Статистик судалгаагаар Улаанбаатар хотод нийлүүлж байгаа сүүний ердөө 14 орчим хувийг нийлүүлдэг үзүүлэлттэй гарсан фермерүүдийн төлөөлөл цугларч үг саналаа солилцжээ. Ерөнхийдөө улаанбаатарчуудын сүүний нийлүүлэлтийн 86 хувь нь хуурай сүү болчихоод байгааг яаж өөрчлөх тухай ярьсан гэж энэ хурлыг товч тодорхойлж болохоор. Тавин сая гарнаар тоологдсон таван хошуу малтай, үүнээс саалийн 7.4 сая толгой малын 600 орчим сая литр сүүний нөөцтэй байтлаа хуурай сүүгээр найруулсан хулхи сүү ууж суух бид үнэхээр хөөрхийлөлтэй гэмээр.
Социализмын үеийн сүүний шар машин хар үүрээр шинэ сүүтэй ирж дэлгүүрийн гадаа зогсож, хүмүүс саваа барин дугаарласан байхыг одоо үгүйлэн санагалзаад нэмэргүй. Энэ систем нурсан.
:
Малчид, фермерүүдийн дунд сүү цуглуулах цэг гэж одоо алга. Орон нутагт сүү цуглуулах цэг хоёр, гурвыг байгуулсан ч тэгсгээд цааш өргөжиж хөгжсөнгүй. Зундаа гэрээс нь ороод авбал литр нь 200 төгрөг гэдэг сүү хотоос 40 км зайд байж л байдаг. Хотод тэр үед нь 600 төгрөг болсон байдаг. Энэ гэрийн хаяанд ирж авах эзэнгүй гашлаад байгаа литр сүү бүрийг бөөгнүүлж авдаг системийг бий болгох хэрэгтэй байгааг салбарынхан хэлдэг ч хийсэн сэтгэсэн ажил одоогоор алга л байна. Сүүгээ дундаа цуглуулаад нэг дор тест хийлгүүлж ариутгаад, эрүүл мэндийн шаардлага хангахуйц шалгуураар нийлүүлдэг болчихвол зөвхөн фермер гэхгүй мал ахуйтай хувь хүн, өрхийг дэмжсэн ажил болох юм. Ингэвэл зундаа хөлсөө дуслуулан цэнхэр сав чирэх сүүг дамлан наймаалдаг завсрын ченжүүд ч байхгүй болно. Боловсруулах үйлдвэрийн хувьд айл болгоноос сүүг нь очиж авахад хүндрэлтэй байх тул төр энд дэмжиж оролцвол сайшаалтай юм.
:
Сая хол гарсан хүн амтай нийслэлийн сүүний нийлүүлэлтийг зөвхөн фермерүүд хангана гэвэл одоохондоо хол сонсогдож байгаа юм. 2012 онд 1200 фермер байсан гэж мэдээлсэн байдаг. Нэг фермер ихдээ 50 үнээтэй гэж бодвол одоогийн фермерүүд бүгд нийлээд 60000 орчим үнээтэй юм байна гэсэн ойролцоо тоо харагдана. Эндээс гарах сүү нь 400 гаруй сая литр хэрэгтэй байгаа сүүний эрэлтийн хаана нь ч хүрэхгүй нь тодорхой. Цаашдаа фермерүүдийг дэмжиж тоо нь нэмэгдэж ирэхэд байдал өөр болох биз. Гэхдээ л энд өнөөх л сүүг авах хадгалах системийн тухай л яриа нийлүүлэгч болоод үйлдвэрлэгчдийн хэн хэнийх нь толгойны асуудал байсаар байх юм. Монгол сүүг айл өрх бүрт хүргэх оновчтой систем байхгүй учраас бид импортын хуурай сүүгээр хэрэгцээгээ хангаж байгаа. Монгол сүүгээ уухын тулд малчдын сүүг авдаг зохицуулалтыг зөв болгох, фермерүүдээ дэмжих зэрэг нь цагаа олж дэвшүүлсэн асуудал мөн биз.
:
Сүүний нийлүүлэлтийг сайжруулах, фермерүүдийг дэмжихийн тулд тэжээл, борлуулалт гээд бүх зүйлсийг нь нарийн бодлогоор зохицуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлдэг. Одоо бол ихэнх фермер шаараар үхрээ тэжээж байна. Тэр нь хамгийн хямдхан тэжээл гэнэ.
:
Энд бас сүүний үнийн тухай асуудал байдаг. Фермер гэдэг шашны сүм биш ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тул ямар зардал гаргаад ямар ашигтай ажиллаж байна вэ гэдэг бол цаашид фермер хэвээр орших эс орших тухайд тавигдах асуудал. Өнгөрсөн жилийн тооцоо, судалгаагаар фермерүүдийн холбоо нэг литр сүүг 1050 төгрөгөөр гаргахаар тооцоолсон байсан гэнэ. Харин боловсруулах үйлдвэрүүд 650 төгрөгөөр авъя гэсэн санал тавьж. Энэ үнийн хоорондох зөрүүг урамшууллаар зохицуулахаар шийдвэрлэсэн хуульзүйн эрхийн актууд байгааг ч фермерүүд хэлж сануулж байна. 2012 онд гарсан хүнсний тухай хуулинд “сүү стратегийн бүтээгдэхүүн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм бол урамшуулал олгоно” гэж заасан байдаг. Гэвч энэ урамшууллаа 100 хувь авч байгаа юу гэвэл практик гэдэг юман дээрээ байхгүй гэж байна. Хамгийн сүүлийн байдлаар урамшуулал байхгүй нөхцөлд сүү боловсруулах үйлдвэрүүд 1000 төгрөгөөр сүүгээ аваад эцсийн бүтээгдэхүүнээ 1800 төгрөгөөр зарах нь тохиромжтой гэж үзсэн гэнэ. Нийлүүлэгч үйлдвэрлэгч нарын хоорондох энэ бүх үл зохицлын ард ХААН хэрэглэгч хэцүүдэж хуурай сүүг өндөр үнээр авч ууж хохирч байгаа юм.
:
Сүүний үнийг тогтворжуулах, зохих урамшууллаа авах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох гэсэн гурван гол зорилгын дор чуулсан фермерүүдийн үг санал төрд хүрч бодлого болно гэж найдья.
Манай улс сүүний хэрэглээнийхээ 80 хувийг гадаадаас импортолдог гэж мэдээлж байна. Импортыг халахаар улайрах болсон Ерөнхий сайдын төлөвлөгөөнд энэхүү жилдээ 36 сая тонн хүрдэг сүүний импортыг халах “СҮҮ” төсөл ба түүнд цацах мөнгө үлдсэн гэж найдья.
Халуун зуны сүү хөдөө айлын гэрт гашлаад байна гэнэ.
:
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |