Авах хүн бөхийхгүй гэнэ. МОХ-ноос “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаах, Үндэсний тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсөвт тусгах шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн байна. Товчхондоо бол 70 мянгаа зүгээр урьдынхаараа өгөөдөх гэсэн аж. Гэхдээ энэ нь хүсэлт биш, шаардлага юм байна. Үүнийг нь авч үзэн биелүүлэхгүй бол олон нийтийг тэмцэлд хамруулаад яана яана ч гэсэн юм, их л ноцтой мэдэгдлийг оюутнууд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
6
Эхлээд баахан шүүмжлэе дээ. Манай оюутнуудын зарим хэсэг бүр улайрчихжээ. Оюутан хүний үндсэн ажил сурлага болон түүнийхээ үнэлгээ, амжилтаараа өрсөлдөхөөс зайлсхийж зүгээр л тэр мөнгө аваад ир, өг гэж тулгасан юм шиг.
5
Ард түмний амьдрал ядуу байна, олон өрх орлого муу хэрнээ 2-3 оюутантай, төлбөрийг нь арай гэж өгч байх, ийм үед хөөрхий оюутнуудын тэтгэлгийг хасах гэлээ гэж ганцхан алхаад улс төржүүлж болох халуун сэдвийг Оюутны холбоо ч алдахгүй барьж авлаа. Гэхдээ хэнд ямар шахалтыг үзүүлж, юутай үлдэх гээд байна гэдгээ тэмцлийг оройлогчид эргэн хармаар санагдана.
6
Үнэндээ эрхэм оюутнуудын олонх нь 70 мянгаа авч хамт олны шоу зохион байгуулж, шартахдаа дараагийн мөнгө авах хоногоо тоолж эхэлдэг гэдэг нь 100 хувь гүтгэлэг бас биш. Энэ бэлэн мөнгөний асуудлыг төр засаг цөөнхийг биш олонхийг харж шийдвэрлэх нь зүйн хэрэг. 30 хувь нь сурлага хичээлдээ нэмэр хийж эцэг эхийнхээ ачааг хөнгөлж байгаа бол 70 хувь нь баар, буудалд өгч байна гэж хүмүүс гасалж, шогширч байна. Тийм бол уучлаарай хүүхдүүд минь “NO”. Сар бүрийн 70 мянга хавтгайран явсаар, нийлбэрээрээ хэдэн том үйлдвэр барих мөнгөний дүн болон цацагдаж байна. Та нарыг төгсөөд ирэхэд тосоод авах ажлын байр бий болгох их мөнгийг хэдэн баар цэнгээний газрын кассаар задгай мөнгө шиг урсгасаар байгааг эргэн харж хэлэлцэж байна. Ийм тодорхой зүйл дээр төр засаг нь оюутнууд гэх том бүлгээс нүүр буруулж байгаа мэтээр харагдуулж том улс төр ярьж, ширүүн тэмцэл хийх хэрэггүй юм.
5
Ер нь бол оюутнуудад 70 мянга өгч байгаа нь үндсээрээ буруу гэж хэлсэн хүн байгаа юм болов уу даа. Харин өнгөрсөн 4 жилд 70 мянга авдаг болоод эрхэм оюутнууд та бүхний минь сурлага, хүмүүжилд ямар дэвшил гарч, өгч байгаа төр, энэ мөнгийг бүрдүүлж байдаг татвар төлөгч эцэг эхийнхээ магнайг нь тэнийхээр ямар амжилтыг гаргасан юм бэ. Энэ тэтгэлгийн хариуг та хэзээ яаж, юугаар барьсан бэ л гэж асууж байна. Энэ л асуултад үнэнээсээ шударга хариулаад л өгчих хэрэгтэй. Түүнийг чинь олон нийт, аав ээжтэй чинь шүүн хэлэлцээд, түүн дээр нь төр шийдвэрээ гаргачихна. Товчдоо 70 мянгыг авах ёстой хүнд нь нэмээд өгчихье л гэж байна. Зорилготой түүндээ тэмүүлж байгаа нь, сурч мэрийж байгаа нь, “welcome” 70 мянгаа одоо ч ав.
5
Харин одоо оюутнуудаа өмгөөлж үзье
5
Оюутан таны зүүн халаасанд нийгэмд хэрэгтэй, мэргэжил боловсролтой хүн болно гэсэн эцэг эхийн тань хүлээлт, үүнийг дагасан сурах үүрэг байгаа. Баруун халаасанд чинь залуу халуун нас, чөлөөт цагаараа инээж хөөрөх дуулж, бүжиглэх хүсэл тань байгаа. Аль аль халаасанд чинь мөнгө тийм хангалттай биш яваад байдаг. Тэгэхээр нь нуруунд чинь байх үүргэвчинд чинь ном дэвтэртэй чинь цуг 70 мянган төгрөгийг төр чамд өгсөн. Энэ 70 мянган төгрөг бол зүүн халаасанд чинь шилжиж, сурч боловсроход чинь зориулагдах ёстой. Харин одоогийн үнэн дүр зургаар бол баруун халаас руу чинь бараг ихэнх нь ороод, шоу цэнгээнд буцаад гарч явчихаад байна.
5
Гэхдээ үүнд эрхэм оюутан та бүхэн үнэндээ буруугүй. Орчин үеийн оюутны онцлогийг ойлгохгүй, 70 мянгаараа бүгдээрэнд нь ном аваад, үлдсэнийг нь бууз хуушууранд өгнө гэж өөрсдийн “соц” үеийн оюутан шиг гэнэн бодсон, бодлого боловсруулагчид буруутай. Бэлэн мөнгийг өрсөлдүүлж өгвөл урам шагнал, хавтгайруулж өгвөл хөгжлийн дөнгө болдог гэдгийг ойлгоогүй явахдаа ийм шийдвэр гаргасан улстөрчдийг өршөөх хэрэгтэй, оюутнуудаа.
5
Хүүхдэд чихэр өгчихөөд яг амталж долоож байхад нь буцаагаад булааж авах гээд байгаа энэ улстөрчид сонгуулийн амлалтаасаа сэмхэн бултаж байгаа нь үнэн. Чихрээ булаалгасан хүүхэд уйлдаг бол 70 мянгаа нүдэндээ харж, хэрхэн үрэхээ төлөвлөж байсан оюутнууд цочирдож, жагсана тэмцэнэ гэж халаасандаа гараа зангидаж байна. Бас аргагүй та нар чинь хүүхдээрээ байгаа.
5
Асуудлыг хамтдаа, цэгцтэй харцгаая
6
Шударга зарчмийн талаас нь харах юм бол хичээл зүтгэл гаргадаг, сурлага сайтай оюутнуудад 70 мянган төгрөгөөс илүүг ч өгье, сурлага тааруу, хичээл хоцрогдол ихтэй, сэтгэл санаагаа нойр хоол хоёрт болон шоу цэнгээнд алдруулсан нэг хэсэгт нь энэ мөнгө очих ёсгүй гэдэг байрь суурийг нийгэм дэмжиж байна.
5
Мөнгө бол мөнгө. Хэрэгтэй газраа худалдан авах чадвар нь хүрч л байвал 7 төгрөг ч 70 мянга ч адилхан мөнгө. Гэхдээ нийгмийнхээ санаа бодол, үнэлэлт дүгнэлтийн эсрэг сөрөн байж авах гэж улайрах, тийм их хүчтэй, шидтэй мөнгө мөн үү дээ, энэ 70 мянга чинь. Шударгаар өрсөлдөөд сурлага, хичээл зүтгэлээ жигдрүүлээд 70 мянгаа бүр өсгөөд ав гэхэд бухимдан туних хэрэг байна уу.
5
Сурах ажиллахыг хослуулж байгаа мэргэжлийн сургууль, коллежийн оюутнууд чинь та нараас их бага, сардаа 45 мянган төгрөг авдаг гэж дуулдсан. Төгсөж гараад улаан гараараа баялаг бүтээхээр ажиллаж суралцах тэр найзуудад чинь баар паб-д өгөөд байгаа мөнгөнөөс чинь хэмнэж 70 мянгыг өгье л дөө.
5
МСҮТ-д 69 мянга орчим оюутан суралцаж, мэргэжил эзэмшиж байгаа гэсэн. Харин ирээдүйд тэдний дарга болох их дээд сургуулийнхан та нар минь 161 мянга гараад явчихсан байна. Ийм олуулаа инженер, технологч, дарга болж тасалгаанд суух та нарт гадаа нар салхинд ажиллах цөөхөн ч гэлээ сайн мэргэжилтэн, шаварчин өрлөгчин, механикч, оёдолчин, эксковаторчин хэрэгтэй биз дээ.
5
Ийм сэтгэл санаачилга гаргаж чадвал, МОХ-ныхон...үнэхээр “ОК” санал байна гээд бүх оюутан охидууд чинь үнсье гээд бүчнэ дээ. Эцэг эх, ард түмэн ч гэсэн ямар хүнлэг, эх оронч дээд боловсролтонгуудын арми бэлтгэж байгаагаа харж, та нараар бахархах болно.
5
Авах хүн гэж заавал бөхийж, нэг бол тэмцэж жагсах албагүй, шударга байж, сайн сайхныг манлайлж бас болно. Тэр цагт мөнгө та нарын өмнө өөрөө бөхийх болно.
5
П.Баярхүү /тоймч/