Засгийн газар хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй баахан хөрөнгө оруулалтыг баруун солгойгүй цацсанаа Төсвийн тодотгол хэлэлцэх үеэрээ хүлээн зөвшөөрсөн. Баригдаагүй сургууль, эмнэлэгэ, зам талбай, цахилгаан станц, орон сууцнууд гээд уртаас урт дараалал жирийж харагдана лээ. Ирэх жилийн төсөвт дуусаагүй бүтээн байгуулалтын 100 гаруй обьектийг нэмж санхүүжүүлэхээр хойш нь тавилаа. Бас л бөөн хэрүүлийн алим болж гэмээн төсвөө хүндрүүлж санхүүжүүлж таарна. Мөнгийг нь өгөөд байхад дуусгадаггүй энэ барилга байгууламжуудын дийлэнх нь манай төрийн тогтолцооны хямрал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүйн харгайгаас болсон байх юм. Эсвэл танил тохой татаж тендерт ялсан “дарга нарын” данстай компаниудын “мөнгө саах” гэсэн үйл ажиллагаа болж таарлаа. Асар их мөнгө ингээд дуусаагүй балгас болон ирэх жилийг хүлээн хэвтэх нь. Хариуцлага гэж баахан ярьсан ч хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Аргаа бараад үлдсэн мөнгийг нь арилжааны банкуудаас зээлж чадалтай хариуцлагатай нэгнээр нь дуусгуулах тухай ч ярьж байх юм. Яасан ч их хөрөнгө мөнгөтэй төр вэ. Цалин тэтгэвэр тэтгэмж нэмэхэд 200-хан тэрбумыг хэзээ нэмэх нь үл ойлгогдох зарчмаар төсөвтөө суулгах ухааны юм ярих мөртөө хэдэн зуун тэрбумын хөрөнгө оруулалт ийнхүү салхинд хийсч байгааг юман чинээ тоохгүй.
7
Хэн нь хөрөнгө мөнгөнд илүү хариуцлагатай хандсан вэ гэдгийг нийслэлийн ойг угтан Чингисийн талбайд болсон үндэсний үйлдвэрлэгчдийн яармаг худалдаа бат нот үзүүлээд өглөө. Чингис бондын хөрөнгөнөөс жижиг дунд үйлдвэрлэгчдэд тун өчүүхэн хөнгөлттэй зээлийг олгосон. Гэтэл тэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулаад зарж борлуулж байх юм. Импортын бараа агуулахад нь хахсанаас болж хямдарч байсныг сонссон болохоос биш /тэгээд ч тэд хэд дахин өндөр үнээр нугалж зах зээл дээр гаргадаг шүү дээ/ манай үйлдвэрлэгчид эргэлтийн мөнгөний байнгын боогдлоос болж шалтгаалан бүтээгдэхүүнээ ийнхүү 50 хүртэлх хувиар хямдруулж байсныг лав үзэж хараагүй. Үйлдвэрлэгчдэд мөнгө ямар их дутагдалтай байдгийг энэ зуурт мэдэрлээ. Олон ч хүн хэлж байна. Болсон болоогүй, бүтэх эсэх нь тодорхойгүй бүтээн байгуулалтад энэ их хөрөнгө мөнгө цацаж байхаар мануустаа жаахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийвэл мөн ч амархан босно доо гэж халаглаж байна. Дотоодын үйлдвэрлэлд оруулж байгаа хөрөнгө оруулалт хамгийн их үр өгөөжтэй байдаг. Дотоодын зах зээл дээр л хөрөнгийн эргэлт бий болно, мөнгөний урсгал эрүүл саруул зүрхийг тэтгэнэ. Байнгын хөдөлгөөнд орж байгаа мөнгө бага гэлтгүй эрэлт нийлүүлэлтийн алтан зарчмыг илүү бодитой болгодгийн жишээ энэ.
6
Газар тариалан эрхлэгчдэд Улаанбаатарт ирж амралтын өдрийн худалдаа хийх зөвшөөрлийг үнэ төлбөргүй олголоо. Ногоочид газар дээрх үнээр нь ченжийн гар дамжуулалгүй төмс, хүнсний ногоогоо боруулж байна. Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг шууд холбосноор хэн хэндээ ямар их хөрөнгө оруулалтыг хийв. Хийвэл болдог л юм байна ш дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа энэ мэт алхам бий ч нөгөө л тендер гэгчийн харгайгаар үнэ нь бууж өгдөггүй махны нийлүүлтийг гуравхан компани хийж байгаа. Үнийг нь хэт өсгөчихгүй байх бодлого баримталж байгаагаас биш махны нийлүүлэлтийг яавал ченжийн гар дамжуулчихгүй нийлүүлэх вэ гэсэн нэгдсэн бодлого даанч алга. Угаасаа ч 20 жилийн турш баригдсан нэг ч олигтой томоохон үйлдвэрлэл алга. Байгаа жаахан баялгаа зарж хүртсээр л өдийг хүрлээ. Эдийн засгийн тэр 17 хувийн өсөлт түр зуурынх. Ашигт малтмал, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унавал геометр прогрессоор л доошоо ниснэ. Бид үйлдвэрлэж чаддаггүй юм аа гэсэн ам бардам хариултыг олон дарга нараас сонсч байлаа. Тэгсэн хэрнээ сонин хэвлэлд ярилцлага өгөх болохоороо Үндэсний үйлдвэрийг дэмжигч баатрууд болно. Баатрууд өөрснөө импортын барааны мангасууд болохоор хэргээр үндэсний үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахан гаргахыг илүүд үзнэ. Ад үзэгдээд байгаа тэр Хойд Солонгосчууд өөрснөө бүгдийг үйлдвэрлэе гэсэн хатуу зарчимтай. Түүнийхээ хүчинд эдийн засгаа бусдаас хараат байлгаж чадсан. Дэлхий нүүрээ буруулаад байхад амьдраад болоод л байна. Тэдэнтэй харьцуулахад арай юу ч билээ гэж бодож болох л юм. Гэхдээ хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэсэн мундаг үг бий. Хэрэгцээгээ бүрэн хангадаггүй юмаа гэхэд ядаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж дөнгөөд байвал эдийн засаг ийм их савлагаатай байхгүй дээ.
6Н.Бадамжав