Эвт шаазгай буга барина
2014-03-16

Эдийн засаг хүндхэн байгаа нь маргашгүй. Хэчнээн статистик тоо баримт дэлгэж өөрийгөө өмөөрөвч бодит байдал дээр 2013 оноос угшилтай эдийн засгийн хүндрэлээс Монгол салах яагаа ч үгүй байгаа нь анзаарагдах болов. Гэхдээ халагламаар уруудах шинжгүй сэргэх төлөвтэй байгаа тухай гадны шинжээчид хэлж байна.

Бизнесийн орчин хумигдсан нь хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн тоо өмнөх оноос буурнаар харж болно. 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470-аас 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгжээс 926 болж тус тус буурсан байна. Мэдээж дагаад орлого буурна. Хасах үзүүлэлт рүү эрчимтэй тэмүүлж байгаа доройтлыг гал намжаах гэж өрийг баруун солгойгүй тавьсны харгайгаар улсын гадаад өр 5.6 тэрбум ам доллар, дотоод өр 2 их наяд төгрөгт хүрлээ. Байдал хэрхэн хүндэрснийг төвөггүй төсөөлж болохоор байна шүү дээ.

1

Бонд өрнөөс хэт хамааралтай байх нь эдийн засгийн ямар ч өсөлтийг хий хоосон хөөс болгоод л үлээчихнэ. Хөрөнгө оруулалтын урсгал бодит зах зээлийн жамаас гадуур яваад байгаа нь үр өгөөжөө өгөхгүй байгаа юм. Алсын ирээдүйд ашгаа өгөх бүтээн байгуулалтад асар их хөрөнгө мөнгө төсөвлөн цацаж байгаа нь ойрын ирээдүйн санхүүжилтийг хийх мөнгөгүй болгож байна. Засаг төр эдийн засгийн амин судлуудыг тэтгэх нөөц боломжийг энэ бодлогоороо үгүй хийж байгаа нь өөдөө сэргэх боломж бололцоог хаасан хэрэг юм.

1

Асар олон төсөл хөтөлбөрт тарамдсан хөрөнгө мөнгө хугацаа алдах тусам хэд дахин илүү зардал нэхдэг бүхэл бүтэн гаж тогтолцоо болоод хувирчихлаа. Нэг тэрбум төгрөгийн өртөгөөр босох барилга байгууламж жилийн дараа 2.5 тэрбум болж байна. Тэрний дараа  гэхчлэнгээр эцсийн бүлэгт босохдоо 10 тэрбумын босго даваад талийж орхино. Энэ үр ашиг муутай төслүүдийнхээ хөрөнгө оруулалтыг хэсэг зуурт царцаах бодлого баримталж байгаа нь сайшаалтай ч дагалдаад баахан ашиглалтгүй балгас болсон барилга байгууламж, хий хоосон хөрөнгө оруулалт болоод л хоцорч байгаа нь харамсалтай.

1

Ам долларын чангаралт аж ахуйн нэгжүүдийн жинхэнэ толгойны өвчин болж байна. Доллароор авсан зээлийн хүү, ханшийн хэлбэлзэлийн зөрүүнд төлж байгаа төлбөрөөс болж олон аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Хэдэн банкууд л дундаас нь овоохон ашиг олж байх шиг байх юм. Валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд 573 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээж, валютын чанаргүй зээл 87 тэрбум төгрөгнөөс 222 тэрбум төгрөгт хүрээд байна шүү дээ. Хэрвээ засаг алсыг харсан, ухаалаг бодлогыг сөрөг хүчинтэйгээ зөвшилцөөд хөгжлийн бодлогоо гаргачихсан бол асуудал ингэтлээ дордчихгүй байлаа. Бондоос босгосон мөнгө үржих ёстой байтал хөгжлийг гацаах өр болон үлдэж байна. Засаг тунгалаг байж болно. Дээр нь нэмээд ухаалаг байж чадсан бол тооны хойноос хөөцөлдөж, хөөсөрсөн эдийн засгийн өсөлттэй байхгүй байлаа.

1

Бид хэдхэн том төсөл хөтөлбөр дээр л анхаарлаа хандуулья л даа. Төмөр зам, эрчим хүчний салбарт ТЭЦ-5, уул уурхайд Оюутолгой, Тавантолгойн төсөл, ган, зэс хайлах, нефть, нүүрс боловсруулах зэрэг төслүүдээ санхүүжүүлье. Импортыг халж чадах үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн шиг дэмжье. Мөнгө гаргаж өгөхөөсөө гадна ижил төрлийн импортын бүтээгдэхүүнд ахиухан шиг татвар ногдуулаад шинээр тоног төхөөрөмж оруулж ирсэн тохиолдолд татварыг нь багасгах, үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын урамшуулал олгох зэргээр дэмжээд өгвөл эдийн засагт мөн ч том сэргээш болно доо. Нүүрсний экспортын зогсонги байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт, төгрөгийн нийлүүлэлтээр дэмжигдсэн импортын хурдацтай өсөлтийн үр дагавраар гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн. Дээр нь улсын өр зээл, валютын ханшийн 20 гаруй хувийн уналтаас л болж байдал эвгүйцсэн шүү дээ. Ийм эмзэг эдийн засагтай байгаагийн учир шалтгаанаа бид сайн тодорхойлсон. Одоо энэ эрсдлүүдээс ямар байдлаар гарах талаар талууд биенээ чичлэх бус ширээний ард тохой залгаж суугаад эвтэй шийд, бодлого гаргах цаг нь болчихоод байна. Байдал тэгтлээ дордчихоогүй. Эвт шаазгайнууд буга барихын үлгэрийг үзүүлэх л хэрэгтэй байгаа юм.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
ok ok ok:
gazriin tos bolovsruulah uildver. oyu tolgoi. tavan tolgoi. tumur zam. tsahilgaan stants. zes hailuulah uildver.
2014-03-16
maanag:
huvi zaya tuurug tavilandaa l naidhaas daa goe gangan yu ch yariad beejin moskva bidniig bosgohgui ni deer ni uuriinhuu heden luivarchin hulgaich naraasaa yagaad ch salj chadahgui ni dee
2014-03-16