Монгол гэр бүл Цуврал 4
6
Гэр бүл салалт энгийн үзэгдэл болохын хэрээр энэ сэдэв ч улиг болоод удаж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид л гэр бүл салалт болж бүтэхээ байлаа гэж ярихыг эс тооцвол авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлого шийдвэр байхгүй. Зөвхөн эхнэр нөхрийн хувийн асуудал болгон орхигдсоноор эрх чөлөөг эрхэмлэгчид хэтэрхий олон болж, нийгмийн нэг хэсэгт гэр бүл чихрийн цааснаас дор үзэгдэх болов. Гэр бүл салалтад нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч Улаанбаатар их сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар архидалт, хүчирхийлэл, гэрлэлтээс гадуурх бэлгийн амьдрал, үзэл бодол, зан чанар таарахгүй байх нь нэн тэргүүний нөлөөлөл болж буйг тус сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ хэлж байна. Харин энэ удаад бүхнийг тоочихгүйгээр үзэл бодол, зан чанар таарахгүй шалтгаанд дөрөөлөн гэр бүлийн салалтад боловсролын түвшин хэрхэн нөлөөлдгийг гаргахыг зорилоо.
.
Эсрэг хандлага
:
Гэрийн босс. Уламжлалт ойлголтоор бол гэрийн эзэн буюу нөхөр босс байх ёстой. Харин орчин үеийн үзлээр бол эхнэр нөхрийн хэн байхаас үл хамаараад дээд боловсролтой, өндөр албан тушаалтай, илүү их мөнгө олдог нь тэр гэрийн босс. Ажил албанд яригддаг байсан зэрэг зиндаа гэр бүлийн харилцаанд гүнзгий нэвтэрсний илрэл нь энэ. Ингэж хэн нэгний илүүрхсэн байдал гэр бүлийн харилцаанд зөрчил үүсгэж, салалтын шалтгаан болдог байна. Онолоор бол боловсрол мэдлэгийн түвшин дээшлэх тусам гэр бүл бат бөх байх ёстой. Өөрөөр хэлбэл, мэдлэг боловсролоо дагаад тухайн хүний ухамсар, үзэл бодол төлөвшиж, гэр бүл, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага өндөрсөнө гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр эсрэгээр, өндөр боловсролтой болохын хэрээр гэр бүлдээ хариуцлагагүй хандаж байгаагийн шалтгаан юу вэ?
.
Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнийн үзэж буйгаар энэ нь сэтгэлгээ, ёс суртахууны уналттай шууд холбоотой гэнэ. “Үзэл суртал, улс төрийн дэглэмийн хараат, хувийн өмчгүй байсан хүмүүс хэт эрх чөлөөтэй болж, хувьдаа их хэмжээний хөрөнгөтэй болсноор хувь хүний ёс зүй уналтад орж, мөнгө, эрх чөлөө, эрх мэдлээр бүгдийг шийдэж болдог гэсэн хандлагатай болсон” нь маш их нөлөө үзүүлснийг тэрбээр тайлбарлав. Товчхондоо мэдлэг боловсролын түвшин дээшлэх тусам хувь хүний эрх, эрх чөлөө чухалд тооцогдож, бусдаас хараат бус, бие даасан байхыг эрмэлздэг нь гэр бүлийн зөрчил үүсэх шалтгаан болдог. Нөгөө талаар боловсролын түвшинг дагаж албан тушаал, нийгмийн байр суурь, нэр хүнд, хөрөнгө мөнгө нэмэгддэг учраас эхнэр, нөхөргүйгээр амьдрал асуудал биш гэж үздэг байна. Нэг үгээр хэлэхэд, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих чадвартай учраас бүгдийг салалтаар шийддэг гэсэн үг. Энэ хандлага эмэгтэйчүүдийн дунд илүү их байдгийг судалгаанаас харж болно. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор дээд боловсролтой эрэгтэйчүүдийн 2.7 хувь, эмэгтэйчүүдийн 4.7 хувь нь гэр бүлээ цуцлуулсныг тогтоожээ. Үүнтэй холбогдуулан бас нэг статистик мэдээлэл дурьдахад эмэгтэйчүүдийн 2/3 нь өөрөөсөө доогуур боловсролтой нөхөртэй байна. Бүр тодруулбал, 20-34 настай докторын зэрэгтэй эмэгтэйчүүдийн 85.7 хувь, магистрын зэрэгтэй бүсгүйчүүдийн 76.8 хувь, техник мэргэжилтэй боловсролтой хүүхнүүдийн 72.4 хувь нь өөрөөсөө доогуур боловсролтой хүнтэй гэр бүл болсон судалгаа гарчээ. Миний хүү яахав ээ, охин дүү нь, эгч нь л гэсэн аав ээжийн алагчлал хожим эхнэртээ гологдол шалтгаан болсон ч байж магад.
.
Энэ бүхэн зөвхөн гэр бүлийн асуудал мэт боловч эхлэл нь боловсролын салбарт хүйсийн тэгш байдал алдагдсантай шууд холбоотой. Их дээд сургуулийн нэг ангид тэр дундаа нийгмийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын хэдэн хувь нь эрчүүд вэ гэвэл, маш бага тоо гарна. Тэгэхээр боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус байдал нь хожмын гэр бүлийн харилцаанд асар ихээр нөлөөлж, голж гологдохын дэнсэнд тулдаг байх нь. Салалтын санал гаргасан, гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Ихэнх тохиолдолд анхны санаачилгыг эхнэр гаргадаг гэсэн үг. Эхнэрүүд нөхрөө өөрчлөгдөнө, нөхрүүд эхнэрээ өөрчлөгдөхгүй гэж суудаг гэдэг. Гэтэл бодит байдал дээр бахь байдгаараа байгаа нөхөр өөрчлөгдсөн эхнэрт гологдож эхэлдэг байна. Яагаад, яах гэж гэсэн олон асуултын хариу эцэстээ салалт гэсэн ганцхан үгээр хариулагдаж, эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг хорвоо гэж хэнэггүй зөвтгөлд хүргэх юм даа.
:
:
В.Батцэцэг