Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дан ганц инээдмийн баяр байхаа больжээ. Энэ өдөр нийслэлд бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэх товтой. Энэ өдөр өглөө эрт сайн мэдээлэлтэй гарахгүй бол зам засварын ажил эхэлж хаалт тэмдэг гэнэт тавигдсан байх магадлалтай. Үүнтэй зэрэгцээд замын санд мөнгө төвлөрүүлэх том ажил ч эхэлсэн байгааг өнгөрөгч амралтын өдрүүдэд замын асуудал хариуцсан дарга нар телевизийн эфирт хойморлож байгаагаас харж болно.
6
Нийслэлд 360 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн тоо байдаг. Хөдөлдөг унаатай бүхэн жилийнхээ авто тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны татвар хураамжаа төлөх хаврын их ажил эхэлжээ. Бид олон төрлийн татвар төлдөг. Тэдгээрийн дотроос эргээд шууд бидэнд тусах татвар бол дээр дурдсан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр.
6
Энэ жил тээврийн хэрэгслийн татвараас ойролцоогоор 19 орчим тэрбум, зам ашигласны татвар хураамжаас 7 тэрбум орчим төгрөг замын санд цуглана гэсэн төсөөлөлтэй байгаагаа зохих албаны хүмүүс хэвлэлээр мэдэгдлээ. Автомашинтай холбогдох аливаа татварт жолооч нар шилээ шөргөөн хойш суух нь бий. Мөнгө аваад л байдаг ч эрүү шүд салгах шахсан замаар явуулаад байсан нь ийн иргэд жолоочийн дургүйцлийг төрүүлдэг байлаа.
6
Харин өнгөрсөн жилийн замын ажлын дараа энэ хандлага өөрчлөгдсөн нь ажиглагдаж байна. Татвараа өгч болно хариуд нь замаа сайжруулах хэрэгтэй гэсэн иргэдийн санал уулзвар, гудамж зэрэг төслүүдээр амьдралд тусгалаа олох эхлэл тавигдаж байгаа. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж төсөл” гэж бий. Хотын авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох 16 уулзварыг өргөтгөх ажил өнгөрсөн жил явагдсан. Ихэнх нь түгжрэлийг бууруулсан үр дүнтэй ч зарим нь ухралт болсон гэсэн шүүмжлэлд өртсөн. Уг нь уулзвараар зохицуулаад дийлэхээ боливол тойрог тэгээд давхар зам тавьдаг дараалал гадаад орнуудад байдаг гэнэ. Харин манайх тойргоо уулзвараар сольчихсон гэж шүүмжлүүлсэн.
6
Энэ жил өргөтгөх уулзвар төсөлдөө энэ мэт санал шүүмжлэлийг эргэн харах нь зөв байх. Нийслэлийн авто замын дарга болон бусад мэргэжилтнүүдийн учирлаж байгаар бол энэ удаагийн замын төлбөр хураамжаас орох мөнгө шууд замдаа орж ажил эхлүүлэхээр хүлээгдэж байгаа юм байна. Зурагтын шинэ эцсээс Баянхошууны хөтөл хүртэлх зам тавих мөнгийг одоо бөөгнөрөх зам ашигласны татвараас босгоно гэж тэд мэдэгдэж байна. Энэ нь та бид хэдий чинээ татвараа хурдан төлнө төдий хэрээр замын ажил эрт эхлэж үр дүнтэй явагдана гэсэн учирлал.
6
Тиймээс зохих хууль, тогтоомж, дүрэм, журмыг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг энэ сарын 20-ны өдрөөс 5 сарын 31-ний хооронд авч дуусгахаар шийдвэрлэж тогтоол гаргасан байна. Үүнтэй зэрэгцээд замын ажил эхэлнэ, мөнгө нь араас яаралтай орж ирэх хэрэгтэй байна гэж иргэдээ уриалж байгаа хэрэг. Улсын хэмжээнд 2000 онд 118 мянган автомашин байсан бол өнөөдөр 489 мянга болтлоо өссөн байдаг. Үүнээс 300 мянга буюу 69 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Ойролцоогоор 300 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигчээс 60 хоногийн дотор багтаж 26 тэрбум орчим төгрөг татаж дуусгах зорилтыг Нийслэлийн удирдлага тавьжээ.
6
Өгсөн мөнгө нь зохих зүйлдээ зориулагдаж толигор сайхан замаар бөглөө гацаагүй явахыг бүгд дэмжинэ. Энэ ч үүднээс иргэд ААН-үүд замын татвараа идэвхтэй төлөх байх. Харин хураамжаа төлөх гээд очихоор гомдмоор орчин угтдаг. Цаг заваа алдаж оочерлож, зүрхээ зүсүүлээд буцдаг таагүй уламжлал энэхүү хаврын татвар хураалтын орчинд бий болсныг иргэд жил бүр шүүмжилдэг. Бүх л дүүргийн хэдэн зуун жолооч ганц умгар өрөөнд хөлсөө цувуулан дугаарлаж, орлогын мэдүүлэг авах гэж 200 төгрөг тиллер рүү шидэлж уур нервээ бардаг дүр зураг бий. 40, 50 хүний урд хоёрхон тиллер суучихсан сандарна. Энэ нь татвар хураалт дуусах хугацаа дөхөөд ирэхээр бүр ч төвөгтэй болж ирдэг. Энэ ужиг зохион байгуулалт муутай байдлаа халж иргэдийн цаг завыг хэмнэсэн дараалал бөөгнөрөлгүй ажлаа явуулах нь төрийнхний санаа тавих зүйл. Цахим хэрэглээ, мобайл банк гэдгийг хүн бүр шахуу хэрэглэж байхад нэг цонх гэдэг ТҮЦ шиг өрөөний аман дээр баахан хүн чихцэлдүүлж зогсоогоод гадаа нь машиныг нь сойгоод байдгаа ч эргэн харах хэрэгтэй байх.
5
Нэг цонх биш олон суваг боломжоор иргэд чирэгдэлгүй татвар хураамжаа төлөх хүсэлтэй байгаа. Нийслэлийн авто замынхан, татварынхан нэг цонхны олон зовлонгоо засахын цаана замын бүтээн байгуулалтад хүлээгдэж буй их мөнгө хурдан босох боломж бий.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/