Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор асан Г.Ганжаргалын амь насаа алдсан хэрэгтэй холбоотой ар гэрийнх нь зүгээс мэдээлэл хийлээ. Уг хэрэг өнгөрсөн оны долоодугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон байдаг. Түүнд хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Гурав дахь удаагаа задлан шинжилгээ хийх шийдвэр 05 дугаар 30 нд гарсан. Уг задлан шинжилгээний багт тухайн хэрэгт холбоотой хамт байсан эмч нар оролцож байгаад ар гэрийнхний зүгээс эсэргүүцэж шүүх шинжилгээний байгууллага үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж суулт зарлах гэж буйгаа мэдэгдэв.
Талийгаачийн эхнэр: "Манай гэр бүлийн зүгээс уг задлан шинжилгээнд Нүүр ам судлалын салбар зөвлөлийг оруулж өгөхгүй байхыг маш олон удаа шаардаж, гуйсан. Гэтэл нөхрийн минь гурав дахь задлан шинжилгээнд хэрэг болох үед хамт байсан Нүүр ам судлалын захирал Б.Батбаяр болон Нүүр ам согог заслын тэнхимийн эрхлэгч н.Гантөмөр гэх хүмүүс салбар зөвлөлд орчихсон байгаа юм.
Хавтаст хэргийн материалыг Нүүр ам судлалын төвд өгөх гээд байна. Энэ бол 100 хувь хувийн ашиг сонирхол орсон байна гэж үзэж байна. Гурав дахь шатны шинжээчийн дүн үнэн зөв бодитой гарах эсэх нь үнэхээр эргэлзээтэй болчихоод байна.
Талийгаач олон шарх, зулгаралттай, хувцас нь урагдсан байсан эдгээрийг өндрөөс унаад авах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд яагаад эдгээр нь үүссэн болохыг энэ удаагийн дүгнэлтээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулахыг хүсэж байна.
Мөн сар хүрэхгүй хугацаанд хэргийг яаравчлан хаах гэсэн үйлдэл болон хурууны хээг нотлох баримтын шаардлага хангахгүйгээр буруу авсан, тэр үед хамт байсан сэжигтэн гэж хэлж болохуйц эмч нар нь шинжээчийн багт нь орох гэж байгаа зэрэг үйлдлийг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хардаж байгаа юм. Физикчид, кримнологичид, математик суурьтай мэргэжлийн хүмүүс холбогдоорой. Бидний эцсийн найдвар болоод байна" гэв.
Уншиж байна |