Нэгэн жарны түүчээ
2013-11-03

Ерөнхий сайд асан Д.Содномтой уулзах зорилго тавьж, утсаар холбогдов. “Олон сэтгүүлч яриа авсан. Одоо хэрэггүй байх” гэж цааргалсан ч санаа оноогоо тайлбарласаар зөвшөөрүүлж, ажил дээр нь уулзахаар болов. Чингис хааны мэндэлсэн өдрөөр “Чингисийн одон”-гоор шагнагдах гэж буй эл эрхэм сүүлийн хэдэн өдөр эрэлттэй байгаа нь илэрхий. МАК-ийн үүдэнд хэсэгхэн зуур “байцаагдсаны” эцэст зорьсон хүнтэйгээ уулзлаа. Биднийг өрөөнд нь ороход Д.Содном гуай уншиж байсан сонингоо хойш тавин, хэрэг зоригийг маань лавшруулан асууж, нэр ажлыг маань тэмдэглэж авснаар яриагаа эхлэхээр боллоо.

6

Улсын комиссын урдаа барьдаг тооцоологч

5

Түүнтэй уулзах анхны зорилго маань улс орны хөгжил, нийгэм эдийн засаг гэсэн өргөн хүрээтэй бус Думаагийн Содном гэх хувь хүнийг чухалчлах байв. Энэ ч үүднээсээ бидний яриа түүний ажил хөдөлмөрийн гараанаас эхэлсэн юм. “Улс нийгэмд 59 жил ажиллаж байна. Нэг жаран гэж хэлж болох юм. Хугацаа бол их юм. Гэхдээ миний ажилласан газар их цөөхөн” хэмээн тэртээ он жилүүдийн түүхийг эргэн сөхлөө. Тэрбээр техникум төгссөн 17 настай жаахан хүү байхдаа ажлын гараагаа эхэлж, өдгөөгөөс 63 жилийн өмнө буюу 1950 оноос Сангийн яаманд ажиллаж эхэлжээ. Тус яаманд 1969 оны 12 дугаар сар хүртэл ажиллахдаа завсарт нь ЗХУ-ны Эрхүү хотод Улс хөдөө аж ахуйн их сургуульд дөрвөн жил суралцаж, мэдлэг мэргэжлээ зузаатгасан байна. Ийн улс орны “хөрөнгөний авдар”-аас ажлын гараагаа эхэлсэн түүний ажилласан хоёр дахь газар нь Улсын төлөвлөгөөний комисс. Одоогийнхоор бол Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн үг. Тэнд 1969-1984 он хүртэл ажилласан түүний дараагийн албан тушаал нь Монгол Улсын Ерөнхий сайд гэх нэр төртэй ч өндөр хариуцлагатай ажил байв. 1984-1990 он буюу нийгмийн өөрчлөн байгуулалтын өмнөх он жилүүдэд улсын хоёр дахь хүнээр ажилласан тэрбээр 1990-1995 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласнаа дурсан ярьж байна. Хэдийгээр тоотой цөөн газар ажилласан ч түүний туршлага арвин их.

5

“Улс нийгмийн төлөө ажилласан он жилүүдэд дурсмаар, бахархмаар сайхан зүйлс олон бий. Сангийн яаманд улсын санхүүгийн системийг бэхжүүлэхээр хамтран зүтгэсэн нөхдөөрөө би бахархдаг. Намайг Сангийн яаманд ажиллаж байхад манай улсын гадаад тооцооны асуудал шинээр сөхөгдөж байсан. Эрхүүд суралцаж ирээд 1958 онд Валютын хэлтсийн даргаар томилогдоход социалист системийн орнууд хоорондоо тооцоо, худалдаагаа ямар валютаар хийх вэ гэсэн асуулт тулгарсан он жилүүд байлаа. Тэр үед монгол төгрөгийг бусад валюттай харьцуулахад ямар ханштай байхав гэдгийг зөв тодорхойлоход гар бие оролцож байснаа эргэн санахад сайхан байна” хэмээн анхны алхмаа дурсч, сандлын түшлэгээ налан тухлав. Цааш ярих зүйл их байгаа нь илт.  Монгол Улсын нэгэн жарны түүхийн гэрч болон он цагийг элээж яваа Д.Содном гуай одоогоос 44 жилийн өмнө Улсын төлөвлөгөөний комиссын урдаа барьдаг тооцоологчийн нэг байсан гэдэг. Даргын албан тушаалтай ч нэгдүгээр орлогч П.Жасрайтайгаа хамтран бүгдийг өөрсдийн гараар тооцоолон бодож, эцсийн шийдвэр гаргадаг байсан гэнэ. Амьдралынхаа 20 жилийг Монгол Улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд зориулжээ. “1970-1975 онд Монголын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөг бодож боловсруулах, тэнд тусгагдсан арга хэмжээ, төслүүдийн ТЭЗҮ-г зохиох ажил маш эрчимтэй явагдсан. Үүний үр дүнд гадаадаас тухайлбал, ЗХУ-аас маш их хэмжээний зээл авч, их үр дүнтэй ашигласан. Том бүтээн байгуулалтууд явагдаж, Эрдэнэт үйлдвэр, эрчим хүчний том станцууд баригдсан. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг ашиглаж эхэлсэн. Монросцветмет гээд Монгол Оросын хамтарсан аж ахуйн нэгж байгуулсан нь одоог хүртэл үйл ажиллагаа нь явагдаж байна. Мөн тэр жилүүдэд нийгмийн хувьд  бүх хүүхдүүдээ бүрэн дунд боловсролтой болгох зорилтоо шийдсэн. Их дээд, техник мэргэжлийн сургуулиудаар Монголынхоо хэрэгцээний мэргэжилтнээ хангахаас гадна зарим онцгой чухал мэргэжлээр гадаад орнуудад олон мянган хүнээ явуулж сургасан. 1970, 1980-аад онд хүн амын цэвэр өсөлт 2-2.5 хувь болсон. Энэ бол хүн эрүүлжсэний тодорхой баримт” гэж ажилласан он жилүүдийнхээ ололт амжилтыг дурьдав. Тэрбээр манай улсын хөгжлийн чухал үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан нэгэн. 1970-1990 он гэдэг бол гадаад харилцаа өргөжин тэлж, бүтээн байгуулалт өрнөсөн, төр засаг ч оновчтой зөв бодлогоор жолоодон залж байсан үе. Энэ он жилүүдэд бүтээлч ард түмнийхээ тус дэмээр, мэргэжилтэй чадвартай хүмүүстэй хамтран зүтгэж байснаараа бахархдаг юм билээ, Д.Содном гуай.

6

Олон халуун сав хоосолсон хоёр

6

Гар нийлж, хамтран зүтгэж байсан хүмүүсийнхээ эхний дугаар Ерөнхий сайд асан П.Жасрайг нэр цохож хэлмээр байна, бусад нь гомдохгүй байх хэмээн хамрын тамхиа татаж дурсамжаа хүүрнэсэн юм. Тэд Улсын төлөвлөгөөний комисст хамтран ажиллаж байжээ. Бид хоёр мөн ч олон жил нэг өрөөнд хамт сууж, өдөр шөнөгүй тооцоо хийн, олон ч халуун сав цай хоосолж, олон ч тамхи цуг татсан даа. Харин тэр минь бурхан болсон” гэж анд нөхрөө санаашрангуй дурсав. “Нэг өрөөнд хоёр тийшээ харж суучихаад тооцоо хийж, дүнгээ нэгтгэдэг байсан. Таарч байвал шийдвэр гаргана” гэж ярьсан нь дарга орлогчийн зааггүй бие биенээсээ шууд хамааралтай хамтрагчид байсныг илтгэнэ. Д.Содном гуайг Сайд нарын зөвлөлд очиход түүний үйл хэргийг П.Жасрай асан үргэлжлүүлж, төлөвлөгөөний комиссын дарга болсон гэдэг. Түүнээс гадна Монголын үйлдвэрлэх хүчний хөгжлийн байршлын схемийг гаргахад хамтран зүтгэж байсан академич Намжим, Төлөвлөгөөний комисст барилга хөрөнгө асуудал хариуцсан орлогч байсан Д.Мөнхжаргал, Сангийн сайд асан Бямбажав зэргээр дурсч яримаар олон хүн байгааг дуулгана лээ. Харин миний хувьд Ю.Цэдэнбалтай хамтран ажилласан он жилүүдийг нь илүү сонирхов. Тэрбээр Ю.Цэдэнбалын удирдлаган дор 1960-1984 он хүртэл 24 жил ажилласан гэнэ. “Түүнийг муугаар хэлэх нэг ч үг надаас гарахгүй. Учир нь Ю.Цэдэнбал гуай жинхэнэ эх оронч, Монголынхоо төлөө бүх зүйлээ зориулсан хүн” хэмээн бахархал омогшил дүүрэн өгүүлэх нь хүндэтгэл “үнэртэнэ”. Социалист нийгмийн хатуу удирдагч гэж хүмүүс шүүмжилдэг. Гэвч тэр хүнийг үзэл бодолдоо үнэнч байсных ньтөлөө буруутгаж болохгүй. Тэр бол маш хүнлэг гэх нь Ю.Цэдэнбал гуайд хир халдаахгүйн шинж. Тэр ийн хамтран ажиллагсаддаа дурсч байгаатай адил хаа нэгтээ хэн нэгэн хүнийг мөн л нэхэн санаж суугаа нь тодорхой биз ээ.

6

Харамсах зүйлгүй амьдрал

6

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул Д.Содном гуай өдгөө 80 насандаа налайж сууна. “Амьдралд алдаж оносон зүйл байлгүй яахав. Хүн бүх зүйлд сэтгэл ханаад яваад байж болохгүй. Гэхдээ би өнгөрсөн амьдралынхаа замналд харамсч байгаагүй. Хүнд хэцүү хүүхэд цагаа нутгийнхаа сайхан ард түмнийхээ дунд өнгөрөөж эрүүл өслөө. Улс, ард түмний ачаар мэргэжил эзэмшсэн. Улс төр, хувийн хэвшилд нэгэн жарны хугацаанд ажиллалаа. Одоо ч эрүүл саруул амьдарч байна. Харамсаад байх зүйл байхгүй” хэмээн өнгөрсөн цаг хугацаанд ч, өдгөө ч сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн. Д.Содном гуай одоо МАК-д зөвлөхөөр ажилладаг. Насны нар хэвийж, чөлөөний хугацаа болсон ч тэрбээр гэртээ суухыг хүссэнгүй. Ид хийж бүтээн оргилуун үеэ улс орныхоо төлөө зориулсан бол арвин их туршлага, мэдлэг чадвараа хувийн хэвшлийнхнээс ч харамласангүй. 1995 оноос МАК-ийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Содном гуай энэ 18 жилийг онцлон тэмдэглэж, бахархмаар гэж тодотгосон. Монголын олон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дотроос үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа МАК-д ажилладгаараа бахархдаг аж. Харин түүнийг эгнээндээ нэгтгэсэн  нь МАК-ийнханд нэр төрийн хэрэг байх.

6

Өдгөө тэрбээр үр хүүхэд, ач зээгээ тойруулан сайхан амьдарч байна. ЗХУ-ын Алтайн хязгаарын бүсгүйг амьдралынхаа ханиар сонгож, 50 гаруй жил ижил дасал болон амьдарсан нь өдгөө дурсаад дурсаад дуусашгүй нандин цаг хугацаа. Хоёр жилийн өмнө хань нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний үргэлжлэл болсон үр хүүхэд нь энэ насных нь учир утга болон амьдарч явна. Ийн нэгэн жарны түүх рүү өнгийсөн бидний яриа өндөрлөж, өвгөн буурал ажлын өрөөндөө тухалж, харин бид дараагийн ажилдаа яаравчилсан юм.

5

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
sanaa:
mak tom khuviin khevshil.bitgii khumuust ataarkhaj bich.sodnom guai shig khumuusiig ajilluulj tuun shig olon olon mundag sekheeten beltgej baigaa mak zuv bailgui yakhav.sodnom guai ta urt udaan naslaarai.
2013-11-04
sanaa:
mak medeej amidraliig ni tetgedeg hariud ni sodnomgui uls ornii baylagtai gazar bolgoniig makiin medeld avch ugsun es zaaj ugsun mash hyalbar argaar mak undurlugt hurch chadsan yagaad ene ih bayalagiig ard tumend tegsh huwiarlahiin tuluu bish zuwhun mak d uilchileed bdagiig l asuuh estoi bsan yum .....
2013-11-04
sugii:
hiisen buteesen ajilaaraa baharhaj amidrah ymar shan ym be tanid bayrllaa
2013-11-03