Улс төрийн намуудын үе үеийн сонгуульд амлаж эрх баригчдын сэнтийд суулгасаар ирсэн нэг чухал зүйл бол ажлын байр нэмэгдүүлэх. 2009 он гэхэд манай ажилгүйчүүдийн тоо 131 мянга байлаа. Улсын хэмжээнд өнөөдөр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурчээ. Энэ бол зүгээр цаасан дээр байгаа тоо. Засгийн газруудын амлаж хэрэгжүүлсэн ажилгүйдлийг бууруулах хөтөлбөрүүдийн хэрэгжилтээр 300 орчим мянган ажилгүй иргэн ажлын байртай болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, нэг ч хүн ажилгүй байх учиргүй, харин ч 169 мянган ажлын байр илүүдээд байгаа юм. Сайхан залж байгаа юм шүү. Мануусыг тэнэг гэж боддог юм байх даа. Ажилгүй мянга мянган залуус цаана чинь гудамжинд лааз өшиглөж байна. Тэгсэн дахиад л шинээр 160 мянган ажлын байр бий болгохоор Засгийн газар судалгаа хийгээд эхэлчихэж. Нийлээд 340 мянган ажлын байр илүүдээд эхлэх нь л дээ. Ёстой мянгуужингийн үлгэр гэдэг л энэ байх.
6
Ажлын байрны зар мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор зарлагдана. Залуус очдоггүй ээ. Ажил олгогчид тэднийг ажлын шаардлага хангахгүй, мэдлэг боловсрол дульхан, хувийн зохион байгуулалт муутай гэхчлэнгээр өөлж гарна. Тийм тал ч бий байх. Гэхдээ юун түрүүн тэдэнд бурууг өгөхөөсөө өмнө боловсрол мэдлэг, мэргэшил олгоход нь төрийн зүгээс тэр тусмаа боловсролын тогтолцоонд бурууг өгөх нь зүйтэй санагдана. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ямар мэргэжил илүү эрэлт хэрэгцээтэй байна, Монгол улс ямар чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарах ёстой зэрэг боловсролын хэтийн бодлогын стандарт гэж юм даанч алга. Баахан нөхдүүд бэлдээд л байдаг нөгөө мэргэжлийнх нь эрэлт хэрэгцээ байдаггүй. Хүн болгон л тийм мэргэжилтэй болж тэгж сайн сайхан амьдарна гэсэн төсөөлөлтэй л байгаа шүү дээ.
6
Боловсрол олгогчид мөнгөний уутны амыг нээж хааж суудаг бирдүүд болчихсон. Мөнгө л өгч байвал хүссэнээрээ сурч болно. Сурахгүй байсан ч болно. Гэхдээ л та нарт дипломыг чинь олгоно. Сургуулиудыг чанаржуулж тоог нь цөөлнө гээд байсан. Хэдэн сургуулиудыг нэгтгэснээс өөр ямар ч өөрчлөлт гарсангүй. Сүүлдээ бүр төртэйгөө нийлж татварын төлөгчдийн мөнгөнөөс нэг оюунтанд 70 мянган төгрөгийн цалин сар бүр олгож байна. Гудамжинд лааз өшиглүүлэхийн тулд мань мэт нь халаасан дахь зоосоо татвар нэрээр тэдэнд хулгайлуулаад сууж байх юм гэнэ дээ. Хэдэн зуун тэрбум төгрөг баар рестораны орлогын эх үүсвэр болж цаасан дээрх 340 мянган ажлын байрны илүүдэлтэй Монголын ажилгүйчүүдийн эгнээг энэ жил төгсөх 60 орчим мянган залуусаар зузаатгах нь. Ам ажлын зөрүү алд дэлмээр ч тогтохгүй айл саахалтаар зөрж байгаа биз дээ.
6
Залуус гологдоод байвал сургаж болно оо. Гол нь тэдний цалин хөлс энэ амьдралд нь огт хүрэхгүй байгаа нь хамгийн том проблем. Залуу гэр бүл урьдчилгаа мөнгөө төлөөд байр орон сууцанд орох боломж алга. Хоёулаа нийлээд ч өрх бүлийнх нь орлого хүрэлцэхгүй байхад ирээдүйн сайн сайхны ямар төсөөлөлтэй байхсан билээ. Статистик тоонд ордоггүй болохоос тэдний маань дийлэнх нь сарын 500 хүрэхгүй мянган төгрөгийн цалин авч байна. Хоёулаа ажилладаг бол дөнгөж нэг сая. Идэж ууна, өмсч зүүнэ, наад захын хэрэгцээгээ хангана гээд явж өгнө дөө нөгөө хэдэн бор төгрөг нь. Ажлын байрны зар алхам тутамд таарч байгаа нь үнэн. Гэхдээ олонх нь хулхидна. Хэд хоног ажиллуулчихаад л “Өө та манайд тохирохгүй юм байна” гэхчлэнгээр баахан шалтаг тоочиж байгаад л явуулчихна. Цалин хөлс ч үгүйгээр шүү дээ. Манай хөдөлмөрийн зах зээл ийм л найдваргүй юм шүү дээ. Хариуцлага тооцдог засаг төрийн эрхмүүд ч байхгүй.
6
Нэг жишээ дурьдахад, “Компани арай дэндүү юмаа Говь-Алтайд байрлах уурхайд ажиллаж байгаа хүмүүсээ хагас бүтэн сайнгүй ажиллуулчихаад илүү цагийн мөнгөө огт бодож өгөөгүй байна яагаад ингэж байна гэхээр та ажил ажил хийгээгүй байж гэж доромжилсон байгаа юм” гэж сэтгүүлчдэд хандсан мессеж энэ мэтчлэнгээр өч төчнөөн. Хариуцсан яаманд нь хандахаар “Бид судлаж байгаа” гэхээс өөр зүйл дуугарахгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд өдрөөс өдөрт өсөөд л байдаг. “Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 300 тэрбум төгрөг жоорлочихсон байгаа. Гэхдээ хэзээ яаж нэмэхээ та нарт хэлэхгүй” гэж Засгийн газрын тэргүүн ард түмнээрээ даажигнасаар суух юм. Төрийн бодлого ямар уялдаа холбоо муутай, түмнээ хуурсан шинжтэй байгааг дурьдахад нэг иймэрхүү. Хэзээ бид чинь төр шиг төртэй байх болж байна аа. Боловсрол, хөдөлмөрийн зах зээл хоёр нягт уялдаж гэмээн ажилгүйдэл бодитоор буудаг болохоос биш хэн нэгэн нь үзэгнийхээ үзүүрээр баахан тоо сараачаад буулгачихдаг юм биш шүү. Эрхмүүд ээ.
7Н.Бадамжав