Бид эхээс ундаргатай
2013-11-06

Манай улсын нийт хүн амыг нэн ядуу, ядуу, ядуу бус бага орлоготой, дунд зэргийн орлоготой, чинээлэг гэсэн таван бүлэгт хувааж үздэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүнгээр ядуу, нэн ядуу өрх нийт хүн амын 35 хувийг, ядуу бус бага орлоготой өрх 27 хувийг тус тус эзэлж байжээ. Хүн амын амьжиргааны түвшин нь хөдөлмөр эрхлэлттэй шууд холбоотой байдаг. Өнөөдөр улсын дунджаар хөдөлмөрийн насны хүн амын 70 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж, 16 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байна.

56

Хот, суурин газрын хөдөлмөрийн насны ядуу хүн амын дөч гаруй хувь нь ажилгүй байгаа нь улсын дунджаас 20 гаруй нэгжээр өндөр байна. Өнөөдрийн байдлаар   нэн ядуу өрхийн 38 хувь нь хотод, ядуу болон ядуу бус бага орлоготой өрхийн 50 гаруй хувь нь хөдөөд оршин суудаг гэсэн судалгаа байна. Үүнээс үзэхэд Монголд хөдөлмөр эрхлэх боломж хомс, орлогын түвшин доогуур буйгаас орлогын ядуурал зонхилж байгаа юм. Тэгвэл нэн ядуу өрхийн 30 гаруй хувь, ядуу өрхийн 20 гаруй хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тэд амьдралын хатуу хүтүүг  нуруундаа үүрч, үр хүүхдээ тэжээхийн төлөө борви бохис хийлгүй ажилладаг ч ядуу гэх энэ тодотголоос гарч чаддаггүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэх болжээ. Статистикийн газраас гаргасан судалгаагаар орон даяар 81.2  мянган эмэгтэй өрх тойлгойлон амьдарч, тэдний гар дээр 300 мянга гаруй хүүхэд өсч, хүмүүжиж байна. Тэдний дийлэнх нь 3-4 хүүхэдтэй. Амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар байхгүйгээс 60 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй маш бага хувийг эзэлж байгаа юм. Тэд гол төлөв айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж, хүндхэн нөхцөлд хоног өдрийг аргацааж байдаг гэнэ.

5

Эмэгтэйчүүд өрх толгойлох болсон олон шалтгааны нэг нь гэр бүл салалт. Өнөөдрийн байдлаар шүүхээр шийдэгдэж байгаа нийт хэргийн 30 хувийг гэр бүл  салалт эзэлж байна. Гэр бүлийн хүн нь хаяж явсан, нөхөр нь архинд донтсон болон бусад шалтгаанаас болж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилд 3-4 мянгаар нэмэгддэг. 1990  оноос хойш салсан гэр бүлийн 70  гаруй хувь нь 0-15  насны хүүхэдтэй гэсэн тоо судалгаа ч байдаг. Өнөөдөр энэ тоо хэд болж өссөнийг хэлэхэд бэрх. Гэрлэлт өмнөх оныхоос дөрөв гаруй хувиар нэмэгдсэн хэдий ч гэр бүл цуцлалт гуч гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

4

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд орон байрны асуудал, өрхийн орлого, хүүхдүүдийнх нь боловсрол хүмүүжил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ гээд амьдралын нарийн ширийнийг тоочоод байвал асуудал олон байна. Үүнээс гадна эрэгтэйчүүд амьдралаа дээшлүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж гэнэтийн аваар осол зэргээс шалтгаалан амь эрсдэж эмэгтэйчүүд өрх толгойлон үлддэг тохиолдол олон. Мөн өрхийн тэргүүнүүд их мөнгө олно гэж гадаадад гарч олон жилээр ажиллаж эцэст нь ард үлдсэн гэр бүл үр хүүхдээ мартан харийн оронд бүр суурьших нь элбэг болоод байгаа юм. Энэ мэт хүчин зүйлийн ард эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч өрх толгойлсон эмэгтэй гэх тодотголын эзэн болон зовж амьдарч байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг тусад нь авч үзэхээ больж,  нийтэд нь эмзэг бүлгийн иргэд гэх болсон нь нэг талаараа сайн талтай ч нөгөө талаар саар зүйл олон байна. Хэн нэгэн зохиомлоор өрх толгойсон эмэгтэй болж төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээг хүртэх явдал ч байсаар.

6

Улсын хэмжээнд дунджаар хүн амын орлогын гуравны нэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжээс бүрддэг. Гэхдээ энэ нь өрхийн байршлаас ихээхэн хамааралтай байдаг гэнэ. Тухайлбал, хот, суурин газрын хүн амын орлогын 60 гаруй хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж эзэлж байхад хөдөө орон нутгийн хүн амын орлогын арав хүрэхгүй хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, жараад хувийг өрхийн аж ахуйн орлого эзэлж байна. Харин ядуу хүмүүсийн орлогын гол эх үүсвэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж байдаг байна. Тэгвэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй эмзэг бүлгийн иргэдийн орлогын их үүсвэр нь халамжийн тэтгэмж болж байгаа юм. Төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээ өнөөгийн нийгэмд хангалттай амьдрах хэмжээний биш гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдэд халамж өгч ажилгүй суулга гэж байгаа юм биш. Амьдралд нь нэмэр болохуйц ажлын байр бий болгож үр хүүхдүүдийг нь боловсролтой болоход нь дэмжиж ажиллах тал дээр Засаг маань  анхаарал тавиж ажиллах шаардлагатай байна.

6

“Эмэгтэй хүн баялгийн уурхай” гэж Монгол улсын Ерөнхийлөгч хэлж байсансан. Эх орондоо тус нэмэр болох сайн иргэнийг төрүүлж байгаа баялгаа, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ төр засаг анхааралдаа авах цагийг цаасан дээр биш бодит амьдрал дээр хэрэгжүүлээсэй. Эцсийн эцэст бид эх хүнээс л ундаргатай шүү дээ.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
jadaw:
gadag* hvn gargahaa boli.hujaag oruulhaa bvr bolih heregtei.bid nar henees ch ilvv ajilj chaddag
2013-11-06
zochin:
tim shu. elbgdorj amlaltaa bieluulie
2013-11-06