Ах намынханд орос ах нараас том бэлэг илгээжээ. Бэлэгний дугтуйнд ах дүүгийн найрамдалт харилцааг байшингаар баталгаажуулсан тухай байгаа гэнэ. Бүр тодруулбал, намуудын ах дүүгийн найрамдалт харилцааны бэлэг болгон Оросын ард түмний хөрөнгөөр барьсан Лениний музейн барилгыг ЗХУ-аас МАН-д бэлэглэсэн баримт иржээ. Оросын ард түмний хөрөнгөөр барьсан байшинг Монголын ард түмэнд бус нэг намд өгсөн тухай дурдсан гэнэ лээ шүү. Тиймээс л уг барилгын ширхэг тоосго, атга цемент ч Зөвлөлт холбоот улс, Монгол ардын нам хоёрын бат бөх харилцааны бэлгэ тэмдэг учраас өөр бусад нь гар хүрэх ёсгүй аж. Монголын төр ер нь хэнбугай ч энэ байшинд гар хүрсэн тохиолдолд хоёр орны найрамдалт харилцаа “будаа”. Орос Монголын найрамдалт, ах дүүгийн харилцаа хоёрхон давхар байшин дээр тогтож байгаа гэж зүүдэлсэн ч үгүй. Монгол Оросын ах дүүгийн харилцаа он цагийн эрхээр элэгдэж, нуран унах байшингийн балгасанд дарагдах гэнэ. Аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэгч л энэ байх.
6
Шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулж, шүүхийн бүх шатанд ялагдал хүлээсэн МАН-ынхан энэ удаа оросуудын нэрийг барьж, Монголын төрийг ч, 2.9 монголчуудын эрх ашгийг хэрхэн хөсөрдүүлж байгааг бид харж байна. Ард түмний дуу хоолой, эрх ашиг, амьдрал гэж уран донгодох дуртай нам ямархан хуурамч төрхтэй байгаагаа ганц байшингийн эзэмшил дээр ил тод харуулав. Үнэхээр л түмний төлөө дуугардаг, тэдний эрх ашгийг өөрсдийн шуналаас дээгүүр тавьдаг бол өдийд Лениний музейн барилга их засварт орж байх байлаа. Хэл ам дагуулан байж, элдэв цол гуншинтай болтлоо явж, хаа холоос авчирсан үлэг гүрвэлүүдийн ясыг уг байшинд дэлгэх зорилготойг Ах намынхан андахгүй сайн мэдэж байгаа. Ц.Оюунгэрэлийн амьдрах гэр, П.Алтангэрэлийн хувийн бизнест зориулахгүй. Ард түмэн тэнэг биш учраас үүнийг хүлээн зөвшөөрөх ч үгүй.
6
МАН-ынхан бас эрх баригчид өөрсдийн дураар шүүхийн шийдвэрийг өөрчилж, бусдын өмчийг булаан авах гэж байна гэж тэнэглэдэг. Эрх баригчид муйхар аргаар ханддаг юм байж. Тэгвэл анх эрүүл ухаанаар хандаж, үлэг гүрвэлийн музей байгуулъя, барилгыг өгөөч гэсэн хүсэлтэд МАН-ынхан ухамсартай хандаж болох л байлаа. Ард түмэн, тэдний эрх ашиг гэж уран донгоддогоо хий хоосон үг биш гэдгээ харуулах боломж, цаг хугацаа зөндөө байсан. Заавал шүүхийн шатанд тулж, эцэст нь бусдад бурууг тохох шаардлага огтхон ч байгаагүй. Ах намынхны шунал, ард түмний эрх ашгаас хэтэрхий дээгүүрийг хэн хүнгүй харж байна.
6
Лениний музейн барилгыг төрд өгөхөөр МАН-ынхан гудамжинд гарч, гуйлгачин болохгүй. Хотын А зэрэглэлийн бүсэд ард түмний хандив тусламжаар боссон Тусгаар тогтнолын ордон тэдэнд бий. Бусад намыг бодвол орд харшид тансагладаг хүмүүс. Гэтэл Лениний музейн барилгыг төртэй булаацалдаж, одоо бүр оросуудын нэрийг барьж, ах дүүгийн найрамдалд харилцаа ярьж суугаа нь инээдтэй хэрэг. Хэн нэгэн эрх мэдэлтэн, олигархийн халаасанд орсон байлаа ч шуналыг хязгаарлаж болдог. Нийтийн эрх ашгийн төлөө хийж буй ажилд чөдөр тушаа болох нь МАН-ынханд нэр хүнд авчрахгүй. Угаасаа утгаа алдаж байгаа намд улам л уруудах шалтгаан болно. Төрөөс том нам, түмний эрх ашгаас хүчтэй шунал сайныг авчрахгүй.
6
В.Хэрлэн