Толгойтой бүхэн их дээд сургууль төгсөх “өвчин” тархсан энэ цагт дипломтой гологдолууд хот хөдөөгүй бий. Их дээд сургуулийн тоо ч зах замбараагаа алдаж, төгсөгчид ч хөл толгойгоо олохоо больсон. БШУЯ-ны сайтад байрлуулсан мэдээнээс харвал 2011-2012 онд улсын хэмжээнд 37.749 төгсөгч их дээд сургууль дүүргэжээ. Тэднээс 15 мянга гаруй нь ажлын байртай болсон гэх статистик байна. Тоон үзүүлэлт багагүй хувийг зааж байгаа ч бодит байдалд огт өөр дүр зураг харагдаж байгаа нь нуух зүйл биш. Харин ажлын байртай болсон төгсөгчдийн тоог сургууль сургуулиар нь харвал нүд баярлуулахгүй.
5
ШУТИС төгсөгчдийн 66 хувь, МУБИС-ийн 40 хувь, МУИС-ийн 31 хувь, ЭМШУИС-ийн 24 хувь, ХААИС-ийн 20 хувь, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 35 хувь, Отгонтэнгэр их сургуулийн 24 хувь, Улаанбаатар дээд сургуулийн 24 хувь, Их засаг их сургуулийн 19 хувь, СЭЗДС-ийн 13 хувь ажлын байртай болдог гэсэн судалгааг Үндэсний телевизээр дамжуулав. ШУТИС-ийг эс тооцвол хувь хувьсгалын гэлтгүй төгсөгчдийн ажлын байртай болсон үзүүлэлт 50 хувьд шүргэх ч үгүй байна. Үүнийг олон зүйлтэй холбон тайлбарлаж болох ч дээд боловсролтой мэргэжилтнүүдийн илүүдэлд орсны анхдагч шалтгаан гэж харж болно. Тэгэхээр их дээд сургууль төгссөн дипломын төлөө бус ирээдүйд хоолоо олж идэх мэргэжлийн төлөө сурвал амьдралд илүү нэмэртэй. Тиймээс МСҮТ-ийг дэмжиж дэмнэх нь зөв зүйтэй санагдав. Наад зах нь их дээд сургуулийн оюутнуудад бус МСҮТ-д суралцагчдад хэл ам татлаад байгаа 70 мянган төгрөгийг өгье. Ингэхдээ ямар нэг ялгаваргүйгээр бүгдэд нь өгөх хэрэгтэй. Харин их дээд сургуульд суралцагчдад өндөр шалгуур тавьж, 70 мянгын төлөө суралцдаг гажиг сэтгэхүйг халах нь зүйтэй. Сурлага, сахилга бат гэхчлэнгээр байж болох бүхий л шалгуурыг тавих нь эзнээ олсон дэмжлэг болох болов уу. Хамгийн чухал нь дипломтой бус мэргэжилтэй боловсон хүчний тоо нэмэгдэх нь улсад маань л хэрэгтэй.
6
Их дээд сургууль төгсөгчдийн ажлын байртай болж буй үзүүлэлт 50 хувьд хүрэхгүй байхад МСҮТ-ийнх 70-аас дээш хувийг зааж байгаа нь алийг чухалчлахыг харуулж байгаа юм. Барилгын политехник коллежид нэг жилд 800 хүүхэд элсэн ордгоос 500 нь төгсдөг байна. Арван мэргэжлээр 2.5 жилийн хугацаатайгаар суралцсан мэргэжилтнүүдийн 91.7 хувь нь ажлын байртай болсныг Сургалтын албаны дарга Н.Энхжаргал дуулгав. Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед төгсөгчид нь лааз өшиглөхийн зовлонг мэдрэхгүй. Харин Төв аймаг дахь Заамарын МСҮТ гэхэд ихэвчлэн захиалгаар мэргэжилтэн бэлтгэдэг гэнэ. 2013-2014 оны хичээлийн жилд 287 хүн шинээр элссэн аж. Нэг жилд төгсдөг 150-180 мэргэжилтний 70-80 хувь нь баталгаатай ажлын байртай болж, өөрийн гэсэн орлоготой болжээ. Нийт 406 оюутан суралцаж буй Заамарын МСҮТ-ийн хамгийн эрэлттэй мэргэжил нь гагнуурчин гэдгийг Сургалтын албаны дарга С.Эрдэнэ-Оюун хэлэв.
5
Харин одоо ажлын байрны заруудыг харья. “Зар мэдээ” сонинд өдөрт ажлын байрны мянган зар ирдэг гэнэ. Түүнээс 300-400 нь ажилд авна гэсэн байдаг бол ихэнх хувийг ажилд орно гэсэн зар эзэлдэг байна. Нэг сонины үзүүлэлт ч гэлээ ажилд орно гэсэн зар их байгаа нь ажилгүйчүүдийн тоо төдий чинээ олон буйг хялбархан бодож болно. Харин ажилд авна гэсэн зарын багагүй хувийг барилга, цахилгаан, сантехник, оёдолчин, жолооч, худалдагч зэргээр хүмүүсийн нэрлэдгээр дунд мэргэжил эзэлдгийн захын зарын сонингоос харах боломжтой.
5
Товчхондоо МСҮТ-үүдийн бэлтгэж буй мэргэжилтнүүд ажилгүйдэхийн зовлонг мэдрэхгүй, тэдэнд хөдөлмөрийн зах зээл нээлттэй гэсэн үг. Тэгэхээр хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй их дээд сургуулийн оронд МСҮТ-үүдийг төрийн бодлогоор дэмжиж, дипломдоо эрдсэн голж шилэгчдийг бус мэргэжилдээ эзэн болох боловсон хүчнийг бэлтгэе. Их дээд нэртэй сургуулиудад дөрөв таван жил өндөр төлбөртэй сурах нь амьдралын баталгаа биш гэдгийг ойр тойрноосоо л харчихна. Бүтээгдэхүүний чанар суралцсан жилүүдэд бус ажлын байранд танигдана. Өндөр өртөгтэй бүхэн чанартай гэж эндүүрэх хэрэггүй.
5
В.Бат
Уншиж байна |