Хэрвээ бид энэ орчлонд хэдий хэрийн цагийг зарцуулах эрхтэй ирсэн ба амьдрах хугацаагаа мэддэг байсан бол сэтгэлийн ямар их дарамтад орж болохыг хэлэхэд бэрх. Хэрвээ тийм байсан бол цагийг өдөр өдрөөр хасаж боддог болж таарна.
“Цаг хугацааны нэг эгшинд бүх зүйл ганц л удаа тохиолддог”, “цаг хугацааг цагаар хэмждэг” гэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн талаас нь харж энэ бүхнийг буулгаж байгаа юм. Харин “Цаг хугацаа бол орчлон ертөнцийн бүтцийн үндсэн хэсэг” гэх Ньютоны цагийн онол ч юм уу, үүний эсрэг“ цаг хугацаа бол ямар нэгэн үйл явдал, объектоос хамааралтай зүйл биш, ямар нэгэн зүйлийн урсгал бас биш бөгөөд харин үйл явдалыг жишиж харьцуулж дэс дараалалд оруулж байдаг хүний оюун ухаан сэтгэхүйн бүтэц“ гэсэн Кант нарын үзэл санааг жишин харьцуулж философийн цэцэрхэл хийх гэсэнгүй. Энэ зүгээр л цаг хугацааны үнэ цэнийн тухай, мөн хүний үнэт зүйлсийн тухай нэг бодол.
Надад өчигдөр 1 сая 600 цаг байсан өнөөдөр 1 сая 576 цаг боллоо, маргааш 1 сая 552 цаг үлдэнэ гэх мэтээр тоолж эхэлбэл юу болох уу. Ингэж хараад ирэхээр бид ямар ч хийдэл, дэл сул цаггүй, маш бүтээлч амьдрах болж мэднэ. Өнөөх төрсөн өдөр сүүлдээ баяр гэхэд хэцүү, эсрэгээрээ гуниглах өдөр ч болж мэднэ. 20 настай залуу байлаа гэхэд, ноднин надад 394200 цаг үлдсэн байсан, харин энэ жил 385440 цаг болж багасжээ. “Ура” гэх юм уу, нэг л сонин буугаад байна. Ийнхүү сүүлийн цагаа мэдэж цагаа хасах руу нь тоолох нь сайн талтай бас асар их сөрөг талтай байж таарах байсан биз. Гэвч энэ нь бид сонсож тооцох дургүйдээ тойроод байгаа болохоос бодитой явж л байгаа тоолуур, элсэн цагтай адил хэмжүүр. Хоногт 24 цаг жилд 8760 цаг байна. Үүнээс хоногт 6 цаг гэвэл 2160 цагийг унтаж өнгөрүүлнэ. Тархи хэмээх агуу компьютераа ингэж амрааж байхгүй бол бид өнөө оногдсон цагаа гүйцэд үрж амжихгүй мажийчихаж магадгүй юм. Хүн бид хоолгүй 40 хонож чадах бол усгүй, нойргүй 3 хоногоос илүү тэсэх бараг боломжгүй.
Хүн дунджаар 65 нас насалдаг гэвэл 569.400 цагийг амьдрал хэмээх зөрчлийн тойрогт өнгөрүүлэх нь байна. Сар болгон 30 хоног гэж авч үзвэл 720 цаг, жил бүр 365 хоногт 8760 цаг хасагдана. Ингэж харвал цагийн тоолол дуусч тэглэх өдөр бид ардаа юу үлдээж, ямар амьдралын түүхийг бичсэн байхыг хүсэх вэ ?.
Магадгүй энд асуулт өөрөө явцуу тавигдаж байж ч магад. Цаг хугацаа тэр дундаа нэгэн хүний бүх л амьдарлын цаг үеийн зорилго, утга учрыг хоёрхон асуултад багтаан буулгах гэх нь учир дутагдалтай. Бид бүхлээрээ хүн гэх бодгаль ба нийгмийн сүргийн амьтан боловч, өөр хоорондоо давтагдашгүй, ялгарал онцлогтой өөр өөрийн зам мөр, удам судрын бичээстэй сэтгэлзүйн давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий субъект гэдэг. Үүгээрээ бие дааж шийдвэр гаргах түвшинд хүрсэн хүн жилийн 8760 хасагдах цагаа юунд илүү зарцуулж, юунд хэмнэж хандахаа өөрийнхөөрөө шийдэх юм. Гэхдээ үүнд тухайн цаг үе ниймийн, улс төрийн хүчин зүйлс ихээхэн нөлөөтэй байх нь тодорхой. Нийгмийн хөгжил, цаг үеийн түүхэн онцлогоос хамаараад ахмад үеийнхэн өөрийн болгинохон цагаа эх орондоо, олны үйл хэрэгт зориулан морин дэл дээр дэрвэж, буу сэлэм агсаж явсаар тэглэсэн бол, дараа нэг нэгэн үеийнхэн бараг бүхлээрээ бүтээн байгуулж, шинэ нийгмийг босгоход бүх цагаа зориулсан байх юм. Түүний дараа үеийнхэн ч сурч боловсроход, цаг наргүй хөдөлмөрлөхөд бүх цагаа зориулдаг байсан бол бүүр сүүлийн нэгэн үеийнхэн бэлэн мөнгө босгож, оройгүй баяжихад жилийн 8760 цагаа бараг бүхлээр нь зориулан унтаж амрахгүй шахам явж ирсэн нь ч бий. Харин одоо үеийнхэн цагаа хэрхэн өнгөрөөж байгааг та бүхэн өөр өөрийнхөөрөө дэнслэн үзэх биз.
Бидний амьдрал гэж нэрлээд байгаа цаг хугацааны бүхлийг хасагдах талаас нь тоолох бол бид өдөрт 24 цаг, жилд 8740 цагаа эргэж авах боломжгүйгээр сампингийн нөгөө талд хийсээр байгаа. Жил өгсөх тусам хасах талд сампингийн эрх жагсаж, нэмэх талд амьдарлын цаг багассаар. 65 нас гэвэл 569.400 цаг. Гэхдээ ийм богинохон цаг хугацаанд хамтдаа амьдрах ч, түүнтэй харьцуулшгүй их хайр дурсамжаар урт удаан жаргалтай түүх бичих хувь зохиол хүн бидэнд л байгаа юм.
Цаг хугацааны эрх хасах талд шилжих бүртээ та бидний сэтгэлийн сайхнаас талхны булан шиг хэлтэрхийг цуг авч явчихаад байдаг. Бид мөнгө хөөж, материаллаг ахуйн сайн сайхныг бий болгохоор улайрч яваа үнэн. Цагийн хасах талд 569.399 цаг минут бөөгнөрч, амьдарлын хугацаа дуусч ирэхэд таныг мөнгө хөрөнгө биш, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд тань тойрон зогсох юм. Амьдрал үргэлжилж, та дурсагдан үлдэх болно гэдгийг тэд танд ойлгуулна, тайвшруулна.
Тийм учраас сүүлийн мөчид хамт байх халуун бүлдээ, хань нөхөддөө цаг их гаргаж, сэтгэлээ баян байлга. Уул шиг аавдаа, хангай шиг ээждээ, нар шиг ханьдаа, цэцэг шиг үр хүүхэддээ та хоногийн 24 цаг, жилийн 8760 цагийнхаа хэдийг зориулдаг вэ гэдгээ нэг тооцож үзэх нь, “цаг үрсэн” дэмий ажил болохгүй.
Мөнгө, ажил, цаг хугацаа гурвын хоршил бол сэтгэлийн супер хулгайч юм. Цагаа хасах тал руу нь тоолох хэрэггүй. Санаа зөв болоод, сэтгэл баян бол амьдрал төгсгөлгүй мэт гэдэг.
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |