Монгол гэр бүл цуврал нийтлэлийн маань дараагийн сэдэв “Ижил хүйстэн гэр бүл”. Юуных нь гэр бүл байдгийн гэж зарим хүн дургүйцэж болох. Гэвч хүн болж төрсөн л бол байгалиас заяасан бүхнийг тэгш эрхтэйгээр эдлэх бичигдсэн бас бичигдээгүй хуультай. Албаны хүний өгсөн мэдээллээр Монголд 600 орчим ижил хүйстэн гэр бүл байдаг гэнэ. Харин лесби, гей, бисекс, трансжендер /ЛГБТ/ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэдний төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд энэ тоог ор үндэсгүй хэмээн үгүйсгэлээ. Учир нь 600 хос байтугай 600 ЛГБТ хүн өөрөөрөө амьдарч чадахгүй байгаа гэсэн тайлбарыг өгөв.
6
Үнэн хэрэгтээ Монголд хичнээн гей, лесби хос байгааг битгий хэл хэдэн ЛГБТ хүн байдгийг ч тоолох боломжгүй аж. ЛГБТ төвөөс өнгөрсөн жил “Бэлгийн цөөнхийн хүний эрхийн хэрэгжилт” судалгааг хийхдээ ч баттай тоо гаргаж чадаагүйгээ тус төвийн нөлөөллийн менежер Д.Мөнхнасан хэлж байсан. ДЭМБ-аас гаргасан томъёоллоор тухайн улсын хүн амын 7-10 хувь нь ЛГБТ хүмүүс байх магадлалтай. Долоон хувиар бодвол 2.9 сая монголчууд дунд 203 000 бэлгийн цөөнх бий гэсэн үг. Гэхдээ энэ баталгаатай, албан ёсны тоо баримт биш. Тэгэхээр хамтран амьдарч байгаа гей, лесби хосын тоог ч гаргах боломжгүй. “Залуус эрүүл мэнд” ТТБ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардоржийн өгсөн мэдээллээр 200 хүний дунд судалгаа явуулахад 10-20 хувь нь хамтран амьдрагч хостой байсан гэнэ. Нарийн статистик гаргах боломжгүй ч түүний тодорхойлсноор 2000 оноос хойш гей, лесби хосын тоо нэлээдгүй нэмэгдсэн аж.
6
Цэгцэлмээр ойлголт
6
Гей, лесби хосыг гэр бүл гэхээсээ илүү хамтран амьдрагчид гэж нэрлэвэл илүү үнэнд ойртож, магадгүй хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцлийг бага төрүүлэх байх. Тэгээд ч Монгол Улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хориглосон. Манай улсын Гэр бүлийн тухай хуулинд “насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн дурын үндсэн дээр гэр бүл болно” хэмээн заасан байдаг. Эрэгтэй, эмэгтэй хэмээн хүйсийг тодорхой зааж өгсөн гэсэн үг.
5
Харин үүнийг ХЭҮК-ийн 2013 оны илтгэлд олон улсын конвенцийн үг хэллэгийг алдаатай орчуулсан хэмээн тэмдэглэжээ. Бүр тодруулбал, манай улс 1991 онд нэгдэн орсон НҮБ-ын “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц”-д байхгүй эр, эм гэх хүйсийг заасан нь алдаатай орчуулга болсон хэмээн “Бэлгийн цөөнхий эрхийн хэрэгжилт” судалгааны багийнхан дүгнэснийг иш татжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулинд эр, эм хэмээн хүйс заахгүйгээр зөвхөн насанд хүрсэн хүмүүс гээд оруулчихвал ялгаварлан гадуурхахгүй байгаагийн нэг илрэл болох аж. Энэ тохиолдолд тэдэнд зориулсан тусгай хууль ч шаардлагагүйг дуулгаж байсан. Залуус эрүүл мэнд төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “Албан ёсоор гэрлэж, гэр бүлийн хууль батлуулах нь нэн тэргүүний асуудал биш. Нийгмийн олонх хүлээн зөвшөөрөөгүй байхад хууль гаргавал хий хоосон зүйл болно. Харин ч тэр хүмүүсийг бүр илүү л үзэн ядахад хүргэж магадгүй” хэмээсэн. Магадгүй одоо тэднийг хэрээсээ хэтэрсэн зүйл шаардлаа гэх цаг үе байх. Гэвч ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгож, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ хэмээн эцэг хуулиндаа тунхаглаж, дагаж мөрдөнө хэмээн олон улсын гэрээ конвенцид нэгдсэн л бол энэ бүхнийгээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.
6
Аргентин, Бельги, Канад, Дани, Ирланд, Нидерланд, Норвеги, Португал, Испани, Өмнөд Африк зэргээр дэлхийн 20 гаруй орон ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Харин манай ЛГБТ хүмүүс хууль ёсны гэрлэлтийг бус хүн ёсны харилцааг нийгмээс хүсч байна.
6
Тэр ХҮН
6
Хүн бэлгийн амьдралаа хаа нэгтэйгээс олж, хэн нэгнээс сурдаг гэвэл инээдтэй ойлголт болно. Туршлагаар улам баяжигдаж болох ч цоо шинээр бий болохгүй. Тэгэхээр байгалиас заяасан бэлгийн чиг баримжаа зөвхөн ЛГБТ хүмүүст олдоод байдаг гэвэл эндүүрэл. Товчхондоо бэлгийн цөөнх гэж адлагдаад буй энэ хүмүүс эхээс төрөхдөө л ийм хүн байсан. Гей залуу Д арван нэгэн настайдаа өөрийгөө бусдаас өөр гэдгийг анзаарч эхэлсэн гэнэ. Хөвгүүдийг бус охидыг сонирхох ёстой гэсэн бодол үргэлж дагадаг байсан ч тэр яаж ч чадаагүй. Учир нь тэр төрөлхийн гей. Харин одоо тэр өөрийгөө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч бүр хосоо олчихсон, хайрлах хайрлуулах жаргалыг мэдэрч байгаагаа биднээс нуугаагүй. Хэдийгээр тэр бусдаас өөр ч хүнд хамаарах эрх бүхнийг эдлэх ёстой. Тэр дундаа гэр бүл үүсгэх эрхтэйг энд онцолж байгааг та бүхэн анзаарсан байх.
6
Д найз залуутайгаа хамтран амьдраад долоон жил болж байгаа. “Бие биендээ сайн болсон хүмүүс тусдаа амьдрах хэцүү. Гэвч тодорхой орчин л байхгүй бол өөрсдийгөө илэрхийлэхэд хэцүү. Тэгээд байр түрээсэлж амьдарна. Нэг жил болоод л нүүдэг” хэмээн өөрт тулгарсан амьдралын эрээн барааныг өгүүлнэ. Гей, лесби хосуудын ихэнх нь байр хөлслөн амьдардаг аж. Нэг байранд жил л амьдрах лимиттэй. Эмэгтэй хүн орж гардаггүй хоёр залуугийн амьдрал ойр тойрныхны анхаарлыг татдаг учраас эхнэр, найз бүсгүй гадаадад байгаа гэхчлэнгээр худал хэлэх нь энүүхний асуудал гэнэ. Учир нь тэдний үнэнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. “Ер нь монголчууд бие биенийхээ орон зайд их халдаж амьдардаг. Харин хүмүүс тэр дундаа гей, лесби хос бие биенийхээ орон зайд халдахгүй байх нь чухал. Хэн нэгнээ эхнэр, нөхөр шиг байлгахыг хүсдэг хос бий. Гей, лесби хүмүүсийн хувьд тийм зүйл битгий байгаасай, хэн хэнийхээ хувийн орон зайг хүндэтгэж амьдарвал бүх зүйл болно” хэмээн хэрхэн амьдардаг талаарх сониуч асуултад хариулт өгөв. Монголд байгаа хосууд аль болох нууцлаг амьдрахыг хүсдэг байна, тайван амьдрахад нь ач тустай учраас тэр. ЛБГТ төвийн менежерийн өгсөн мэдээллээр албан ёсны гэр бүл болоод гадаадад амьдардаг монголчууд цөөнгүй гэнэ. Өөрийнхөө үнэн төрхөөр амьдрах боломжтой болохоор тэр байх.
6
Гарцгүй зам
6
“Удам бузарласан" гэх гэр бүл дарамтыг ихэнх ЛГБТ хүмүүс мэдэрсэн гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. Товчхондоо энэ хүмүүст гэр бүлийн, ойр дотны хүмүүсээс нь ирэх дарамт хамгийн хүнд хэцүүгээр тусдаг аж. Гэр бүлийнхэндээ хэлсэн эхэн үед харилцахад их бэрхшээлтэй байсан учраас хэсэгтээ л ойр дотно байж чадаагүй гэх хүн байхад яагаад ч хүлээн зөвшөөрөгдөхгүй нэгэн бас бий. Лесби хосыг хүчээр салгаж, нэгийг нь хөдөө авч яван гэрийн хорионд оруулж байсан тохиолдол ч байна. Ингэж өөрийн хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эцэг эх өрөөлийн ижил тавиланг хараан зүхэх нь энүүхэнд. Тиймээс ихэнх гей, лесби хос гэр бүлээсээ нууцалдаг. Д гэр бүлдээ хэлээгүй, заавал тайлбарлах албагүй гэж үздэг аж. Гэвч нэг адилгүй, аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн хос бий. Аль аль талынхаа хүү, охин нь болчихсон. Эцсийн бүлэгт гэр бүлийн нэр хүнд үү, охин хүү нь үү гэсэн сонголтод тулах нь мэдээж. Хүүхдээ сонгосон ч үр удам тасрах нь гэж санаа зовних хэсэг ч байгаа. Д гэхэд өөрийн үргэлжлэлдээ санаа зовдог ч боломж байгаа учраас энэ асуудал биш гэж боддог гэнэ. “Өөрийнхөө үр удмыг үлдээе гэвэл үр шилжүүлэн суулгаж болно. Харин нийгэмдээ хариуцлага хүлээе гэвэл өнчин ядуу хүүхдийг хайрлан өсгөх боломжтой” гэж тэрбээр үздэг. Харин хүүхдийг өсгөх орчин, аюулгүй амьдрах нөхцөл байхгүй учраас хойш тавьсан асуудлуудын нэг аж.
5
ЛГБТ хүмүүс хамтран амьдарснаар уламжлалт гэр бүлийг устгах гэж буй мэтээр ойлгох нь өрөөсгөл. Бас Монголын ирээдүйд сөргөөр нөлөөлөх мэтээр асуудлыг томруулах нь утгагүй хэрэг. Ямартай ч тэд хүн учраас гэр бүл үүсгэх эрхтэй. Тэд бусадтай л адил асуудалтай, зовлон жаргалтай хосууд. Бусдаас өөр тавилантай төрсөн нь ялгаварлан гадуурхах шалтгаан биш.
5
В.Батцэцэг