Төө хол хаягдсан Төрийн бахархал
2013-10-17

 

Нэг жилд 160-200 шонхор өндөр хүчдэлд цохиулж энддэг

6

Дэлхийд данслагдсан ховор амьтад тэр дундаа шонхор шувуугаараа Монгол Улс гадныханд тоогддог. Өдөр тутмын хэрэгцээнээс эхлээд шаардлагатай бүхнээ импортолдог  манай улсын экспортолдог цөөн зүйлсийн нэг нь шонхор. Алт зэс, нүүрснээс дутахааргүй үнэлэгддэг энэ шувууг анх 1994 оноос гадагш гаргаж эхэлсэн бөгөөд 2012 он хүртэл нийтдээ 2816 идлэг шонхорыг экспортолжээ. Нэг нь 11000 орчим ам.доллароор үнэлэгддэг идлэг шонхор улсын төсөвт багагүй хэмжээний хөрөнгө төвлөрүүлсэн байна. Шонхорын тоо толгой, газар нутгийн таатай байдлаараа дэлхийд нэгд бичигддэг Монгол Улс энэ ховор эрдэнээ яаж тоолж судалдаг, хэрхэн хамгаалдаг нь сонирхол татах асуулт. Энэ оны байдлаар манай улсад хичнээн шонхор шувуу байгааг мэдэх хүн алга. Учир нь дөрвөн жилд нэг удаа тооллого хийдэг гэнэ. Хамгийн сүүлд 2010 онд тооллого хийхэд 6800 хос идлэг шонхор зусч, үүрээ засдаг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд шонхорын тоо толгой өссөн эсвэл буурсныг мэдэхгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэдэж байгаа зүйл нь 1990-ээд онд хийсэн тооллогын дүнг  2010 оныхтой харьцуулахад шонхорын тоо толгой 59 хувиар буурчээ. Арабын Шейхууд алтаа хайрлахгүй тив алгасан худалдаж авдаг ховор эрдэнэ байхад эх нутаг, эзэд нь болсон бидэнд тэд байгаа гээд хэлчих тоо ч алга. Ядаж нэг тоотой болохсон. Хайрлаж хамгаалах ч бүр алс тивийн асуудал бололтой. Нэг жилд 150-300 тоо толгойгоор нь гадагш худалдаж, улсын төсөвтөө ашиг олдог хэрнээ дөрвөн жилд нэг удаа тоолдог нь хэтэрхий хайнга хандсан хэрэг бус уу.

7

Халхавчтай хориг

Энэ оноос эхлэн манайх шонхорыг экспортлохыг хоригложээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэ шийдвэрийг Засгийн газраас гарсан. Гэхдээ ашиг олох зорилгоор л худалдахгүй. Харин судалгаа шинжилгээ, соёлын чиглэлээр гэсэн бичиг баримттай нэгэнд энэ шийдвэр нөлөөлөхгүй.  Энэ оны нэгдүгээр сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар ийм шийдвэр гарсны дараа буюу наймдугаар сард Гадаад харилцааны сайдын хүсэлтээр Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар улс руу 20 шонхорыг шинжлэх ухааны зорилгоор экспортлох шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Энэ дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Кувейтын эрхэмсэг Эмирт судалгааны зорилгоор 10 шонхор барих зөвшөөрлийг олгожээ. Төрийн зөвшөөрөлтэй нь энэ юм байж. Мэдээж зуу зуугаар нь гаргадгийг хориглосон нь зөв шийдвэр. Харин соёл урлаг, судалгаа шинжилгээ гэсэн гоё нэрээр халхавч хийгчид олшрох вий. Бас хулгайн ан, хууль бус үйлдлийг ч мартах ёсгүй. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын энэ шийдвэр шонхортой хамааралтай ажилладаг бүхнээс ихээхэн анхаарал, сонор сэрэмж, хичээл зүтгэл шаардах нь дээ.

7

Үгүйсгэхгүй үр дүн

Гадагш гаргасан шонхор улсдаа мөнгө үлдээж байхад бид шонхорынхоо төлөө юу хийв? Яг одоогоор бусдын хөрөнгөөр хэдэн үүр барьснаас өөр шонхорын төлөө хийсэн зүйл алга. Манай шонхоруудын төлөө сүнсээ худалдах шахдаг арабуудын тусламжаар 5000 хиймэл үүр барьжээ. Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Сайншандын 200 суманд байгуулсан 5000 хиймэл үүр нь үр дүнгээ өгч буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ё.Онон хэлж байв. Тэрбээр шонхорын тоо толгой буурах хандлагатай байгаа ч хиймэл үүрийн тооцооноос харвал нэмэгдэж буйг нэмж дуулгав. Хиймэл үүрэнд 2011 онд 200 үржлийн хос өндөглөж, 600 ангаахай байгальд тавигдсан бол 2012 онд 320 үржлийн хосоос 1298 ангаахай, 2013 онд 500 гаруй хосын 2000 үр төл бие гүйцэж үүрнээсээ нисчээ. Эндээс хиймэл үүрэнд өндөглөх шонхорын тоо толгой жилээс жилд нэмэгдэж буйг харж болно. Бас байнгын хараа хяналттай учраас илүү бодиттой тоо баримт гардгийг ч албаны хүн ярьж байсан юм.    7

Хүний гараар бүтсэн аюул

Нийслэлийн аль нэг дүүрэгт хашаагаараа дүүрэн хөргөгчтэй айл байна гэнэ. Мах бэлтгэж зардаг айл уу гэвэл, үгүй. Хашаагаар нь дүүрэн байгаа хөргөгчинд шонхор шувуу хадгалагдаж буй сураг дуулдав. Ойролцоогоор 300 шонхор хөргөгчинд хадгалагдаж байгаа гэнэ. Гэхдээ тэднийг хэн нэгэн алсан бус үхсэн шонхоруудыг цуглуулж авчраад хадгалчихсан хэрэг. Хэдэн зуугаараа үхсэн гэхээр ямар нэг өвчин тахал гэж бодогдох ч, азаар тийм зүйл болоогүй. Харин хүний гараар бүтээгдсэн бүтээн байгуулалт байгаль экологид асар их хор хохирол учруулж байна. Бүр тодруулбал, орон нутгийн иргэдийг гэрэл цахилгаанаар хангах гэж тавьсан өндөр хүчдэлийн шугам сүлжээ шувуудыг зүй бусаар үхэхэд хүргэж байгаа юм. Хөдөө, орон нутгийн иргэдээ цахилгаанаар хангаж байгаа ажлыг үгүйсгэхгүй. Гэсэн ч хүнд зориулагдаж, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалт байгальд, амьтдад сөрөг нөлөөгүй байх ёстой.

15КВ-ын хамгаалалттай шонд цохиулсан идлэг шонхор, шилийн сар

7

МУИС-ийн багш, Шувуу судлаачдын нийгэмлэгийн судлаачид хамтран “Өндөр хүчдлийн дагуух махчин шувуудад тохиромжтой боломжит хувилбарыг тогтоох суурь судалгаа”-г хийжээ. Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Увс, Ховд аймгийн зарим нутагт байрлах өндөр хүчдлийн дамжуулах сүлжээний 110 КВ, 220 КВ, хуваарилах сүлжээний 6 КВ, 10 КВ, 15 КВ, 35 КВ -ын шугамыг хамруулан 2007-2009, 2012 онд уг судалгааг хийсэн байна. Судалгааны тайланд тусгагдсан нэгэн тайлбар анхаарал татаж, энэ талаар албаны хүмүүсээс тодруулах шалтгаан болсон юм. Уг тайланд өндөр хүчдэлд цохиулж эндсэн шувуудынх ихэнх нь 6 КВ, 10 КВ, 15 КВ шугамд хамаарч  байсан учраас судалгааны ажлаа 10 КВ ба 15 КВ -ын шугамд төвлөрүүлснээ тэмдэглэжээ. Өнгөрсөн оны байдлаар 41 зүйлд хамаарах 945 үхсэн шувуу олсны 90.6 хувь нь хүчдэлд цохиулж энджээ. Тэгэхээр нэг жилийн хугацаанд Монгол орны нийт шувуудын 8.6 хувь нь хүний гараар бүтсэн зүйлийн сөрөг нөлөөгөөр үхсэн гэсэн үг. Тэр дунд үнэ цэнээрээ ялгардаг идлэг шонхор 160 эндсэнээс 146 нь хүчдэлд цохиулсан бол 14 нь утас мөргөсөн байжээ. Хон хэрээ хүчдэлд цохиулж үхсэн тохиолдол хамгийн их бол түүний дараа идлэг шонхор орж. Хамгийн харамсалтай нь өндөр хүчдлээс болж эндэх шувуудын тоо толгой жилээс жилд нэмэгдэж байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Зөвхөн  6 КВ, 10 КВ -ын шугамыг мөргөж, хүчдэлд цохиулж  нэг жилд хамгийн багадаа 3370 шувуу энддэг аж.  Хон хэрээ, тас энэ тэрийг үл тоомсорлодог юм гэхэд бусдад долигнохдоо бэлэглэдэг, мөнгө олох гэж худалддаг идлэг шонхор эндсэн шувуудын багагүй хувийг эзэлж байгааг бодоход илүүдэхгүй.

6

Монголын экологид заналхийлсэн Хятадын хямдрал

Өндөр хүчдэлийн шугам сүлжээ дотроос 15 КВ -ын шугам шувуудад хамгийн ихээр аюул учруулдгийг шувуу судлаачид ч, зураг төслийн байгууллага, холбогдох яамны мэргэжилтэн ч хүлээн зөвшөөрөв. Шувуудад аюул дагуулаад байгаа 15 КВ -ын өндөр хүчдэлийн шугамыг 2004 оноос тавьж эхэлсэн бөгөөд 12 аймгийн нутагт нийт 2614 км шугамыг ашигладаг аж. Барилгын хөгжлийн төвийн зураг төсөл хариуцсан мэргэжилтэн н.Наранцэцэгийн хэлж буйгаар 15 КВ -ын шугам тавьж эхэлснээс хойш шувууд хүчдэлд цохиулж үхэх нь нэмэгджээ. Түүний хэлснээр 15 КВ -ын шугамыг Хятадаас оруулж ирдэг бөгөөд гадны техник технологийг Монголын хөрсөнд хэрхэн буухыг нь судалж шинжилж оруулж ирэх нь зүйтэй гэдгийг ч дамжуулсан. Барилгын хөгжлийн төв зураг төсөл боловсруулчихсан байгаа ч ажил хэрэг болгох талаар хэн ч дуугараагүй байгаа аж.

15 КВ-ын хамгаалалттай шугамууд. Шувуу суух хэсгийг хоёр хувааснаас хүчдэлтэй хэсэгт шувуудын далавч хүрч эндэх тохиолдол гарсаар байна.

7

Зураг төслийн мэргэжилтний ярианаас манайхан Хятадын хямд бүтээгдэхүүнээр туршилт хийж, тэр  нь шувуудад сөрөг нөлөөлөл үзүүлэв үү гэсэн хардлага төрөв. Тиймээс уг асуудлаар Эрчим хүчний яамны Цахилгаан техникийн нөхцөл хариуцсан мэргэжилтэн Л.Долгорсүрэнтэй холбогдоход 15 КВ -ын шугам хямд өртөгтэйг үгүйсгэсэнгүй. Түүний тайлбарласнаар 10 КВ -ын шугам нь хэрэглэгчдэд очих чадал бага байдаг учраас 15 КВ -ыг тавьж эхэлсэн аж. Үүнээс гадна 15 КВ -ын үнэ өртөг 10 КВ -ынхтай ялгаагүй гэнэ. “Нэг км шугамыг 15 орчим сая,  дэд станцыг нь 10 орчим сая төгрөгөөр тавьдаг. Дээр нь 35 КВ -тай адил чадал дамжуулдаг. Харин шувуу үргээгч энэ тэрд алдаа гарсан бололтой. Шинэ технологийг эсэргүүцэж, буруу ташаагаар ойлгох тохиолдол байдаг ш дээ. Тэгээд ч шувууд тэгтлээ ихээр үхэж, байгальд хор хохирол учруулсан зүйл байхгүй” гэсэн хол хөндий хариултыг өгөв.

7

12 аймгийн нутагт нийт 2614 км  үргэлжлэх 15 КВ -ын шугамын 2502 км-т нь шувуу судлаач С.Гомбобаатар ахлагчтай судалгааны багийнхан гурван удаагийн тооллого хийхэд нийтдээ 34 зүйлийн 883 эндсэн шувууг илрүүлсэн байна. Энэ нь нийт хорогдлын 93.4 хувь болжээ. Өөрөөр хэлбэл, өндөр хүчдэлд цохиулж, утас мөргөж үхсэн шувуудын 93.4 хувь нь 15 КВ -ын шугамд хамааралтай гэсэн үг. Зөвхөн өндөр хүчдэлд цохиулж 29 зүйлийн 806 шувуу энджээ. Эндээс хямд өртгөөр авсан өндөр чадалтны сөрөг нөлөө шууд харагдана. Манайх ядуу учраас хямд үнэтэйг нь сонгож, боломжоо л ашигласан гэж бодъё. Гэхдээ юунд мөнгө хаяж, юунаас харамлахаа бодох хэрэгтэй.

6

Мөнгөөр хэмжье

Нэгэнт мөнгө хөрөнгө ярьсных өндөр хүчдлээс шалтгаалж үхсэн шувуудын үнэлгээг тооцсоныг сонирхуулъя. Бүгдийн өмнө мөнгө яригддаг болсон цаг учраас үхсэн шувуудын үнэлгээ нэгийг бодогдуулж магадгүй. Засгийн газрын баталсан шувуудын экологи-эдийн засгийн үнэлгээгээр бол нэг жилд 225 сая төгрөгийн үнэтэй шувууд утас мөргөж, 2.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэх жигүүртэн хүчдэлд цохиулж үхсэн байх юм. Нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй шувууд хүний гараар бүтсэн байгууламжийн сөрөг нөлөөгөөр устжээ. Харин судалгаа хийгдсэн 2007-2009, 2012 онд өндөр хүчдэлийн шонгийн бүтцийн тохиромжгүй байдал болон хамгаалах тоног, хэрэгсэл байхгүйн улмаас байгалийн баялагт хамгийн багадаа 3.6 тэрбум төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учирчээ. Экспортыг хориглохын нэмэр байна уу?!

6

Халаглал оройтох вий

Шувууг гадагш экспортлохыг хориглож, хууль бусаар агнаж байгаа нэгэнд хариуцлага тооцоод хамгаалж байгаа гэж яривал эндүүрэл болохыг дээрх баримтаас харж болно. Аль хэдийнэ устаж болзошгүй ангилалд орсон идлэг шонхороос эхлээд экологийн тэнцвэрийг хадгалах бүхий л жигүүртэнд хүн бид “дайн” зарлачихаж. Өндөр хүчдэлийн шон шувуудын үүрлэх, нүүдлийн үедээ сууж амрах, идэш тэжээлээ алсаас ажиглан өндрөөс ангуучлах зэргээр амьдралын хэв маягийнх нь салшгүй хэсэг. Хүн ухаантай, техник технологи хөгжсөн байлаа ч шувууд шон дээр суух л болно. Тэгэхээр шувууг шонгоос хөөнө гэж бодохын ч хэрэггүй. Харин ямар хамгаалалт хийвэл шувуудаа, шонхороо үхүүлэхгүй байх вэ гэдгийг л бодох шаардлагатай. Гэтэл манайхны хийсэн зарим зүйлс хамгаалалт бус шувуудыг үхэлд хүргэх хэрэгсэл болчихоод байгааг газар дээр нь ажилласан судлаачид баталж байгаа юм. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан суманд байрлах цахилгааны шонгийн утсыг тусгаарлагч туузаар ороосон ч тэнд 6 зүйлийн 57 шувуу үхжээ. Гэтэл туузаар ороогоогүй шонд 6 зүйлийн 19 шувуу эндсэн нь хамгаалалттай шонгоос 3,2 дахин бага үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, хамгаалалт болгож хийсэн тууз нь нар салхинд элэгдэж салбайснаас шувуудыг үргээж эндэх эрсдлийг улам нэмэгдүүлдэг байна. Энэ мэтээр хамгаалалт болох бус харин ч үхэлд хүргэх хэрэгсэл болж буй мөнгө үрж, нүд хуурсан зүйлсийг больж,  дорвитойхон зүйл хийчихвэл байгальдаа оруулж буй хувь нэмэр юмсан. Шонхорыг үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжилж, экспортыг хориглон, хууль бус үйлдэлтэй тэмцэнэ хэмээн төрийн зүтгэлтнүүд ярьж сууна. Хэлэх үг, хийх ажил зөрсөөр нэг л өдөр халаглаад ч нэмэргүй болсон байх вий. Өндөр хүчдэл тавьж, ард түмнээ цахилгаанаар хангаж буйг буруутгаагүй гэдгээ дахин хэлье. Зөвхөн хэрэгтэй, шаардлагатай шийдлүүдийг хийж, шувуудыг зүй бусаар хорогдохыг зогсоох шаардлагатай байна. Гадаад, дотоодын туршлага, санал санаачилга мундахгүй их ч бахархал, эрхэмлэл хэмээн дээдэлдэг жишүүртнийхээ төлөө сарвайх хүн алга. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам гэхчлэнгээр асуудлыг шийдэх эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр дутахгүй аппаратуудад энэ бүхэн хамааралтай. Ядаж мөнгө босгодог шонхороо бодъё, халаглал оройтсон байх вий.

:

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Baharhalaa bayjuulii !!! Imerhu sedvuudig sain hunduurei amjilt
2013-10-17
Зочин:
Сайтуудаас ийм чансаатай даацтай мэдээлэл ховорхон унших юм даа, амжилт сэтгүүлч ээ
2013-10-17
Зочин:
Үнэхээр үндэслэлтэй, тоо баримт дурдсан сайхан нийтлэл болсон байна. Хиймэл үүр тавиад амжилттай болоод өсгөж болоод байна, одоо хорогдлыг нь багасгах хэрэгтэй, энэ жилээс шонхороо зараад, олсон мөнгөөр нь тэр 15кб өндөр хүчдэлүүдийг өөрчлөх, аюулгүй болгох хэрэгтэй, ингээд л болоо шүү дээ, шувуугаа зарж олсон мөнгөөр нь өөрсдийг нь хамгаалаад л болоо, үүнийг чини л байгаль хамгаалал гэдэг биздээ..
2013-10-17
н,ганхуяг:
арга билэгээ хослуулж олон улсын туршлагаас суралцая төр нь түвшин түмэн олон амгалан хамаг амьтан жаргалтай байг төрийн минь сүлд ивээх болтгай
2013-10-17
н,ганхуяг:
арга билэгээ хослуулж олон улсын туршлагаас суралцая төр нь түвшин түмэн олон амгалан хамаг амьтан жаргалтай байг төрийн минь сүлд ивээх болтгай
2013-10-17
Zochin :
Oyun said ta Hamgaalsan nereer Arabuudad sudalgaani zoriulalt gej Shonhoroo zarahaa zogsoo. Er n tanai yamnii ajiltnuud chin bugd Huvidaa company baiguulaad BO-ni Sangiinhaa munguur togloj bga shu . Tusul nereer mungu avaad uuruu heregjuuled turiin ajlaa hiih zavgui uls yavna tsaana chin ... Ashig sonirhliin zurchiltei Alban haagchdaar tanai yam duursniig ta medeegui gej l buu heleerei dee
2013-10-17
zozo:
yaandaa yaana
2013-10-17
baharhal:
hamgaalj chadahgui baij baharhalaar hii hooson zarlaad yah ch bilee dee. yadaj harid gargaj zovoodogoo bolih yumsaan
2013-10-17
Huuliin:
Mongoliin zerleg baiglaa gadagsh n munguur zardag uhmel doroi tolgoitoi darga nar MAN-AN-MAXN-ii tolgoinuud zaluu uyiinhnii shivshig bas deer n ichihgui turiin udirdlaguud, UIH-iin gishuud an hiij zerleg baiglaa ustgaj zugaatsdag n jinhene feodaliin yosoo sergeesen hadgalsan hamgiin burangui zavaan yos. Evropt neg darga n an hiij amitan alval margaash n ter doroo ogtsorno ayguid bol huuliin zargad ch urtunu mulguu doroi darga nar suraltsah heregtei.
2013-10-17
Ц.Элбэгдорж:
асуудал хөндсөн маш ноцтой сайн материал байна. сэтгүүлчид ийм л юм бичих ёстой юм даа
2013-10-17