Крым саналаа өглөө. 1.524.563 хүн саналаа өгснөөс 95.7 хувь нь Оростой нэгдэхийг зөвшөөрч ердөө 3.5 хувь нь л татгалзсан дүн мэдээ гарлаа. Украин их баавгайн өмнөөс сөрөн зогсохын тулд Европын холбоо, АНУ-ыг түшсэн ч хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд Орос геополитикийн бодлогын давамгай байдалтайгаа шинээр сануулав. В.Путин Сочигийн олимпид анхаарлаа хандуулаад Украин, Крымийн хойгт огтхон ч анхаарлаа хандуулж чадаагүй гэсэн тооцоогоор Украин, өрнөдийн орнууд хөдөлсөн боловч чухамдаа ам руугаа алгадуулсан л хэрэг явдал болж хувирлаа. Хэдийгээр Крымчүүдийн 30 орчим хувийг укрианчууд эзлэдэг хэдий ч санал асуулгын дүнгээс харахад элэг нэгтнүүдтэйгээ нэгдэхийг хүссэнгүй. Уугуул гэгддэг татарчууд ч төрөлх халимагчуудынхаа дэвшүүлсэн тусгаар байх саналыг хүлээж авсангүй.
5
Орос, Европыг холбосон стартегийн чухал байршил бүхий энэ бяцхан хойг оросуудыг байгалийн хийн хоолойн байршлаар өрнөдийг дарамтлах гол түшиц газар болж хувирав. Украины хөрөнгө оруулалт зогссоныг далимдуулан Оросууд тэдэнд юун түрүүн асар их хөрөнгө оруулалт оруулж эхэлсэн. 200 хүрэхгүй ам.долларын цалинтай крымчүүдийн орлогыг гурав дахин нэмэгдүүллээ. Өөдөө өгсөхөө больсон Оросоос үлэмж хамааралтай Украины дарамт дор байснаас улам бүр хүчирхэгжсээр байгаа их баавгайг түшсэн хувь илүү санагджээ. Уг нь 1992 онд Оросыг бууран доройтох ахуйд Украиныг түшсэн нь өнөөдөр алдаа гэж олонхиороо шийдсэн байна. Түүхийн туршид сэргэн мандаж явсан крымчүүд өнөө маргаашийнхаа хоолны төлөө санал өглөө гэж өрнийхөн шуугиад эхэллээ. Үнэний хувьтай л шүүмж. НАТО зүгээр байхыг хүсэхгүй ч бас л хүчин мөхөсдөнө. Оростой нэгдэх нь хууль бус гэж АНУ мэдэгдэж байгаа ч алсаас гар сунгаж чадахгүй. Афганд хүчээ барж бүтэн 12 жилийн турш өөх ч биш булчирхай ч биш бодлого баримтласныхаа горыг иргэдийнхээ хатуу шүүмжлэлээр хүртэж яваа тэдэнд Украины асуудлаар зоригтой шийдвэр гаргах боломж тун хомс.
5
Олон үндэстний цуглуулга болсон Крымд талх хэрэгтэй. Европын холбооны бодлогоор эдийн засаг нь хямарсан Грек тэргүүтэй олон улс гашуун жишээг мэдэх тэд олон жилийн өмнөөс Украины харалган бодлогыг идэвхтэй шүүмжилж байсан. Өнөөдөр хариугаа авлаа. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний эв нэгдэл зэрэг амин асуудал Крымд хамаагүй. Гагцхүү айвуу тайван амьдрал, баталгаат амьжиргаа, их гүрний нөмөр нөөлөг л чухал. Тураг ядрахаар уулаа гэдэг шиг өчигдөр л харааж байсан нөхөдтэйгөө эвлэлдэн нэгдэхийг хүсэв.
5
Крымийн жишээнээс монголчууд бид олон зүйлийг ухаарч, харж байгаа байх. Мангасын дунд ядуу зүдүү байж тусгаар тогтносон нэртэй улс гэсэн нэр зүүснээс аль нэгнийг нь нөмөрлөвөл яасан юм бэ санаа цухалзвал яана. Хоёр хөршийн аль нь ч дуртай хүлээж авна даа. Маш эмзэг эдийн засагтай, маш уртаар бодож сэтгэдэг, маш дур зоргоороо ярилцаж, маш дур зоргоороо асуудлыг шийддэг ард түмэн шүү дээ. Үндэсний соёл уламжлал, эх оронч сэтгэлгээ, эв нэгдлээ эрхэмлэх үндэсний дархлаагаа сэргээхгүй бол крымийн араас гүйгээд орчихно.
6
Дэлхий хуваагдлын өмнө байна гэж сүүлийн үед их ярилцах болсон. Ирээдүйн хуваагдсан дэлхий ямар байх талаарх ерөнхий зураглал ч гарчихаад байна. Одоохондоо Орос, Хятад хоёр эв түнжинтэй л байна. Мөнхийн дайсан гэж байдаггүй мөнхийн эрх ашиг байдаг гэдэгчлэн өрнөдийн ноёрхлын эсрэг хамтрахаас өөр аргагүй. Тэд дарагдаад ирэхээр хоорондоо өрсөлдөж л таарна. Дунд хавчуулагдсан Монгол эрт орой хэзээ нэгэн цагт Украины зовлонг эдлэж нэг хэсгээ тавиад туучихвал яахав. Үндэсний үзлийг илт доргиогоод өвөр Монгол, буриадаа нэгтгэе гээд савлаад эхэлбэл юу болох бол. Орос, Хятадууд бүүр далдаас энэ үзлийг дэмжээд сүүлд нь үндэсний эрх ашиг нэрийн доор хилийн дагуу цэргээ байршуулбал бас яахав. Боломжгүй мэт тооцовч эдийн засаг шалдаа доройтоод хоёр хөршийнхөө үсрэнгүй хөгжлийг санааширч газар нутгаа түрээслэх ухааны зүйл сэтгээд эхэлбэл Монгол оршин тогтнох уу. Саяхан л бид солонгос, япончуудад говь нутгаа түрээсэлчихвэл яасан юм гээд ярилцаж суусан даа. Дэлхийн шинэ хуваагдлын өмнө үндэстнээ авч гарах саруул ухаан хэрэгтэй байна даа бидэнд.
6
Н.Бадамжав