:
“...Тамхиа сорохгүй удаан тэвчих, үгүйлэхийн хяслан зовлонг тамхи татдаг хүн л ойлгох тул огт татдаггүй хүмүүст энэ нийтлэлээ уншаад хэрэггүй гэж бичлэгийнхээ өмнө нэмж оруулаарай. Сайхан ярьж хөөрөөд нэг бол ажиллаад суух гэхээр тархинд суусан өнөө муу дуршлын үрчлээ чинь ажиллаад “тамхи тамхи” гэж мэдрэлийн ситемийг доголдтол утаа нэхэж давчдуулж эхлэнэ. Төв мэдрэлд ингэж SOS гэж байгаа юм шиг тамхи татья гэсэн дохио байнга ирээд байхаар яаж тайван сууж ярьж хөөрч ажилдаа амжилт гаргах билээ дээ...” Тамхи татдаг найзын ярианаас.
6
Тамхины эсрэг хуультай ч өнөөх хорьсон бүсэд тамхиа татсаар байгаа найзууд надад цөөнгүй байнаа. Ийм юманд бол ганцаараа илүүрхээд байх юм алга, танд ч бас тамхиа нэрэх найзууд зөндөө л байгаа. Нэг зүйлийг хорьж хязгаарласан бол зөрүүлээд тэр хаагдсан боломжоо хадгалах оролдлого гаргах нь хүний л нэг араншин юм даа. Явган хүний замыг яг хүн гарчихмаар газар нь тавихгүй тойруу хийх юм бол нэг мэдэхэд л зүлгэн дээгүүр ташуу чиглэлтэй явган жим гарч тэрүүгээр хүмүүс цувж гарна. Өнөөх тойруу хийчихсэн гарцаар хааяахан цэвэр хотын хүмүүжилтэй байрын ганц нэг нь л гарч яваа харагдана. Дугаарыг нь хязгаарлаж машиныг нь зогсоогоод эхлэхээр нь хоёр номертой болох, хуурамч таксины синфор зүүх гээд элдэв арга саам хайж, олж эхэлнэ.
6
Архи зардаггүй сар бүрийн эхний өдөр л архи уувал янзтай даа гэнэ. Бүр хайж, олж уух гэнэ. Тамхи татах зарахыг хорихоор нь юу болов. Сургууль, дэлгүүр, буудлын ойр байх дэлгүүр ТҮЦ-үүдэд байсан тамхи нээрээ алга болчих шиг болов. Янзтай, хууль ингэж хэрэгждэг бол сайхан гээд эргэх гэтэл худалдагч бүсгүй тамхи авах гээ юу гэж асуун айлгах баярлуулахыг хослуулна. Ийм тохиолдолд “Байгаа юм уу” гэж баярлан чанга дуугаар асуувал, чи усан тэнэг болно. Өнөө сайхан аальтай бүсгүй юу гэж байхав дээ гээд цаашаа харна. Харин зүгээр нүдээрээ байгаа юм уу гэж найрсгаар дохивол байгаа гэсэн хариу илгээж, харцаа лангуун доогуур чулуудна. Ингээд далд наймаа буюу хууль зөрчих хамтын комби эхэлнэ. Хэд юм 4500, ийм үнэтэй юу...гэвэл худалдагч чи боль л доо, хууль гараад хорьчихоод байхад гэх. Тамхинд толгойгоо мэдүүлсэн хүн яахав, худалдагчийн энэ эр зориг, эрсдлийн байдлыг тооцоод 3000-ын тамхийг 4500 төгрөгөөр аваад хайрын захиандаа хариу авсан хөвгүүн шиг хөл хөнгөн булан тойрно доо.
6
Ажлын хэд маань тамхиа татаж л байгаа. Зарим нэг нь гарсан. Хуулиар ажлын байранд болон бусад ямар газруудад тамхи татахыг хорьсон болохыг зааж өгсөн боловч хаана нь татаж болохыг зааж өгөөгүй юм. Надаас илүү ухаантай хүнд бол хориглосноос бусад газар гээд ойлгочиход амархан л даа. Гэтэл хориогүй газар гэхээр гэр, машин, эзгүй хээр ... өөр ер нь хаана байна. Гэхдээ л нөгөө буруу тавьсан явган гарцыг товчлоод шинээр жим гаргачихдаг шиг нэг эвтэйхэн зөв шийдэл бий болсон байна. Хэн ч хоорондоо ярилцаж зөвшилцөж, уулзахаар цаг товлоогүй ч нэг л мэдэхэд ажлын байрны урд өнцөгт хэсэг сэжигтэй нөхдүүд бөөгнөрөх болж “албан бус” тамхи татах цэгийг нээчихсэн байгаа юм. Ажлын байр гэвэл биш, гудамжинд гэхэд арай биш, автобусны буудал бол бүр биш, энд автобус хэзээ ч зогсч байгаагүй, олон нийтийн арга хэмжээ болдоггүй ийм булангийн шат байна.
6
Нэг ийм хуулинд заасан хорьсон газар гэхэд арай биш хэрнээ тамхи татахад яг тохирсон булан тохой одоо бараг байгууллага бүрт бий болоод байна. Уг нь хуулиа яс бариад тамхины хууль сахиулагч байцаагч очих юм бол бараг шууд 500 мянгын хуудас бичээд цөм хийчихмээр газрууд. Учир нь нэг ийм албан бус цэг дээр ид цайны цаг, завсарлагааны үеэр бол дор хаяж 6-10 хүн буюу нийлбэрээрээ 500 мянгын торгуулийн хуудас гардах эрхмүүд тамхиа кайфтай гэгч нь суунаглуулан зогсч байх жишээтэй. Үүнийг тухайн албан байгууллагын жижүүр мөн дээд давхраас нь цонхоор харах дарга нь ч бүгд л харж байгаа. Гэхдээ бас тамхичин хамт олноо ойлгохын эрхэнд тэдний цаад талаар нь гүйх өөр зүйлийг, хар муур мэтийг олж харан хаая хүүе гэсхийгээд өнгөрнө. Даргынх нь найз ажил дээр нь ирж яахав хөө, нэг тамхилчихмаар байдаг гэвэл “Өө тэг тэг, гадаа манайхан татдаг газар байгаа тэнд очоод татчих. Харин тэнд хогийн сав энэ тэр тавьж амжаагүй байгаа шүү” гэнэ. Тэнд тамхи татах цэгтэй зэрэгцээд тамхины хогийн цэг бас зэрэг бий болж байгааг хашир дарга анзаараад л байгаа хэрэг.
5
Гэхдээ орчин тойрны цэвэр цэмцэгэр байдлаа бодоод хогийн сав тавиад өгчих юм бол тамхины эсрэг хууль зөрчиж, тамхичдыг илт дэмжсэн хэрэг болох тул салхи ахиухан гарч хийсгээд өгөөсэй гэж хангай тэнгэрт найдах маягтай. Бас эвгүйтвэл энэ байдлыг харахгүй дэвэргэж байгаа харуулыг зэмлэхээр онилосхийгээд л яваад байгаа юм. Өрөөндөө нууцаар татахгүй байгаа нь их юм, манайхан хуулиа биелүүлж сурч байна гэсэн ууч сайхан Монгол сэтгэлээр тамхи татдаг хэдийгээ ойлгодог ийм дарга нар их бий. Өөрсдөө тамхинд орчихсон ашиг сонирхлын зөрчилтэй яваа тул маш нууц байдалд тамхиа нэрж яваа дарга нар, их хурлын гишүүн ч цөөнгүй.
6
Зах зээлийн нийгэмд амьдарч байж түүнийхээ яг эсрэг зүйлийг бид их хийнээ. Эрэлт хэрэгцээ гэж том юм байхад нийлүүлэлтийг нь тас цохиж байгаад юмыг нухчин дарах гэнэ. Дээхнэ үед яг энэ арга барилаар архийг нь тас хорьж карт хяналтад оруулсан чинь юу боллоо доо. Архины шагчид гэж баячууд бий болж арай л тэрбумтан болоогүй. Төрийн байгууллагын дунд шатны хэлтсийн дарга архи зардаг мухлагийн эзэн юм уу, худалдагчтай ажлаа солиход бэлэн байсан. Тэгж тэгж нэг юм ойлгож сул хаяадахсан чинь юм ойлгодог нь бүгд уухаа байсан. Уух гэж алалдсан нэг хэсэг байсан байх, бас хааж хориод байгаа юмыг хүртэж кайф авах гэсэн ялгарах хүсэлтэнгүүд бас их байсан. Арван насны дайсан архийг хорьсон хаасан тухай түүх ийм бол таван насны дайсан тамхийг хорьсон чинь юу болоод байгаа тухай жижигхэн зураглалыг дээр буулгалаа.
6
Үүнийг зүгээр нэг сонирхуулж бичих гэсэнгүй. Санал гаргах гэсэн юм. Энэ нь миний санал гэхээсээ тамхи хэрэглэгч бүлгийнхний санал гэж ойлгож болно.
7
Би дээр нэг бөөнөөрөө ороод суучихдаг, ууж бүжиглэчихдэг, доргичихдог нэг том бааранд орлоо. Хотод маань цэцэглэн хөгжиж байгаа олон баарны нэг адил, нэг их онцгойрох юм алга. Харин энд бидний хувьд илүүтэй татагдах нэг зүйл байсан нь энэ газар тамхи татах цэгтэй буюу тусгай кабинтай байсан явдал. Энэ нь маш том утаа сордог агааржуулагчтай байлаа. Бид хэд орж тамхиа татангаа тамхичдын тамхиа татах орчныг яаж бүрдүүлэх талаар болон хар хор ч бай мөнхийн рашаан ч бай хүссэн юмаа хэрэглэж кайф авах боломж бүх хүнд адил байх хэрэгтэй тухай нэлээн ярьсан. Тэнд миний сонссоноор бол УБ-т хэд хэдэн нийтийн үйлчилгээний газар ийм тамхи татах цэгтэй гэнэ. Үүнийг нэмэгдүүлэхэд яагаад болохгүй гэж. Гэхдээ хавгайруулаад зүгээр нэг дөрвөлжин шилэн хананууд тусгаарлаад бариад өгч бас болохгүй. Ийм төрлийн тамхи тусгаарласан өрөө ямар стандарт шаардлага хангасан байх талаар мэргэжлийн хяналтынхан, галынхан, эрүүл мэндийн хяналтынхан гээд нэг стандарт гаргах ёстой байх.
7
Одоо бүх газарт тамхи татах нь маш их “хавчлагатай” байгаа болохоор ийм кабин, зориулалтын цэгтэй паб ресторан орлого ашиг ихтэй байж таарна. Тийм болохоор илүү такстай байх ёстой. Сайн дураараа өөрийгөө хордуулах сонголт хийсэн хүмүүс илүү мөнгө, эдийн засгийн хувьд шаталттай, энэ хордолтоо үргэлжлүүлэх үү, тамхинаас татгалзах уу гэдгээ аяндаа бодож шийдэх юм. Харин энэ кабины таксны мөнгө нь тамхины эсрэг ажил хийх санд овоо мөнгө болж цуглана. Кабинаас олсон мөнгийг цуглуулаад тамхины эсрэг сурталчилгаа хийх, тамхи татах зориулалтын цэг барих болон энэ цэгийг хянаж цэвэрлэж байх ажилчдыг цалинжуулахад зориулах хэрэгтэй. Наад зах нь хэдэн зуугаар нь хийж айлуудад үнэгүй шахаад байгаа, төсвийн 3 тэрбум төгрөгөөр хийлгэсэн хэврэг хогийн уут энд “ажлаа” олж болох юм. Элдэв хог байтугай хатуухан хайрцаг хийхэд урагдчихаад байгаа “Азийн цагаан дагина” гэх энэ бядгүй уутанд тамхины хог хийхэд яг тохирно гэж манай тамхины цэг нээхийг дэмжигч нөхдүүд хэлж байгаа юм.
7
Гадаад улсад манай дарга нар бишгүй л явж байгаа тул, сайн мэдэж байгаа. Нэг буудалд буулаа гэхэд та тамхи татдаг өрөөнд орох уу, тамхи татдаггүй өрөөнд орох уу гэсэн утгатай сонголтыг санал болгоно. Тамхи татдаг гэвэл дор хаяж 50-80 доллароор үнэ нь өсөөд явчихна. Үйлчилгээний зааланд мөн адил тамхи татдаг танхим, татддаггүй танхим гэж бий. Олон улсын нисэх онгоцны буудлууд мөн адил. Бидний ойр мэдэхээр Инчеон нисэх буудалд тамхи татах кабин байдаг. Энд нь нийгмийн хог шаарууд, авах юмгүй нөхдүүд цуглаад байдаггүй. Бид үл таних ч аль нэг улсын ноён тэрбумтан, оны шилдэг бизнесмен, агуу зохион бүтээгч, загвар өмсөгч од гээд нэртэй цуутай “тамхичид” явж л байгаа харагддаг. Олон улсын нисэх буудал учир хүмүүст хүндэтгэлтэй хандаж тамхи татдаггүй болон татдаг хүмүүсийг адилхан авч үзэж ийм цэгийг нээсэн байгаа. Харин манай Чингис хаан буудал тамхины хууль гарснаар тамхи татдаг байсан олон улсын жишиг ганц өрөөгөө бүр хаасан гэсэн.
6
Үнэндээ аялал жуулчлалд ч гэсэн тамхины хориг нь сөрөг нөлөөгөө үзүүлж байгаа. Хэдийгээр жижигхэн шалтаг ч гэсэн Монголын тэр баазад, кэмпт тамхи татуулдаггүй гэсэн гээд навчин тамхиа атгаад манайхыг алгасаад явж байгаа саятнууд байж л байгаа байх. Энд жуулчны баазууд өндөр үнэтэй тамхи татдаг тусгай зориулалтын өрөө гаргахад л болох юм.
6
Нэгэнт нийтээр тамхи татахыг хориглох хууль гэж нэрлэж батлаагүй болохоор нөгөө талдаа хориглоогүй газар татаж болно гэдэг нь нээлттэй байгаа. Ийм болохоор хориглосон газар обьектод тусгай зориулалтын цэгт татаж, сайн дураараа цөөнхөөрөө татах сонголтыг нь нээлттэй орхих ёстой байх. Тамхи татах цэгүүдийг бүсчилсэн байдлаар ч юм уу, тодорхой хүрээнд нээж өгвөл далд бий болоод байгаа тамхичдын хогийн цэгүүд ядаж ил болно. Тамхины кабинтай гэдгээрээ тогтоосон нэмүү үнээс багагүй мөнгө цуглаж нийслэлд хуримтлагдаад байгаа хот тохижилт, хогийн цэгүүдийг өөд нь татах ажилд нэмэр болно. Улсын төсвөөс мөнгө гаргаж тамхи татах цэг нээж хуулийн үзэл санааныхаа эсрэг ажил хий гэх хэцүү. Харин тамхичдаас өөрсдөөс нь, тамхи татах цэгээс нь мөнгө босгож эргүүлээд тэдний гомдоллоод байгаа асуудлыг шийдэж тодорхой цэгт тамхиа татах боломжийг нь бий болгож өгөх санал юм.
6
Нийгэм орчиндоо болоод хувь хүнд хортой ч тамхи гэдэг хүний нэг хэрэглээ болсон зүйл. Хүний эрх гэдэг талаасаа үүнийг шууд хорих боломжгүй. Харин нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрхийг хязгаарлаж, тодорхой хүрээнд хорьж болно. Гэхдээ амьдарлаас тасархай хорио хийж, зөвхөн тамхитай нь тэмцээд эхэлбэл нөгөө архийг хашраах гээд юу боллоо гэдэг юм болж болох юм. Одоо тамхины далд худалдаа бидний хамар доор явж байна. Албан бус тамхи татах цэгүүд хаа сайгүй бий болоод байна. Харин тэнд цугларах хогийг хэнээр цэвэрлүүлж, яаж цалинжуулах талаараа тамхичид хараахан ярьж эхлээгүй байна. Соёлтой хэсэг нь хоорондоо яриад дундаасаа мөнгө босгоод хогийн сав худалдаж аваад, цэвэрлэгч хөлсөлж ч магадгүй болоод байна. Эрдэнэчимэг гишүүн та дээрх саналыг нэг тогтож уншин, шүүн тунгаана гэж найдаж байна. Таны санаачлан батлуулсан Тамхины хуулийн хэрэгжилтийг хангахад энэхүү санаа оноо хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. .
5
П.Баярхүү /тоймч/