Эрхэм гишүүд болоод улс төрийн хүчний зарим лидерүүд эгэл олны дунд орж үгийг нь сонсч байна. МАН-ын хэсэг төлөөлөл гудамж, захаар явж иргэдийг бүчүүлээд байгаа нь мэдээгээр гарч байна. Намаас нь албан ёсоор батламжлан түгээсэн мэдээллээр нь бол “Сар гаруйн өмнө 21 аймгаар ажиллаж, иргэдийн амьдралтай танилцаж явсан МАН-ын удирдлагууд өчигдөр үнийн өсөлттэй холбоотой асуудлаар газар дээр нь очиж танилцахаар нийслэлийн захуудад ажилласан” гэж байгаа. Газар дээр нь очиж амьдралыг харж ойлгосон энэ багт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар багтжээ. Тэд худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, үнийн өсөлтийн талаар судалгаа хийж иргэдийн санал бодлыг нь сонссон байна.
6
Ченжүүдийн ажлын байраар орж үзжээ. Олон жил ченж хийсэн залуу ярьж байна. “Энэ долларын савалгаа биднийг ч бусад иргэдийг ч маань хөлдөө чирж байна” гэж. С.Бямбацогт гишүүн зөрүүлээд асууж байна. “Яагаад ингээд доллар өсөөд байна, чи юу гэж бодож байна” хэмээхэд гайхсан залуу “Тэр дээгүүр юу болж байдгийг бид яаж мэдэхэв. Харин, та хэлж өгөөч” гэж байх юм. Гишүүн хоёр ч удаа ченж залууг “чи хэлчих” гэж гүрийсний эцэст өнөөх дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан гэх зэрэг жижүүрийн тайлбараа хэлээд өнгөрч байх шиг байна лээ. Урьд засгийн асар их бэлэн мөнгөний амлалт түүндээ хүрэх гэж нүүрсээ тавиад Чалкогоос баахан доллар авчихсан, одоо түүнийгээ төлж, нүүрснээс улсад нэг ч доллар орж ирэхгүй байгааг ярьсангүй. Ийм том сэдвээр зовлон жаргал ярьж суухад цаг хугацаа нь ч хүрээгүй байх. Дагаж яваагүй болохоор телевизийн мэдээнээс харсан сонссон хэмжээнд ингэж харагдлаа. Дараа нь Барс захын иргэдтэй хийсэн уулзалт гарч байна лээ. Худалдаа эрхлэгчид хил гаалиар доллароор тооцож татвар авдагаа больчихвол их тустай болохыг хэлж байна. Мөн түрээсээ дагаад үнэ нэмэхээс өөр аргагүй болж байгаагаа ч ярьж байна. Худалдаачид “Төгрөгийн ханш суларч валютын ханш өсч байгаа ч бид үйлчлүүлэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан барааныхаа үнийг нэмж чадахгүй юм. Жаахан л нэмэхэд авах хүн олдохгүй, долоо хоног өнгөрөхөд нэг ч бараа зарахгүй байх тохиолдол ч олон байна” хэмээж байлаа. Энэ бол яг амьдрал дээр хэдэн бор төгрөгийг гараас гарт өгч авалцаж байгаа жирийн иргэдийн үг, амьдралын дүр зураг мөн. Дээрээс ирсэн төлөөлөгчид иргэдийн яриаг сонсонгоо хөмсөг зангидан толгойгоо дохиж л байна. Ийм нэг “ Ирлээ, харлаа, явлаа” гэсэн уулзалт болоод өнгөрчээ.
5
Элгээрээ хэвтсэн ард түмэндээ “эргэлт” оруулж, амьдралд ойртох МАН-ын ажилтай зэрэгцээд нөгөө талд нь АН болон Ерөнхий сайд бүтээн байгуулалтад цацах тэрбум тэрбум төгрөгүүдээ хэрхэн хуваарилж өгөх гэж байгаагаа хэвлэлээр сурталчилсан өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдаас ам.долларын ханш, үнийн өсөлт гэж аминд тулсан асуудлыг сөхөж асуувал энийг судалж байгаа ажлын хэсэг гаргасан гэж дурамжхан хариулна. Сүүлдээ цайрч манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал гэсэн холч ухаантай сургаалаа хэлсээр байгаа юм. Бүсээ чангалж зөв замдаа орж импортлогч биш экспортлогч орон болж дахин цэнгэлийн манлайд хүрэхийг бүгд л дэмжиж байгаа. Харин тэр болтол нь энэ нимгэн хэтэвчээрээ үнийн өсөлтийг дааж гарах нь улам хүнд болж байгааг иргэд бүхий л боломжоор 1111 төвд утсаар болон гишүүд төрийн төлөөлөлтэй нүүр тулж уулзах боломж бүрт хэлж дамжуулж байна. Иргэдэд МАН-ын дарга нарын өрөвч харц, ерөнхий сайдын далай шиг бондын мөнгөний сураг биш өнөөдрийн ачааг нь хөнгөлөх санал санаачилгууд хэрэгтэй байгаа юм.
5
Харин ухаалаг болж буй төрийнхөн төсвийн мөнгөөр туйлсан хэвээрээ элдэв сонин гаж гэмээр санаачилга гаргаж ядарсан олны эгдүүцлийг хүргэж байна. Нэг дүүргийн ИТХ-ынхан бөөнөөрөө Ipad авч ухаалаг хуралтай болох санаачилга гаргасан бол 3 тэрбумаар орж ирсэн хогны уутыг хөгжүүлж бариултай болгоход нэмж 1.3 тэрбум хаяхаар шийд гаргаж байна. Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг шиг албан тушаалтан эрх мэдэлтнүүдийг долларын өсөлт харин тойроод байгаа юм болов уу даа. Сүүлийн хоногуудад ийм жишээ их болж байна. Жирийн иргэдийг олон дарамтаас нь хэсэг ч болсон хөнгөлчих хэдэн арван сая төгрөгөөр Ipad авч хурлын тэмдэглэл портокол хөтлөх цаас хэмнэнэ гэх юм уу, тэрбумаар нь мөнгө нэмж хогийн уутаа улам гоё болгоно гэж ярьж суугаа төрийн түшээд, ард түмний төлөөлөл байгааг харамсалтай гэхэд багадаж байгаа юм.
6
Сүүлийн хэдэн жилдээ анх удаагаа Монголбанкинд тушаасан алт өссөн дүнтэй гарч, гадаадаас орж ирэх валютын урсгал багаар ч гэсэн нэмэгдэж, долларын ханшид нөлөөлж болох эдийн засгийн суурь хөрс бий болж байгаа талаар өнгөрөгч өдрүүдэд мэдээлэгдлээ. Үүний зэрэгцээ төсвийн тодотгол хийгээд царцаасан обьектийг гэсгээх ээлжит бус чуулган болох эсэх нь эргэлзээтэй, мөн Рио Тинтогийн хаширлал ба Оюутолгойн гацаа энэ хавраа даах магадлалтай байгаа нь нийгэм эдийн засгийн амьдрал дахь төрийн оролцоо санаачилгыг бүдэг болгон харагдуулж байгаа юм.
5
Ирлээ, харлаа, явлаа тэд. Ингээд МАН чуулган эхэлтэл хэсэг таг биз. Эрх баригчид бүтээн байгуулалт эхлүүлээд завгүй. Тэгэхээр бид ам.долларын дарамт үнийн өсөлтийн хүндрэлийг өөрсдийнхөөрөө дааж тэсэх л хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ бүхэн дараагийн сонгууль хүртэл биш энэ жилдээ дуусна гэж найдья.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/