Гуравдугаар сар сүүлийн арав хоногтоо оржээ. Намрын чуулган завсарлаад тун удахгүй ээлжит бус чуулган үргэлжилнэ гэсэн яриа ч сүүлийн өдрүүдэд таг чиг болов. Ээлжит бус чуулганы тов ч сураг алдарлаа. Уг нь нийгэм, зарим улстөрчид ээлжит бус чуулганыг хуралдуулж, үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, энэ оны төсвийн тодотгол, наанадаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа батлах байлаа. Гэвч ээлжит бус чуулганы тов өнөөг хүртэл гарсангүй. Ээлжит бус чуулганд бэлтгэл ажил ч хийгдсэнгүй. Учир нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдэн, дүгнэлт гаргасан байдаг. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2014 онд царцаасан 240 объектод хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсныг эс тооцвол бусад байнгын хороод хуралдсангүй. Намрын чуулганаар хэлэлцсэн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тайлагнаж байхад гишүүн С.Дэмбэрэл “ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулъя. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Хүндрэлээс гарах арга замаа хайж, эдийн засгаа аврах гарцыг олъё. УИХ-ын ажил их цалгар, назгай явагдах юм. Гишүүд нь ч чуулган, байнгын хорооны хуралдаандаа цагтаа ирэхгүй, хэлэлцэх асуудлаа хойшлуулах тохиодол намрын чуулганы хугацаанд их гарлаа. Үүнийг цэглэж, УИХ-ын дэгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулъя” гэсэн саналыг тавьж байсан. Гэвч эрхэм гишүүний санал талаар болох нь ээ. Өнөөдөр эсвэл ирэх даваа гаригт ээлжит бус чуулганы зарлахгүй бол үүнээс цааш хугацаа алга гэгч болох нь. Учир нь ирэх долоо хоногт хаврын чуулганы товыг зарлах биз. Уг нь өдийд хаврын чуулганы хуралдах тов хийгээд хэлэлцэх асуудлын жагсаалт тодорхой болчихсон, спикерийн захирамж ч гарчихсан байдаг байж билээ. Энэ удаад харин төрийн олон жилийн тогтсон уламжлалаас гажиж, намрын чуулганаар хавар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж чадаагүй, цаашлаад хаврын чуулгандаа гар хоосон хөл тавих нь ээ, төрийн түшээд.
5
УИХ-ын дарга саяхан БНСУ-д айлчлаад ирсэн, өнөөдрөөс хөдөө орон нутагт ажиллах юм билээ. Харин гишүүд намрын чуулганаа завсарлуулаад амралт сувилал, хувийн бизнесээ хөөгөөд Төрийн ордноос гадаалсан. Засгийн газрын сайд гишүүд, байнгын хороодын дарга, ажлын хэсэгт багтсан гишүүд л завсарлагааны хугацаанд мэр сэр үзэгддэг. Ямартай ч гишүүдийг гадаад, дотоод дахь ажлаа цэгцэлж, Улаанбаатар хотод төвлөрөхийг сануулсан захирамж одоогоор дуулдаагүй байна.
5
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудал нь Төсвийн тодотгол байлаа. Учир нь зарим барилга байгууламжийн объектийг царцаасан, зарим компани өмнөх онд хэрэгжүүлсэн ажлынхаа санхүүжилтийг аваагүйгээс ажил нь зогссон зэрэг олон ажил хүлээгдэж байгаа юм билээ.
5
Царцаасан объектуудад хийсэн аудитаар 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 обьект л энэ онд ашиглалтад орох боломжтой байна. Цаашлаад 24.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 23 обьектод дахин санхүүжилт төлөвлөх шаардлагагүй гэж үзжээ. Түүнчлэн 58.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7 объектын зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэх шаардлагатай юм байна. Хуульд заасан шаардлага нь хангагдаагүй 81 объектийн хөрөнгө оруулалтыг энэ удаад хойшлуулж, ирэх 2015 оны төсөв руу шилжүүлэхээр болжээ.
5
Дөрөвдүгээр сарын 1-нээс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хилийн боомтууд шинэ хууль мөрдөж эхэлснээр хөрөнгө оруулалтын асуудал хүндрэлтэй байгаа юм билээ. Тиймээс ч төсвийн тодотголын үеэр хилийн боомтуудад хөрөнгө оруулалтын хэрхэх асуудал сөхөгдөж магадгүй. Төрийн албан хаагчид цалинг хэдийд нэмэгдүүлэх талаар чих тавьж байна лээ. Гэвч Шинэчлэлийн Засгийн газар цалин хэдэн хувиар нэмэх, хэдийд шийдвэр гаргах хугацааг хэлэх шаардлагагүй гэж байгаа. Тиймээс энэ асуудал төсвийн тодотголд хамаарахгүй юм. Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран энэ жил төсвийн тодотголыг хоёр ч удаа хийх шаардлагатай гэж зарим улстөрчид ярьж байсан. Ханш нээх үе, хаврын чуулгантай зэрэгцээд их бүтээн байгуулалтын улирал ирж байна. Төсвөө батлуулж, өмнөх жилд хийсэн ажлын санхүүжилтаа төрөөс авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн ажил энэ удаад саатах дээрээ тулаад байгаа юм билээ. Төрийн цалгардлаас түмний ажил нурж, гацаж байна гэж компанийн удирдлагууд урин цагийг уур, бухимдалтайхан угтаж байна. Төсвийн тодотгол эдүгээ хүлээлт үүсгээд байхад Засгийн газрын тэргүүн “ тодотгол хийх шаардлагагүй” гэж өчигдөрхөн хэвлэлийнхэнтэй уулзахдаа хэлсэн нь тэднийг ийн бухимдалд “гал дээр тос нэмнэ” гэгч болсон бололтой. Бизнес эрхлэгчид ч Ерөнхий сайдтай уулзахдаа холбогдох хуулиудаа хэлэлцэн баталж өгөхийг хүсч байна лээ. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс өөрөөс бус төрөөс хамааралтай гацаанд нэлээн ордог бололтой. Тиймээс ч Газрын тосны тухай, Санхүүгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Татварын хөнгөлөлтийн, үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлттэй зээлүүд ажил хэргээ явуулахад батлагдаагүй, хэрэгжээгүйгээс хүлээлт үүсгээд байгааг Засгийн газрын тэргүүнд хэлж байсан.
5
Ийнхүү тов нь тодроогүй ээлжит бус чуулганыг хүлээж итгэл алдарсан иргэд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд эдийн засаг, төсөв, санхүүтэй холбоотой хуулийн төслүүдийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүлээж байгаа бололтой. Ханш нээхтэй зэрэгцэн эхлэх хаврын чуулганаар төрийн ажлыг хурдтай явуулах ухааныг түшээдэд хайрлаасай.
5
Н.Энхбат
Уншиж байна |