ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтад ганцаараа тэнцсэн А.Мөнхтайван өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ажлаа албан ёсоор хүлээж авах байлаа. Харамсалтай нь даргын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр тамга тэмдгээ авч зугтсан шалтгаанаар ажлаа хүлээн авч чадаагүй. Маргааш нь дахин ирсэн ч мөн л элдэв шалтгаанаар Ц.Энхбаяр ирсэнгүй. Яг ийм үйлдэл дөрөв дэх удаагаа давтагдаж, Ц.Энхбаяр гэх том толгойтон төрийн байгууллагын ажлыг тоглоом тохуу болгов. ГССҮТ-ийн эмч, ажилтнууд цалингаа авч чадахгүй, өгөх ёстой хугацаанаас гурав хоногоор хэтрээд байгаа аж. Үүнийг энгийн асуудал гээд хойш тавья. Хамгийн чухал нь эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, нөөцөнд байсан эм тариа дуусч, тасалдаж эхэлснийг эмч нар нь хэлж байна. Шалтгаан нь гарын үсэг зурж, мөнгө шилжүүлэх эрхтэй дарга байхгүй. Энэ байдал ямар үр дагавар авчрахыг эмч сэтэр зүүсэн Ц.Энхбаяр хэн хүнээс илүү сайн мэдэж байгаа. Эм тарианы асуудлаас болж хэн нэгэн өвчтөний биеийн байдалд асуудал үүсвэл Ц.Энхбаяр хариуцлага хүлээх үү эсвэл түүний толгойг илж эвийлж байгаа эрхэм сайд Н.Удвалтай ярих уу?
:
Асуудлыг анхнаас нь хөөвөл Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай хариуцлага ярих ёстой. Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бүр тодруулбал, эрх мэдлээ хэтрүүлэн Ц.Энхбаярыг томилсон нь Н.Удвалын буруу. Монгол Улсад ганцхан байх мэргэжлийн эмнэлгийг дарга болох хэнээ туссан хэн бүхэн удирдах ёсгүйг энэ салбарыг толгойлж буй хүн бүгдээс илүүгээр мэдэж байх ёстой. Харин ямар холбоо сүлбээ, учир шалтгаанаар томилсон нь тодорхойгүй хүн нь өнөөдөр өөрийнх нь толгой дээр сандайлж, тушаалыг нь ч үл хайхран том толгойлж явна. Энэ бүхнийг товчхон бөгөөд бүдүүлгээр хэлэхэд, сайд Н.Удвал Ц.Энхбаяр гэх хүнд бүрэн базуулчихаж. Тамга тэмдгээ аваад зугтсан хүнийг “Хэзээ ажлаа өгөх боломжтой вэ” гэж аргадаж суугааг аятайхнаар тайлбарлахад хэцүү.
.
Н.Удвал, Ц.Энхбаяр хоёрын энэ утгагүй холбоо сүлбээнээс болж, ГССҮТ өнөөдөр эзэнгүй байна. Эзэн нь болж, удирдах байсан А.Мөнхтайван даргын суудлаас татгалзаж, ажиллах боломжгүй гэсэн өргөдлөө Эрүүл мэндийн яаманд өгөөд байна. Шалтгаанаа ар гэрийн асуудал хэмээн тайлбарласан гэнэ. Өөрийн хүслээр сонгон шалгаруулалтад орж, бүр ганцаараа тэнцэн, ажлаа хүлээж авах гэж удаа дараа очсон хүн гэнэт татгалзсаныг Ц.Энхбаяр, Н.Удвал нартай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Ц.Энхбаярын эрээ цээргүй үйлдэл, Н.Удвалын унхиагүй сул дорой байдлаас залхсан нь түүний татгалзах шалтгаан болсон байж ч болох. Ямар ч байсан Ц.Энхбаяр шиг дарга болохгүй л бол амьсгаа нь тасрах гэж буй мэтээр аашилдаггүй гэдгээ А.Мөнхтайван харууллаа.
.
Энэ бүхэн төрийн алба тэр дундаа Эрүүл мэндийн яамны ажил үүрэг хэрхэн явагддагийг харуулж байна. Ямар ч хүчгүй төр, суудал бөглөсөн эрх мэдэлгүй сайд. Нэгэн цагт томилсон байж болно. Нөгөө цагт халж чаддаг, асуудлыг шулуун шударгаар шийддэг байх ёстой. Харин хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт аяглалыг хувийн ашиг сонирхол, эрх ашиг гэж хардахаас өөрцгүй. Төрийн алба, төрийн сайд ганцхан хүнд үйлчлэх ёсгүй.
.
В.Хэрлэн