Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчиллаа
1
Ардчилсан гэх тодотголтой дэлхийд хамгийн ардчилалгүй, хаалттай оронд тооцогддог БНАСАУ-д манай ерөнхийлөгч айлчиллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин сонгогдсоныхоо дараа хийж буй төрийн анхны айлчлал нь Хойд Солонгос байсан нь энэ айлчлалыг дотоод гадаадынхны анхаарлын төвд авчирлаа.
Өдгөө Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөр зургаан талт гэрээ хэлцэл тасраад байгаа үед Монгол улс нь БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгосыг БНАСАУ-тай холбосон зуучлагч орон болохоор өөрийгөө үзүүлж байна гэж ажиглагчид энэ айлчлалыг өргөн хүрээнд дүгнэн харж байна.
1
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “...Монгол, Ардчилсан Солонгос хоёр эртний сайн харилцаатай. Эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах Ким Жөн Ын даргын зорилгод манай хоёр улсын эдийн засгийн харилцаа бүрнээ нийцнэ. Гэхдээ Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг, хуулийн засаглалыг дээдэлдэг орон. Манай улс цаазын ялыг түдгэлзүүлсэн, цаашид бүрэн хална. Бид НҮБ-ын гишүүн 193 орноос 170 гаруйтай нь дипломат найрсаг харилцаатай. Бидний зүгээс сургаал айлдах, хэн нэгнийг сургах дургүй. Харин алдаанаасаа бусадтай хуваалцахдаа татгалздаггүй. Эрх чөлөө бол нээлттэй байдлыг бий болгож, энэрэнгүй нийгмийг бүтээдэг. Эрх чөлөөтэй хүн бурууг өөрөөсөө эрдэг. Харин эрх чөлөөгүй хүн буруутныг гаднаас хайдаг. Дарангуйлал бол цаг хугацаа, хязгаартай. Эрх чөлөө бол мөнхийн хүч юм. Би энэ танхимд ирээдүйн Солонгосын эзэдтэй уулзаж байгаадаа баяртай байна....” гэж Ерөнхийлөгч Ким Ир Сенийн нэрэмжит Их сургуульд зочилж багш оюутнуудад хийсэн лекцдээ өгүүлжээ. Хаалттай орны цорын ганц намын оюун санаа уураг тархи болон бэлтгэгдэж байгаа Ардчилсан Солонгосын оюутнууд хүний эрх, эрх чөлөөний тухай нээлттэй яриа, лекцийг анх удаагаа манай Ерөнхийлөгчөөс сонссоноороо энэ айлчлал бас нэг өвөрмөц онцлон тэмдэглэх юмтай байлаа гэж би хувиасаа тодотгон хэлэх байна.
Бүх ажиглагчид, тоймчдын дуу нэгтэй хэлж байгаагаар Ерөнхийлөгчийн энэ айлчлал тусгаар Монгол улсыг дэлхийд дахин нэг томоор харуулсан, цаагуур хаялгатай, давхар бодлоготой үр дүнтэй болж өнгөрсөн байна.
1
Ноён доллар номхроогүй байна
1
Наадмын дараа нам тайван байдлыг үймүүлж, суга өсч сандаргасан ноён доллар хэсэг чимээгүй байгаад дахин өсөж, хэл ам татлалаа.
Өнгөрөгч долоо хоногт доллар төгрөгт харьцах харьцаа 1740 шүргээд авав. Доллар өсөх бүрд хойно нь зүүдэг тайлбар учирлал олон байдаг. Энэ удаа ч мөн л адил төстэй уламжлалт гэж болох тайлбаруудаа Монголбанк бусад холбогдох байгууллагаас хэллээ. Гэхдээ нэг ололт гарсан нь хар зах маягаар доллар эргэлдүүлж “үймүүлж” байдаг нөхдүүдийг ханшийн савалгаанд нөлөөлж байна уу гэж бодитой хардан төрөөс зарим нэг хязгаарлалт зохицуулалт хийж эхлэх шиг боллоо. Монголд банк бус, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллага байдаг. Тэдний нийт хөрөнгө 344 тэрбум төгрөг гэх тоон мэдээллийг албаны хүн өгчээ. СЗХ-ноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах, тэр нь аж ахуйн нэгж байх ёстой гэдэг шаардлагыг хар захын ченжүүдэд тавьж байгаа гэнэ.
1 Тодруулбал, гадаад валютын худалдаа эрхлэх зөвшөөрлийг гагцхүү аж ахуйн нэгжид олгохоор болжээ. Хувь хүнд яагаад ч ийм зөвшөөрөл олгохгүй нь. Гадаад валют эрхлэх зөвшөөрлийг СЗХ-ноос аваагүй хэрнээ валют зарж байгаа банк бус, санхүүгийн байгууллагад торгууль ногдуулахаар болж. Гэхдээ одоо практикт тавигддаг 3.8-7.6 гаруй сая төгрөгийн торгууль гэдэг нь ногооны ченжүүдэд бараг баярт үйл явдал шахуу гэнэ. Олдог, унадаг юм нь овоо болохоор тэр биз. Тиймээс хариуцлагын системийг нь өндөр тогтоож, чангалахгүй бол нэр төдийхөн арга хэмжээ валютын наймаачдад сануулга болж чадахгүй гэж шүүмжилж байгаа нь анхаарах асуудал мөн байх. Гэхдээ ганц ченжүүдтэй үзэлцэж, тэднийг хааж боосноор ноён долларыг номхтгохгүй гэдгийг бүгд л ойлгож байгаа. Бид хөөсөрсөн, авилгачсан алдагдалтай төсөвтэй, хөрөнгө оруулагчид нь үргэсэн, өөрийн эдийн засаггүй, үйлдвэр хөгжөөгүй, агуу их импортлогч орон хэвээрээ байгаа цагт ноён доллар биднийг зулгаасаар байх болно гэдгээ хэлсээр байна.
1
МАН Эвлэрлийн их, эвдрэлийн бага хурлаа хийлээ
1
Энэ их хурал зүгээр нэг дарга солих төдийгөөр өнгөрчихгүй, намаа шинэчлэх суурь болсон дүрмийн өөрчлөлтөө баталгаажуулна, мөн улс орныг яаж хөгжүүлэх хөтөлбөр саналаа гаргах болно гэсэн хурлын угтал мэдэгдлүүд хэвлэлийн хуудаснаа жирийж байлаа.
Энэ бүхнээ хэлэлцэн шийдвэрлэж, базаж бөөгнүүлсэн л байх. Гэхдээ олон нийтэд ирээдүйд төрийн эрх барих цомыг булаацалдах хүчтэй баг гэдгээр нь багийн ахлагч, дасгалжуулагч нартаа хэнийг дэвшүүлж сонгох нь нэн сонин таавар байлаа.
1
Ө.Энхтүвшинг М.Энхболдоор, Г.Занданшатарыг Ж.Мөнхбатаар солих үйл явц ширүүн өрсөлдөөн дунд явагдсан гэж байгаа. М.Энхболд Их хурлын 1100 гаруй төлөөлөгчдөөс 988 хүний саналаар сонгогдсон бол Ж.Мөнхбат Бага хурлын 310 гишүүний 148 хүний саналыг авч сонгогджээ.
1
Гэхдээ уралдаан сунгаанд нэг нь ялж нөгөө нь гомддог жишгээр зангирсан гомдолтой үлдсэн хэсэг ч байгаа л бололтой. Намын ерөнхий “нарийн”-д үзээд унасан Ж.Сүхбаатар өөрийн гомдол үгээ олон нийтэд илэрхийлсэн байдлаас харахад нам дотроо болдог нанжилдаан далд хэлбэрээс ил гарах эхлэлийг энэ бага хурал нь тавьсан юм шиг санагдлаа. Тийм бол шинэ бага хурлын анхны том гавьяа энэ болох биз ээ. Байнга л босоо тогтолцоотой битүү хаалттай цул мэт байдаг нам ийнхүү доторх үгээ гадагшаа ил шулуун гаргаж эхэлбэл харин ч сайн. Их хурлын нэг хаялга гэж үзэн дэмжих хэсэгч байна. Хяналтаа алдаж, хаашаа яваагаа мэдэхгүй, тал тал тийшээ харсан байсан Монгол Ардын намын 220 мянган гишүүнийг нэг зүгт харуулах өндөр хариуцлага М.Энхболд гэдэг хүн дээр эргэн ирлээ. МАН-ын цаашид унах, урагшлах нь М.Энхболд, Ж.Мөнхбат нарын хоршил хэр байхаас л шалтгаалах нь гэж эдгээр дарга нарын үг үйлдлийг нь анаж, үнэлэлт дүгнэлт бичихээр үзэг цаас нөөцөлсөн ажиглагчид намынх нь дотор ч гадна ч их байна.
1
Нийслэл 15.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ
1
УИХ-аар төсвийн тодотголыг баталсан. Үүнтэй холбогдон нийслэлийн төсөвт бас өөрчлөлт орж байгаа юм. Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа нийслэлийн төсвийн суурь орлогын дүнг 11.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нийслэл 15.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болж байна.
1
Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээг 6.5 тэрбум төгрөгөөр бууруулж 35 тэрбум төгрөг болгохоор баталсан байна. Дээрх шилжүүлэлтийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 6.5 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.
1
Гадаадын зээлийн эх үүсвэрээр он дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нийт 25.1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдлаа.
1
Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсролын салбарын энэ оны төсөв 203.4 тэрбум төгрөг батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 218.5 төгрөг гарч 15.4 тэрбум төгрөг дутагдах тооцоо гарсан. Энэ оны эхний 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр цалин хөлс, НДШ болон тогтмол зардалд нийт 3.4 тэрбум төгрөгийн өртэй байна. Нийслэлийн байгууллагууд өртэй гарч буй. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс 1.4 тэрбум төгрөгийг хасахаар УИХ-аас баталжээ.
1
Ерөнхий сайд “30 минут”-аа хийлээ
1
Тэрбээр уулзалтын эхэнд өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар товч мэдээлэл өглөө. Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд 50 тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрс экспортлох санамж бичиг байгуулсан, Монголын аль нэг нүүрсний ордод үйлдвэр байгуулж, хий боловсруулан, дотоодын хэрэгцээг хангаж, үлдсэнийг нь Хятад руу экспортлох асуудлаар ярилцсан тухай мэдээлэв.
1 Оюутолгойн асуудлаар ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилсон. Тэд Лондонд хэлэлцээ хийгээд, хуримтлагдсан асуудлын талыг шийдвэрлээд байна. Одоо үлдсэн асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэж байгаа. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх хөрөнгө босгох чиглэлээр ярилцаж байна. Оюутолгой компани өнөөдрийн байдлаар боломжоороо хэвийн ажиллаж байгаа. Хятадад хадгалж байсан алт, зэсээ цааш нь худалдаалдаж эхэлсэн гэлээ.
1 Доллар өсөөд байгаа талаар Монголбанк сайн ажиллаж байгаа. Сайн ажиллаж байгаа ч яагаад доллар өсөөд байна вэ гэж та бүхэн асуух байх. Яагаад гэдгийг ярихаар дахиад л хуучин түүх рүү орох болно. Өмнө нь авч хэрэглэсэн зүйлийн нөлөө гарч эхэллээ. Цаашдаа экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Засгийн газар богино хугацааны арга хэмжээгээ авсан. Одоо дунд, урт хугацааны ажлаа хийгээд ирэхээр долларын ханшийн асуудал цэгцэрнэ гэж одоогийн долларын өсөлтөд Засгийн газар бууж өгснийг давхар хэллээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа талаар уламжлал болсон асуултаа сэтгүүлчид мөн л тавьсан байна.
1
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас Монголбанктай хамтраад мах, шатахуун, гурил гэсэн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн дээр хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 230 гаруй төрлийн бүтээгдэхүүний үнээр харьцуулж гаргадаг. Тэр бүхнийг Засгийн газар хянах боломжгүй. Харин импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихрийн үнийн асуудлаар Хятадтай ярилцсан зүйл бий гэж үнийн өсөлт тогтворжино гэсэн найдвар төрүүллээ.
1
Гадаад өрийг бөөгнүүлж харлаа
1
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад, дотоод өрийн талаар мэдээлэл хийлээ.
1
Монгол Улс 1990-2013 онд буюу сүүлийн 14 жилд 2.8 тэрбум ам.долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар 800 сая ам.долларыг эргүүлэн төлж. хоёр тэрбум ам.долларын гадаад, дотоод өр үлдсэн. Дээрх зээлийн ихэнхийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас авсан байна. Гадаадаас авч буй зээлийн 77 хувийг эдийн засаг, 20 хувийг нийгмийн салбарт зарцуулахаар авчээ. Нийгмийн салбарт орон сууц, нийгмийн халамжийн чиглэлээр, эдийн засгийн салбарт зам тээвэр, эрчим хүч, санхүү, үйлдвэр, барилгын чиглэлээр зээл авчээ.
1
Дээрх өр төлбөрийг төлөх графикийг үе үеийн Засгийн газар гаргасан бөгөөд 2013 онд 90 сая ам.доллар, 2020 онд 140 сая ам.доллар гээд 2050 он гэхэд нэмж зээл авахгүй бол төлж дуусах боломжтойг онцолж Засгийн газрын тэргүүн гишүүдийг тайвшрууллаа.
1
Харин Чингис бондын мөнгийг бөөнд нь буюу 2018, 2022 онуудад төлөх ёстой. Бондын хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн олонхыг арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгосон нь 2-3 дахин өсөх боломжтой учир эргэн төлөлтөд санаа зовохгүй байж болно гэлээ.
1
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өрийн талаарх шалгуур үзүүлэлтэд ДНБ-д өрийн эзлэх хувиар тооцдог болохоос хэдэн төгрөгийн зээл авснаар тооцдоггүй. Монгол Улсын өр 2012 онд ДНБ-ний 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай тэнцэж байгаа. Ирэх жил буюу 2014 онд 50 хувьтай байна гэж төсөөлж байгаа. Энэ нь дахин 2.1 тэрбум ам.долларын зээл авбал 50 хувь болно гэсэн тооцоо. Хэрэв зээл авах шаардлагагүй гэж үзвэл гадаадын өрийн хэмжээ 40 хувь руу орно” гэж өөдрөгөөр харж байгаагаа мөн гишүүдэд дуулгалаа.
1
Шавхагдашгүй мэт цацаж байгаа Чингис бондын зарцуулалтын талаар энэ үеэр мэдээлэгдлээ. Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, авто зам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилгын материал зэрэг салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас аравдугаар сарын 29-ний байдлаар 930 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа гэнэ.
1
Өнгөрсөн долоо хоногт сарын сүүл мушгин дээшилсэн долларын өсөлт иргэдийн бухимдлыг төрүүлсэн бол, МАН шинэ даргаараа ирэх сонгуулийн Пи Ар-аа хийж улс төрийн амьдралаа идэвхжүүлэхээр боллоо.
Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн орон даяар амарснаар 11-р сарын эхний шинэ долоо хоног эхэлж байна.
1
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Чингис хааны төрсөн өдрийн баяр бахархлаас гадна хөхөө өвлийн хүйтний ам нээгдэж орон гэрт, ажлын байранд, авто машинд маань өвлийн жавар ирж байгааг хаа хаанаа анхаарч байгаа болов уу. Ирж буй өдрүүдэд өвлийг давах бэлтгэлд базааж бөөгнүүлснээ нягтлан нэг харахад илүүдэхгүй биз ээ.
1
П. Баярхүү /тоймч/