Асар их хүлээлтийн ард арай гэж бүртгэл нь эхэлсэн “Буянт-Ухаа-1” хорооллын зарим зохицуулалт иргэдийн урамыг хугалж байна. Орон сууц олдохгүйдээ Буянт-Ухааг ингэтлээ хүлээсэн хэрэг биш л дээ. Хотын А зэрэглэлд эсвэл ус агаар сайтай газар гээд орон байртай болох сонголт мундахгүй. Гэвч тэр бүхэн нь иргэдийн хэрээс хэтэрсэн үнэлгээтэй учраас хүссэн бүхэн хэрэгцээгээ хангаад байх боломжгүй. Тиймээс л харьцангуй хямд өртөгтэй “Буянт-Ухаа-1” хорооллыг тэсэн ядан хүлээсэн хэрэг. Хүний өмнөөс барих хэдэд нь арай дөхүү учраас өөрөөсөө харамлан байж, 30 хувийн урьдчилгаа бэлдсэн хүн цөөнгүй бий. Гэвч тэдний ихэнх нь “Буянт-Ухаа-1” хорооллын журмаар захиалгын гадна үлдэх нь тодорхой болов.
6
“Буянт-Ухаа-1” хорооллын захиалгад залуу гэр бүл хамрагдах эрхтэй. Тэд албан ёсны гэрлэлтийн баталгаатай байхаас гадна 35 хүртэлх насныхан байх ёстой. 35-аас дээш насныхан залуу биш учраас гэрлэлтийн баталгаатай байгаад ч нэмэргүй. Эсрэгээрээ нас нь шаардлага хангалаа гэхэд гэр бүлээ төрд данслуулаагүйн гайтай бас тулгарна. Монгол Улсын хэмжээнд 780 000 гэр бүл бий гэсэн статистик байдаг. Эхнэр нөхөр, хүүхэдтэйгээ та бидний хэлдгээр элэг бүтэн амьдарч байгаа 780 000 гэр бүлийн 12.8 хувь нь гэрлэлтээ батлуулаагүй байдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсээс гаргасан судалгаанаас харж болно. Бүр тодорхой болговол 99840 гэр бүл төрд дансгүй, албан бус гэсэн хэсэгт хаягтай. Өнөөгийн хэллэгээр бол 100 мянга орчим гэр бүл хамтран амьдрагч хэв маягт багтдаг гэсэн үг. Тэдний хэд нь нийслэлийн харьяалалтай гэдэг нь тодорхойгүй ч тэр бүхэнд “Буянт-Ухаа-1” хороолол хаалттай. Шаардлагын дагуу өнөөдөр эсвэл сарын өмнө гэрлэлтээ батлуулсан байлаа ч байртай болох хүсэлд тус нэмэр болохгүй. Учир нь 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр бүлээ батлуулсан байх ёстой гээд журамлачихсан. Нөгөө талаас нь харж үзье. Гэр бүлээ батлуулсан 35 хүртэлх насныхан зөндөө бий. Харин тэдний хэд нь урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай бол. Тийм ч их тоо гарахгүй л болов уу. Ингэхээр ЗАЛУУ ГЭР БҮЛ гэсэн хэсэг “Буянт-Ухаа-1” хороололд бараг л шаансгүй нь харагдаж байгаа юм. Учир нь нэг хэсэг нь 35-аас дээш насных “хөгшчүүл”, нөгөө хэсэг нь гэр бүлээ батлуулаагүй том толгойтнууд, үлдсэн нь 30 хувийг өгч чадахгүй төлбөрийн чадваргүйтнүүд. Тэгэхээр төрийн албан хаагч биш л бол 35 хүртэлх насны гэр бүл “Буянт-Ухаа-1” хороололд найдах хэрэггүй л болов уу. Яахав 1000 төгрөгөөр ТҮЦ машинд бүртгүүлж, азаа үзэж болох л юм.
6
Дараагийнх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор улсын хэмжээнд 108071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоог салбарын яам баримталдаг аж. Тэдний хэд нь нийслэлд амьдардаг нь тодорхойгүй. Харин 90 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэдгийг ХАХНХЯ-ны газрын дарга хэлж байна. Тэр бүхэнд тав тухтай орон сууц хэрэгтэй. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хэмээн давуу эрх олгосон ч эрүүл хүмүүстээ адил 30 хувийн урьдчилгаа төлж, 8 хувийн зээлд хамрагдах нь тэдэнд тийм ч амархан зүйл биш. Хашаа байшингаа зарж, урьдчилгаа төлбөрөө оллоо гэхэд гэр бүлийн орлого нь банкны шаардлагыг хангах эсэх нь мөн л эргэлзээтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл саруул хүмүүстээ адил шаардлага тавих нь тийм ч зөв зохицуулалт биш. Гэх мэтээр энэ бүлгийнхэнд ч найдвар тун бага байна. Хөгжлийн бэрхшээлтэйгээр түрүү барилаа ч урьдчилгааны, зээлийн босгыг давахад мухардалд орж магадгүй л юм.
6
Горьдлого тээсэн өөр нэг хэсэг бүлэг хүн бол өндөр настнууд. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй гэсэн заалт санаснаар хүртээмжтэй биш. 2014 он гараад 55, 60 нас хүрсэн бол квотын гадна үлдэнэ. Учир нь 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө журамд заасан насанд хүрсэн байх ёстой. Ингээд нэг хэсэг нь автоматаар хасагдана. Үлдсэнд нь амьдрал л болсон хойно асуудал мундахгүй. Нөгөө л урьдчилгаа, зээлийн төлөлт гэх мэтээр. Уг нь үхтэл үр харам гээд хүүхдүүдийнхээ хэн нэгнийг орох оронтой болгох хүсэл тэдэнд туйлаас их бий. Гэвч бүдрэх зүйл мундахгүй. Харин ээж, аавынхаа өндөр настан гэсэн тодотголоор насаараа хязгаарлагдаад байгаа 35-аас дээш насныхан бүртгүүлж болох юм. Тэгээд хамтран зээлдэгч гээд зүтгэвэл боломж харагдаж магадгүй.
6
Энэ бүхний эцэст “Буянт-Ухаа-1” хороололд багтах өндөр магадлалтай хүмүүс нь төрийн албан хаагчид. Төрд хоёроос дээш жил ажилласан дээр нь урьдчилгаа 30 хувьтай л бол тэдэнд “Буянт-Ухаа-1” хороолол нээлттэй. Наанадаж л ТҮЦ машины төрийн албан хаагч гэсэн цэсэнд гэрлэлтийн баталгаатай эсэх гэсэн асуулт байхгүй. Тэгэхээр бусад бүлгээс илүү боломжтой гэсэн үг. Дээр нь нийт байрны 60 хувийг төрийн албан хаагчдад өгнө гэсэн давуу эрхтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 80-аад мянган төрийн албан хаагч бий. Харин тэдний хэд нь өөрийн гэсэн орон байртай талаар Төрийн албаны зөвлөлд ямар нэг судалгаа, тоо баримт алга. Зөвхөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газарт гэхэд 32 мянган албан хаагч ажилладаг. Тэдний 30 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн тоог нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн. Тэгэхээр төрийн албан хаагчдаас урьдчилгаа 30 хувьтай дээр нь азтай эсвэл ар тал сайтай нь “Буянт-Ухаа-1” хороололд төвхнөнө гэсэн үг. Гэхдээ бусдыг бодвол илүү олноороо бас зарим нэг давуу эрхтэйгээр байртай болно.
6
“Буянт-Ухаа-1” хорооллын захиалгын журманд дүгнэлт хийхэд ийм байна. Ямартай ч нийгмийн нэг хэсэг ч атугай орон байртай болж байвал дараагийн ээлжинд нөгөө хэсэгт илүү боломж нээгдэнэ. Угаасаа 567 айлын багтаамжтай орон сууцанд хүртээмжийн тухай ярих нь оновчтой биш. Харин дараагийн ээлжийн захиалгын журам илүү уян хатан, илүү олон иргэнд боломж олгосон байгаасай.
6
В.Хэрлэн