Муу амлах шаардлагагүй ч муйхарлан сүйтгэмгүй хэрэглээ
2013-10-31

Монгол Улс усны нэн ядуу нөөцтэй дэлхийн 22 орны нэг гэнэ. Усны нөөцийн 90 хувийг гадаргууны ус, 10 хувийг газар доорх ус бүрдүүлдэг байна. Харин бид газар доорх усаа хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, шавхагдаж болзошгүй бага нөөцөөрөө амьдардаг гэсэн үг. Тэгэхээр нөөцийн 10-хан хувийг бүрдүүлдэг газар доорх ус дуусчихвал яах вэ? Тиймээс гадаргын усыг ашиглах зүй ёсны шаардлага бий гэсэн үг. Одоогоор арван газрын гадаргын усыг ашиглах боломжтой гэсэн тооцоог хийгээд байгаа аж. Энэ нь нөөцөө хэмнэхээс гадна нөхөн сэргэх боломжийг ч олгох юм. Үүнээс гадна бид нэг жилд 500-700 шоо метр усыг бохирдуулж хаядаг. Харин энэ усыг дахин ашиглах тухай сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч ахиц гарсангүй. Гадаргын усыг ашиглах, бохир усыг цэвэршүүлэх гэх мэтээр нөөцөнд ээлтэй хандах арга замууд байгаа ч өдгөө бид зөвхөн нөөцөндөө тулгуурлан амьдралын эх булгаа хангаж буй билээ.

.

Тодорхойгүй нөөц

:

Улаанбаатар хотын усны нөөц хомсдож, хотынхон удахгүй тарвага болох тухай мэдээллийг хаа нэгтэйгээс сонссон байх. Юу юугүй л усгүй болох гээд байгаа тухай яригддаг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ Улаанбаатар хотын усны нөөц хэд гэдгийг хэн ч мэддэггүй аж. “Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлгээс үүнийг анзаарав. Усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь, хувьсгалын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид гээд 60 гаруй хүнээс хотын усны нөөцийг тодорхой хэлэх хэн нэгэн байсангүй. УСУГ-ын дарга С.Үнэн 337000 шоо метр гэж хэлсэн ч энэ яг таг тоо биш бололтой. ШУТИС-ийн профессор Д.Балсандорж  “Хотын усны нөөц хурал бүр дээр өөр өөрөөр яригддаг, нөөцийг тодорхой болгох хэрэгтэй”-г сануулах зөвлөхийн хооронд хэлээд авна лээ. С.Үнэн дарга ч хотын усны нөөц тодорхойгүй байдгийг хүлээн зөвшөөрч “Э.Бат-Үүл дарга бидэнд усны нөөцөө тодорхой болго гэсэн үүрэг даалгаврыг өгдөг” хэмээн ам алдав. УСУГ-ын дарга С.Үнэнгийн өгсөн мэдээллээр нийслэлчүүд усныхаа нөөцийн 60 орчим хувийг ашигладаг гэнэ. Цаана нь 40 хувийн нөөц байгаа учраас ойрын хэдэн жилдээ санаа зовохгүй байж болох аж. Гэвч 2017, 2018 оны үед усны нөөцөд хүндрэл үүсэх магадлалтайг тэрбээр илтгэлдээ дурдсан. Тодорхой бус нөөцийн хэдэн хувийг нь ашиглаж, хэд нь бидний амьдралын баталгаа болон нөөцлөгдөж буйг нь мэдэхгүй байж усны хомсдолд орох тухай ярих нь жинхэнэ муу амалсан хэрэг болох бус уу.

:

“Хулгайлагдсан” худаг

:

Нэг хоногт 150-160 мянган шоо метр усыг олборлон нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлдэг. Ундны усны дөрвөн эх үүсвэрээс гарсан ус Туул голын дагуух 170 орчим худгаар дамжин иргэдэд хүрдэг байна. Уг нь 176 худаг байсан ч эрх мэдэлтнүүдийн харалган шийдвэрээс болж зургаа нь хаагджээ. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Н.Болормаагийн гарын үсэгтэй тогтоолоор уг зургаан худгийг нүүлгэх шалтгаанаар хаасан ч өнөөдөр тэнд Олимп, Дүнжингарав, Japan Town гэхчилэн хорооллууд сүндэрлэсэн. Н.Болормаагийн гарын үсгээр худаг нь хаагдаж, М.Энхболдын зөвшөөрлөөр 30 га газрыг нь “Мон Уран”-д өгснөөр ундны усны төвийн эх үүсвэр хаагдсан түүхтэй. Харин өнөөдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас газрыг нь авсан хүмүүсийн хожил болоод өнгөрч байна.

:

Итгэж болно

:.:

Улаанбаатарчууд дэлхийн хамгийн цэвэр цэнгэг ус хэрэглэдгийг ус судлаач, шинжээчид хэлж байна. Манай улс усны чанартаа MNS 0900:2005 стандарыг мөрддөг бөгөөд энэ стандартад төмрийн агууламж 0.3 хувь байх ёстой гэдэг бол нийслэлчүүдийн хэрэглэж буй ус 0.02 хувийн төмөртэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, бидэнд ямар нэг аюул занал учруулахгүй хэмжээ гэсэн үг. “Улаанбаатарын ус маш цэнгэг учраас ууж байгаа усандаа итгэлтэй байж болно. Өдөр тутам хянадаг хүний хувьд сэтгэл зовох зүйлгүй гэдгийг хэлмээр байна” гэж Усны төв лабораторийн эрхлэгч Б.Урнаа бидний хэрэглээнд баталгаа өгсөн. Тэрбээр Улаанбаатарын ус маш зөөлөн, цэнгэг ус учраас шүүх ямар ч шаардлага байхгүй гэдгийг онцолж байсан. Харин ч шүүлтүүр хэрэглэдэг зарим айлын ус энгийн крантны уснаас илүү нянгийн бохирдолттой байдгийг дуулгана лээ. Ундны усанд өдөрт 20-25, жилд дунджаар 3500 гаруй сорьцонд физик, хими, нянгийн шинжилгээ хийж, дэлхийд байхгүй цэвэр цэнгэг гэдгийг тогтоочихоод байхад зэвтэй, элдэв амттай ус хэрэглэгчдэд хүрдэг нь шугам сүлжээтэй холбоотой аж. Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээ 1950-иад онд тавигдсан учраас иж бүрэн шинэчлэл шаардлагатай байгааг УСУГ-ын дарга С.Үнэн хэлж байна. Тэгэхээр байгаль эхээс та бидэнд өгч буй усанд эргэлзэх хэрэггүй байх нь. Харин хүний гараар бүтээгдсэн зүйлсдээ хөрөнгө мөнгө зарцуулж, ус ашиглалтын менежментдээ ярихаас цааш хэтрэхгүй байгаа шинэчлэлтээ яаравчлах хэрэгтэй аж.

:

В.Хэрлэн

 
Shuud.mn
Сонин хачин
yagaad:
20 jiliin omno krantni usiig uudag bailaa, odoo harin uuh uu???
2013-10-31