Гадаад валютын ханшийн галзуурлыг Монголбанкны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд нам дарж авсан гэж саяхан л хөөрцөглөөд байсан. Гэтэл валют тэр дундаа ам.долларын ханш дахиад л өсчихлөө. Уржигдархан хаалтын ханш 1714 байсан бол өчигдөр даруй таван төгрөгөөр өсөв. Арилжааны банкууд дээр бүүр 1734 болсон байх юм. Ноднингийн өдийд 1380 төгрөг байсныг уншигч та санаж байгаа байх. Уг нь ам.долларын үнэ харьцангуй тогтвортой тийм л цаг үе. Импорт эрс нэмэгддэг цаг биш ээ. Шинэ жил, Цагаан сар гээд том баярууд хоёр сар орчмын дараа л эхэлнэ. Гэтэл ийнхүү өдөртөө л огцом нэмэгдэх болж. Монголбанкны нөлөөгөөр гэсэн арга хэмжээгээр долдугаар сараас эхэлсэн огцом өсөлт 1790 төгрөгөөс 1650-д хүртэл буурч байлаа. Харин эргээд л дээшээ эрчимтэй нэмэгдэж эхлэв. Импортын бараа бүтээгдэхүүнээс үлэмж хамааралтай манай эдийн засагт валютын энэ чангарал хүчтэй савлагаа авчирна. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч төгрөг үнэгүйдэж эхэлнэ.
6
Иймэрхүү савлагаа эдийн засагт ямар их хүчтэй доргилт авчирч байсныг эргээд саная. Тухайн үед хөрөнгө оруулалт хумигдсантай холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ түүнээс дутахгүй доргиог валютын ханшийн чангарал авчирч импортлогчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дагалдуулан өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Үр дүнд бид бүхэн хохироод үлдэж билээ. Энэ гашуун сургамж дахиад л давтагдах нь. Улсынхаа мөнгөний бодлогыг барьж суудаг Монголбанкныхан зүгээр л гал унтраах төдий бодлого хэрэгжүүлж. Ийм хариуцлагагүй байж болох уу. Тэгвэл жил болгон мөнгөний бодлого боловсруулан батлаж хэрэгжүүлэх гэж УИХ нь үүрэгдэж суухын хэрэг юу байна вэ.
5
Ирэх жилийн төсвийг ид хэлэлцэж байна. Авилгажсан төсөв гэж нэрлээд байгаагийн нэг шинж энэ шүү дээ. Нөгөө том том яриад байсан хөрөнгө оруулалтууд таг зогсох нь. Бүтээн байгуулалтын олон том төсөл, барилга байгууламжууд гүйцэтгэгчийнх нь санаан зоргоор өсгөж байгаа мөнгөн дүнгээс шалтгаалаад хэзээ босч сүндэрлэх нь мэдэгдэхгүй болчихлоо. Ирэх онд 300-хан тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байгаа сурагтай. Халаасаа гөвчихсөн төр хаанаасаа үүнийг санхүүжүүлэх болж байна вэ. Дахиад л шав тавьсан болоод он дамжаад лөөлөө болно доо. Төрийн ажил нэг иймэрхүү л явдаг болсон байна.
56
Сонгуулиар эдийн засгийн наад захын тооцоогүй баахан барилга байгууламжийн шав тавьсан. Түүнийгээ санхүүжүүлэх гэж баахан мөнгө оруулчихсан. Яаж ч босохов дээ. Тавьсан өр зээл нь тоймоо алдлаа. 8.4 их наяд төгрөгт хүрч ДНБ-ний 45 хувиас давлаа. Оны эцэст 49.5 хувьд барина л гэж байна. Худлаа л даа. Их зардлын улирал эхэлж байна шүү дээ. Зуны урин дулаан цагт бол яая гэхсэн. Сард хоёр хувьд бариад байж болно. Одоо бол яагаад ч амжихгүй 60 хувьд нисээд л хүрчихнэ. Хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, валют ийм хөдөлгөөнтэй байгаа үед тогтворжуулж барьж чадахгүй гэдгийг эдийн засгийн наад захын ойлголттой хэн ч төвөггүй төсөөлж чадна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар бол 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн заалттай. Одоо дахиад мөнгө зээлбэл хуулиа зөрчсөн болж таарна. Зээлэхгүй байя аа гэхээр эдийн засгийн доргио цунами дэгдээх гээд байдаг. Нөгөө талаас ийм санхүүгийн найдваргүй орчинтой, батласан хуулиа хэрэгжүүлдэггүй найдваргүй нөхдөд хэн мөнгө зээлэх вэ. Самурай бондын мөнгө л гэж алтан найдвар атгасан хүмүүс л ордноор нэг хөлхөлдөж байна. Япончууд чинь манай Дорж, Дулмаатай адилгүй. Оруулсан мөнгө нь хэр найдвартай юманд зарцуулагдаж байна, эргээд төлж чадах нь уу үгүй юу, хууль эрхзүйн орчин нь ямар вэ гэхчлэнгээр олон талаас нь нягтлана. Цаг хугацаа ч чамгүй зарцуулна. Тэгэхээр Самурай бондын хөрөнгө гэгч тоонон дээр өлгөөтэй махыг ширтээд шүлсээ залгилж суухаасаа илүү гар хөлөө олигтойхон хөдөлгөж, толгой тархиа зөв ажиллуулсан нь дээр болов уу.
6
Импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж экспортоо урамшуулах, гадаад худалдааны алдагдлаа бууруулах, нийт эдийн засгийн дархлаа болон өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон алхмыг яаралтай хиймээр байна. Эдийн засаг, мөнгө санхүүд үүсээд байгаа олон эрсдэлийг ийм л дэс дараатай алхмуудаар зөөллөж чадна. Харин бидэнд хугацаа байхгүй. Урд нь бид мөнгөгүйн зовлонг үүрдэг байлаа. Харин өнөөдөр олсон мөнгөө дур зоргоороо цацсан хийгээд цацахын зовлонг үүрдэг болов.
6
Н.Бадамжав