УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээсээ чөлөөлөгдөхөөр өргөдөл өгч шуугиан тарилаа. Тэрбээр сарын өмнө төсвийн тодотголыг хэлэлцэж байхад “Засгийн газар ажил цалгардуулаад байгаа хүмүүстээ хариуцлага тооц, хэрвээ та нар хариуцлага тооцож чадахгүй бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзъя” хэмээж байсан. Эр хүн, хэлсэндээ хүрчээ гэх нэгэн байна.
.
Түүний өргөдөлд дурдсанаар чөлөөлөгдөх хүсэлтээ хүндэтгэх шалтгаанаар хэмээн хуулийн заалтыг үндэслэснээс өөр шалтгаан тоочсонгүй. Р.Амаржаргал гишүүн ийн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь зарим нэгнийг хэтэрхий эрт баярлуулчихав. Түүний хувьд УИХ-д жагсаалтаар ороод ирсэн нэгэн бус. УИХ-ын 23 дугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдын олонхийн дэмжлэг аван сонгогдсон. Түүнтэй хамт УИХ-д сонгогдсон эрхэм бол БШУ-ы сайд Л.Гантөмөр. АН засгийн эрх барьж байгаа энэ үед экс Ерөнхий сайд Р.Амаржаргалд сайдын суудал олдоогүй нь хачирхалтай. Харин ч тэрбээр УИХ-аар асуудал хэлэлцэхэд, ялангуяа Засгийн газрын ажилд эсрэг байр суурин дээрээс шүүмжлэлтэй ханддаг. Манай намын ажил юм хойно алдаа гаргасан ч амаа хамхиад өнгөрчихье гэх тал зассан байр сууринаас бус ажил хэрэгч, шударга өнцгөөс асуудалд ханддаг нь Р.Амаржаргал гишүүний араншин. Тиймдээ ч өнөөдөр үнэнийг хэлснийхээ төлөө намынхандаа өширхүүлдэг гэмтэй биз.
.
АН-ын гишүүдийн өмнөөс хариуцлага хүлээн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдөл өгч, улстөрчийн соёл, эр зоргийг харуулж байгаа түүнд өнөөдөр магтаалыг харамгүй илгээж байгаа хэсэг байхад нөгөө талаас сонгогчдыг сонголтыг хүндэтгэсэнгүй гэх шүүмжлэгчид ч байна. Сонгогчид Р.Амаржаргалыг төрд төлөөллөөрөө сонгосон атал итгэлийг нь алдав. Тиймээс ч эрхэм гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэхийг сонгогчдоос асууж, саналыг нь авах хэрэгтэй гэж ажиглагчид хэлж байна. Түүний өргөдлийг яаравчлах хэлэлцэх гэж УИХ яарахгүй байгаа. Хуулиар тэд хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Тиймээс ч эрхийг барьж буй АН-ынхны хувьд Р.Амаржаргал гишүүний өргөдлийг яаран хэлэлцэхийг хүсэхгүй байна. Нөгөөтэйгүүр тэрбээр АН-аас нэр дэвшин сонгогдсон учир тус намын бүлэг болон ҮЗХ-оороо авч хэлэлцэх биз.
.
Хэн нэг суудлаа алдахыг хүсэх билээ. Парламентад олонхи болж чадаагүй ч эдүгээ Увсын хоёр мандатыг авахаар чардайж байгаа энэ үед ганц суудлаа алдана гэдэг АН-ын хувьд гарзын үүд нээгдэхийн дохио. Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлвөл хуулиараа нөхөн сонгуулийн товыг зарлана. Хэрвээ нөхөн сонгууль товлогдвол АН, МАН төдийгүй бусад улс төрийн хүчнүүд ч өрсөлдөх биз. Харин АН-аас хэн ч нэр дэвшин өрсөлдсөн найдвар тун муу. Учир нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд эдийн засаг унаж, иргэдийн амьжиргааны түвшин буурсан энэ үед сөрөг хүчний зүгээс сонгуулийн сурталчилгааны үеэр хийх хар пиар тун их. Бонд гаргаж улсаа өрөнд оруулсан, Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа гээд МАН-ынхан сонгуулийн сурталчилгаа төр, засгийн үйл ажиллагааг тайлагнах, дүгнэх индэр болгох биз. Үүнээс гадна АН-ын гишүүн нь өөрөө хариуцлага хүлээж байгаа нь намын дотоод зөрчил, хагарал туйлдаа хүрч, хариуцлагагүй байдал газар авсны илрэл гээд л авч өгөх биз.
.
Харин МАН-аас нэр дэвшигч хэн байх вэ гэдэг дээр ажиглагчид мэтгэлцээд эхэлсэн байна лээ. Ямартай ч “ХАС”-ын Ч.Ганхуяг л биш шүү гэх хүмүүс байна. Уг нь 2012 оны сонгуулиар Р.Амаржаргалын дараагаар сонгогчдын 30 хувийн санал авсан нэр дэвшигч бол Ч.Ганхуяг. Гэвч тэрбээр эрх баригч хүчинд эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ хэмээн Болдсайхан нарыг дагаж далдагнан, Төрийн ордон руу салаавч өгч тавьтиргүйтсэн нь олны дургүйцлийг хүргэсэн. МАН-ын бага хурлаас нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулахад Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар өрсөлдөнө хэмээн нэрээ дэвшүүлэх байх. Харин их хурлаа хийж, шинэ бүтэц зохион байгуулалтад орсон тус намынхан дээрх хоёр гишүүнээсээ сонгон нэр дэвшүүлэх нь юу л бол. МАН-ын дарга шинэ бүрэлдэхүүнээсээ хэн нэгний нэрийг дэвшүүлэх биз.
.
Шинээр бүрэлдээд байгаа МАН-ын дарга М.Энхболдын багийн хувьд ч энэ нь нэг том шалгалт болох юм. Учир нь нөхөн сонгуулиар МАН-ын ялах, ялагдах эсэхээс М.Энхболдын ба түүний багийн нэр хүнд хамаарна. Өмнөх сонгуулиудад ялагдал хүлээсэн намын нэр хүндийг аварч гарах уу, алдаад дуусах уу гэдгээ үзнэ гэсэн үг.
Ийнхүү Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл араасаа олон таамаглал дагуулж эхэллээ.
.
Н.Энх