Монголын Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилсээр байна. Тэд энэ сарын 6-наас эхэлж жагсаж байгаа бөгөөд "Багш ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын боловсон хүчин дутагдаж багшдах хүн үгүй болж байна, залуу багш нар гадны орныг зорьж хар ажил хийх нь илүү мөнгөний эх үүсвэр болж байна. Иймд энэ асуудлуудад анхаарч өгөөч гэх шаардлагуудын хүрээнд жагсаалаа үргэлжлүүлж байгаа юм.
Багш нарын төлөөлөл: Би боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаандаа ажиллахдаа 500 мянган төгрөгийн цалин авч байна. Авсан цалингаа өр зээл, ахуйн хэрэглээ аваад цаана нь ердөө 100 хүрэхгүй мянган төгрөг үлддэг. Энэ мөнгө бол бидний амьдралд үнэхээр хүрэлцэх хэмжээний мөнгө гэж үү дээ. Уг нь бид чинь хамгийн их цалин авах ёстой хүмүүс шүү дээ. Хүнд боловсрол олгоно гэдэг юу юунаас илүү баялаг билээ дээ. Цаагуураа өчнөөн мөнгө угааж, хүссэнээрээ үрэн таран хийж байгаа хэр нь бидний цалинг нь жоохон өгөх их л хэцүү асуудал бололтой. Одоогоор энэ салбарт ажиллах хүчин үгүй боллоо. Ирэх есдүгээр сард багш нар бүгд ажлаа хаячихсан байх вий.
Миний хувьд боловсролын байгууллагад 34 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ цаг үед боловсролын байгууллага их хэцүү байдалд ороод байна. Багшийн хомсдолоос болж нэг багш хоёр ангийн дунд гүйж хичээлээ зааж байна. Мөн ажлын ачааллаас болж маш их дарамтад орж байгаа үзэгдэл анзаарагдаж байгаа. Бидний авч байгаа цалин амьжиргааны түвшинд хүрэхгүй байна. Тийм учраас багш нарын жагсаалаараа дамжуулж хамгийн багадаа 50 хувь нэмэгдүүлж өгөхийг шаардаж байгаа юм. Цалин тодорхой хэмжээнд нэмсэн хэдий ч инфляц нь дээд цэгтээ хүрсэн болохоор бидний цалин хаанаа ч хүрэхгүй байна" гэсэн юм.
Ц.Наранцацрал
Уншиж байна |