Гурван талт бөөрөнхийлөл
2013-11-07

Үйдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэх эрхэм зорилготой Үйлдвэрчний байгууллага ээлжит шаардлагаа багцалж захидал болгон Их хурлын гишүүдэд илгээжээ. Гаднаас нь харахад удаан үргэлжилсэн хэлэлцээрээс залхаж, гишүүдийн хүн чанар, сэтгэл хөдлөлд нь хаягласан ч юм шиг, цаг үеэ олсон захиа.

:

Утгыг нь товчлон буулгавал 2014 оны төсвийн төсөлд Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг дунджаар 6-7 хувиар нэмэгдүүлэх юм байна. Энэ 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж цалин тэтгэврийг 46.9 хувиар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг гишүүн бүрээс хичээнгүйлэн хүссэн байгаа.

:

Үнийн өсөлт, инфляцийн өмнө байнга жижгэрч, айл өрхийн амьдралыг аваад явчих чадвараа алдаад байгаа цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ийм шаардлага, хүсэлт эхнийх нь бас эцсийнх нь ч биш юм. Өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэгдүүлээгүй ба үүний оронд үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж, 740 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжид олгосон гэнэ. Гэвч бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжсонгүй, эсрэгээрээ өссөн гэж сөрөг хүчнийхэн хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, энэ оны эхний хагас жилд 11.3 нийт 23.6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэвэрийг 46.9 хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй гэсэн саналыг үйлдвэрчний эвлэлийнхэн тавьж байна. Иймэрхүү агуулгатай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг, төрийн албан хаагчдын цалинг 1 сая төгрөг болгох тухай тавьсан шаардлага, талбайд хийсэн жагсаал, 3 талын уулзалт хэлэлцээрүүд нь бараг 10-аад жил явж байгаа ба энэ нь туг өргөх ёслол гэдэг шиг бэлэгдлийн чанартай, үр дүн гардаггүй талдаа ажил болоод байна.

:

Ийм болсон нь хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлагдах ба өнөөх л улстөрчдийн шоутай холбоотой. Цалин нэмэх талаарх мэдэгдэл яриа нь, хэн нэгний хувийн амбиц, нэр төрийн төлөөх нэг удаагийн арга хэмжээ, улс төрийн намын тоглолт болох тусам зорилго санаа нь бүдгэрч, нийгмийн дэмжлэг болоод итгэлийг унагааж ирснийг энд хатуу ч гэсэн хэлэх ёстой байх. Эдийн засаг бол амьдралын шаардлага бүрийг дагаад хөрвөөд байдаг улс төрийн намын амлалттай адилгүй. Бидний хүсч шаардахаас өөр зүйл, өөрийн хуультай, зүй тогтолтой гэдэг. Монголын эдийн засгийн бодит байдалд инфляци нь зардлын хүчин зүйлүүдээр голчлон тодорхойлогдож байгаа гэж эдийн засагчид хэлдэг. Тэгэхээр цалин хөлс тэтгэврийг нэмэгдүүлэх төсвийн мөнгийг нэмэх нь зөвхөн тооны илэрхийлэл болохоос чанарын өсөлт болохгүй юм. Гэхдээ цалин тэтгэврийг нэмнэ гэсэн орчинд ингэж шаардахаас өөр найдах зүйл байхгүй байгаа нь үнэн.

:

Монголын Засгийн газар инфляци, үнийн өсөлттэй ямар нэг хэмжээгээр тэмцэж байгаа гэвэл  цалин тэтгэврийг нэмэгдүүлснээр ялчихгүй гэдгийг бид ойлговол ойлгохоор болсон. Ирэх оны төсөвт суулгасан байгаа 200 тэрбумыг 400 тэрбум болгоод өсгөөд ирсэн ч үнийн өсөлт, инфляци гэсэн хямралын суурь шалтгааныг арилгаагүй цагт чанарын ялгаа гарах болов уу даа.

 :

Цалин, тэтгэвэр нэмэх, нийгмийн халамжийн чиглэлтэй шинэ хөтөлбөр  хэрэгжүүлэх талаар аливаа нэг амлалт, хөөрүү мэдэгдэл гаргах нь инфляцийн хүлээлтийг биеллээ олоход нөлөөлөх хүчин зүйл болсоор ирсэн. Үүнийг мэдэж байгаа ч жил бүр цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлнэ гэсэн уламжлалт “шоу”-гаа улстөрчид хийсээр байдаг.

.

“2014 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ хамтран Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг явуулж байгаа юм байна. МҮЭХ-ны явуулж байгаа үйл ажиллагаа тэмцэлийг бүдгэрүүлэх гэсэнгүй, гэхдээ тун танил сонсогдох энэ хэлэлцээр нь нэг талдаа 3 талт бөөрөнхийлсөн тунхаг батлах ажил болон хэлбэржээд удаж байгаа юм. Нэг талаас нь үүнийг магадлая, ер нь бол дэмжинэ, тайван амгалан бай гэх Засгийн газрын бөөрөнхийлөл, нөгөө талаас үүнийг магадлана гэлээ, бид тэмцсэн шүү гэснийг нь дамжуулах тэмцэгчдийн бөөрөнхийлөл, 3 дахь талд нь үр дүн муутайг нь мэдэж байвч төсөвт мөнгийг нь өсгөж батлаад олон нийтээс оноо авах гэсэн гишүүдийн бөөрөнхийлөл гэсэн гурван талтай, уламжлалт хэлэлцээр юм.

:

Гэхдээ одоо бид өөрөөр харах ёстой л байх даа. Эдийн засгийн өсөлтийг хангах, жижиг дунд бизнесийг дэмжих санхүүгийн тааламжтай орчинг бүрдүүлэхэд мөнгөний бодлогод бодитой зорилго, чиглэлүүд тусгаж, албан секторт ажиллаж буй 30 гаруй мянган аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийг бодитой дэмжиж, үндэстний эдийн засагтай болж, олигархуудаас импортыг салгаж авахын төлөө нэг эгнээнд зогсох цаг нь болсон гэж үзэж байгаа хүмүүсийг дэмжин жагсмаар байна. Монгол хүний үнэлэмжийг зөвхөн цалингаар бус өөр олон чухал зүйлсээр бодитойгоор хэмжих тэр зүгт явж байх бол бид хөгжинө, амьдрал орлого дээшлэнэ гэж  найдаж болно.

:

Энэний тулд нэг байтугай жагсч, үг үзэл бодол уралдуулж дуугармаар байна. Харин төсвийн мөнгөөр “зодож” цалин тэтгэвэрийг нэмж, үнийн өсөлттэй өрсөлдүүлнэ гэвэл эдийн засаг гэдэг эрхэм рүү дунд хуруу гаргахтай адил хэрэг болох биз. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбумыг нэмээд төсвөөс гаргах бол үнэндээ асуудал биш байх. Нэг хэсэг бусдын сейфэнд хэвтэж байгаа хэдэн тэрбумаар цэцэрлэг барих юмсан гэж шогширдог байсан бол одоо төсвөөс хэмнэсэн мөнгөөр цалин тэтгэвэр нэмэх талаар мөрөөдөж болно.

:

2008-2012 онд төсвийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын нийт 2904 хүнийг гадаадад аялуулахад 1.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс зөвхөн 2012 онд улсын төсвөөс урамшууллын зардалд 4759 хүнд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд 4.7 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт суулгасан талаар мэдээлсэн байна билээ. Их мөнгөөр гадаадын буудал хоолны газрыг тэтгэсэн байна. Энэ мэт юмыг нь сайн ухаж, шүүсийг нь шахаж, хэмнэлт хийвэл төсвөөс цалин тэтгэвэрийг боломжийн нэмэгдүүлчих мөнгө бараг гарна даа. Бид хий дэмий жагсах ч хэрэггүй. Төрд үүнийг хийх хүсэл эрмэлзэл байхад л болох юм.

:

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
mongol uls mohoj baina :
ta nar uneng bicheed l baidag ene ard tumen chini buur tarhinii turaald orchihson baina shu dee. yaj uuniig bolyulj yaj zov zamruu hotloh ni buur baihgui bolloo. ardchisan huvisgal tsus garaagu gej hudlaa yarij bsanaas barag tsus garaad temtssen ni deer ch baijuu
2013-11-08