Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Шийтэртэй уулзахаар “Хангарьд” ордонд очлоо. Нийслэлийн өндөр настнууд орон сууц хүсэх эрхтэй ч шийдэгддэг нь тун ховор учраас эл асуудлыг тодруулах нь миний зорилго. Хангарьд ордны аравдугаар давхарт байрлах мэргэжилтний өрөөний үүдэнд цөөнгүй өвөө эмээ суучихсан, живэр авир хийх нь нөгөө л өргөдөл гомдлоо ярьж байгаа бололтой. Энэ асуудлыг сонирхож байгаа надад өвөө эмээ нарын яриа хамгаас чухал. Тиймээс хэрэгт дурлаж, өвөө эмээ нарын яриаг чагнавал “тэр өргөдөл ч надтай адил элэгдэж байгаа” гэж их л цөхрөнгүй өгүүлэх нь нэлээд хэдэн жил өнгөрсний шинж. Энэ санаашралыг мэргэжилтний өрөөнөөс гарч ирсэн “Түрээсийн байранд орох уу л гэж байна” гэсэн эмээгийн яриа тасалдуулав. “Тэгж л таарна” гэсээр зөрж орсон эмээ удсангүй гарч ирлээ.
6
Нэлээд юм ярьчих болов уу гэж точиглож зогссон учраас угтаж очоод учраа хэлэв. Эмээ ч дуртай нь аргагүй, “Бадамжунай, Энхболд хоёрын хийсэн ажил” гээд л тоочиж гарав. Баянзүрх дүүргийн өндөр настан Базархүү гэх энэ хүн 1978 онд өргөдлөө өгсөн бөгөөд тухайн үед яг 700-д жагсаж байсан гэнэ. Миний дараалал аль хэдийнэ өнгөрсөн гэсэн цөхрөлийг 2002 онд хотын Ерөнхий менежер байсан Т.Бадамжунайгийн гарын үсэгтэй албан бичиг дахин сэдрээж, төгсгөлгүй хүлээлтийг үүсгэжээ. “Өндөр настнуудад өгөх орон сууцны барилга угсралтын ажил явагдаж байгаа, удахгүй ашиглалтад орно” гэсэн утгатай алга дарам цаас илтгэл найдвар болон эмээгийн гарт 11 жил хадгалагджээ. Нэгэнт өнгөрсөн 11 жилийн асуудал бус дөнгөж сая мэргэжилтний өгсөн хариулт сонин байсан учраас Д.Шийтэрийн өгсөн тайлбарыг сонирхтол, “түрээсийн байранд орох уу л гэж байна. Үр хүүхэдгүй хүн биш би тэнд юугаа хийхэв” гээд албаны хүний үгийг үл тоомсорлосон нь илэрхий. “Тэр чинь хөгшчүүдийн үхлийн орон” гэсэн учир битүүлэг үгийг бухимдалтай хамт над руу чулуудчихаад эмээ цахилгаан шат руу зүглэв. Биднийг ийн ярилцаж байх хооронд өвөө эмээ нар орж гарсаар л. Миний дараалал аль хэдийнэ болсон ч өвөө эмээ нарын өмнүүр дайрах зохисгүй учраас хүлээсээр л байлаа.
6
Мэргэжилтний өрөөнөөс гарч байгаа хүмүүс нэг л таагүй, хүссэн хариултаа аваагүй нь илэрхий. “Орон сууцны мэргэжилтэн нь хаана уу” гэж сурагласаар ирсэн ахимаг насны ах эгч хоёрын энгэр дээр Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль гялалзана. Дээлээр гангарч, одон медалиа зүүсэн ах эгч хоёр цагдаагийн дүрэмт хувцастай ойролцоо насны эмэгтэйтэй “орон сууцны асуудал л гэж дуудсан, учрыг сайн мэдсэнгүй” гэж баярласан өнгө аясаар ярих нь том зүйлийг хүлээж байгаа нь илэрхий. Магадгүй байрны түлхүүр гардана гэж бодсон байж ч болох. “Та хоёрыг бас дуудаа юу” гэсэн миний сониуч асуултад ах хайнгадуухан “тийм, орон байртай л холбоотой бололтой” гэж хариулав. Түрүүчийн өвөө эмээ нараас насаараа ч, эдэлж хэрэглэж байгаа зүйлсээрээ ч эрс ялгаатай товчхондоо боломжийн амьдралтай харагдсан учраас яриа өдөхийг хичээв. “Миний өмнө орсон өвөө эмээ нарт бүгдэд нь түрээсийн байр санал болгосон гэсэн. Гэхдээ та хоёрт яахыг мэдэхгүй л дээ” гэхэд ах өөртэй их л итгэлтэйгээр “тийм шүү” гэсээр оров. Хэдхэн минутын дараа ах эгч хоёр гарч ирэн, дурамчханаар “түрээсийн байр...” гээд эхэлж байтал мэргэжилтэн сэтгүүлч гэж дуудаж, бидний яриаг тасалдуулав. Тэдэнд ч мөн түрээсийн байр санал болгожээ. “Хотын захиргаанаас ярьж байна, орон сууц...” гэсэн үгийг хагас дутуу сонсоод баярлан “гүйж” ирсэн өвөө эмээ нарын нэг хэсэг нь хүү охиноо сугадаж, нөгөө нэг нь таягаа тулсаар цахилгаан шатыг зүглэнэ. Үр хүүхдээ орон байртай болгоод хорвоог орхих туйлын хүсэл нь хэзээ биелж, цөхрөл хүлээлт хэзээ дуусахыг мэдэхгүй, лав энэ өдөр биш нь тодорхой болов.
6
Албаны үг
6
Өвөө эмээ нарыг урдуур хойгуураа оруулсаар нэлээд удсаны эцэст зорьсон хүнтэйгээ уулзав. Хичнээн өргөдөл байгаагаар эхэлсэн бидний яриа товч бөгөөд тодорхой өрнөнө. Хотын захиргаа 1995 оноос ахмадуудаас өргөдөл хүлээн авч, очер дугаарт оруулж эхэлжээ. 1995-2012 он хүртэлх хугацаанд нийтдээ 8600 иргэний орон сууц хүссэн өргөдөл хүлээн авснаа мэргэжилтэн дуулгав. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар 2417 өндөр настан өргөдлөө өгчээ. Тэгэхээр 11 000 гаруй өргөдөл энэ хүний архивт бий гэсэн үг. Эл өргөдлүүдийг хэрхэн шийдвэрлэдэг нь чухал асуулт. Харин шийдсэн тохиолдол тун бага гэнэ. Хамгийн эхний бөгөөд магадгүй эцсийн болох шийдэл нь Хятадын буцалтгүй тусламжаар Нарантуул захын зүүн талд баригдсан 200 айлын “Ахмадын хороолол” аж. Гэтэл өргөдлийн дагуу хичнээн өндөр настан энэ хороололд орон байртай болсон нь тодорхойгүй, Д.Шийтэр лав мэдэхгүй байна лээ. Тэтгэврийн насны, сүүлийн таван жил Улаанбаатарт амьдарсан, орон сууц авч байгаагүй гэхчлэн шалгууртай орон сууцны өргөдөл гомдлын шийдэл ийн он удаан жил хүлээгдэж, эздийнх нь нэг хэсгийн нас нь хүрэхгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй гашуун үнэнтэй.
6
Хөгшчүүдийн “үхлийн орон”
7
Ерэн оны дунд үеэс эхлэн хуримтлагдаж буй ахмадуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр хотын удирдлагууд “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. 2013-2016 оны хооронд хэрэгжих энэ хөтөлбөрийн хүрээнд 4 000 айлын орон сууц баригдах агаад одоо Сүхбаатар дүүрэгт 300 айлын байр бэлэн болжээ. Энэ нь ахмадуудын хүссэн өмчлөх эрхтэй байр бус сар бүр түрээсээ төлөн амьдрах түр сууц юм. Орон сууц хүссэн өргөдөл өгсөн он дарааллын дагуу иргэдийг сонгон шалгаруулж уг түрээсийн байранд оруулахаа мэргэжилтэн дуулгасан. Бас “асар олон жилийн хүлээлтийг нэг мөр болгож байгаа хөтөлбөр учраас хүмүүс ам сайтай байна. Ер нь олны таашаал хүртсэн ажил” гэдгийг онцолж байв. Харин ахмадууд ингэж бодохгүй байгааг хаалганы гадна тэдэнтэй ярилцахдаа мэдсэн. Өрөөний тоо хэмжээнээс хамаарч сард 75 000-150 000 төгрөгийн түрээс төлөх байранд нэг нь хорвоог орхиход нөгөө нь орж ирнэ. Товчхондоо боловсноор нэрлэсэн асрамжийн газар. Харин ахмадууд үүнийг “үхлийн орон” гэж их л хэрцгийгээр нэрлэсэн байна билээ. “Үхэх өдрөө хүлээгээд тэнд хэвтэж байх ёстой юм байлгүй” гэж ёозгүй хандагчид тэнд суусан өвөө эмээ нарын ихэнх хувийг эзэлж байсан. Гэсэн ч түрээсийн орон сууцанд өргөдлөө өгөх гэж буй хоёр хүнтэй тэнд тааралдсан. Нэг нь 81 настай буурал. Ганц дүү нь нас барж, хүргэн нь өөр хүнтэй суух болсноор орох оронгүй болоод буй зовлонгоо тоочиж, “над шиг ганцаараа хүнд бол болно шүү дээ, үхэхээр хураагаад авчих юм гэсэн” гээд шийдчихсэн сууна лээ. Харин нөгөөдөх нь саяхан тэтгэвэртэй гарсан эгч. Ам бүл наймуулаа, өрх толгойлсон эмэгтэй, хэнд ч юм их л гомдож яваа нэгэн гэнэ.
7
Ийн хэдэн мянгаараа шийдлээ хүлээж буй өргөдлийн хариу ямар нэг хэлбэрээр өгөгдөх нь. Харин тэр шийдэл үнэн зөв, нүдээ олсон байгаасай. Хүүхдийнхээ хажууд эсвэл хашаа байшиндаа амьдарч байгаа хэсгийн цаана орох оронгүй насны эцэст хүн заяандаа гомдож яваа цөөнгүй настнууд бий. Тэр бүхнийг алагчлалгүй, өндөр настнуудыг харж үзсэн нэр зүүхийн төлөө бүү ажиллаасай.
7
В.Батцэцэг