндсэн хуулинд заасан хүний эрхийн баталгааг хангасан, шударга ёс тогтсон нийгэмд, итгэлтэй амьдрах хүлээлт бидэнд байна.
6
П.Баярхүү /тоймч/