Тамсагт гал гарч, түшээд гадаалсан өдрүүд
2014-03-16

Малайзын онгоцонд санаа зовниж, Украины үймээнд чих тавьсан долоо хоног өнгөрлөө. Хилийн чанадад өрнөж буй сайн, муу бүхний талаар өөр хоорондоо ярилцаж, элдвийн таамаг дэвшүүлэх нь нэг талаар саваагүй нохой саранд хуцаж буй хэрэг боловч нөгөөтэйгүүр дэлхийн хаана ч өрнөж буй үйл явдлаас хоцрохгүй бусадтай хөл нийлүүлэн алхаж буйн илрэл. Ийн дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй түг түмэн үйл явдлын нэгэн адил эх оронд маань ч амьдрал буцалж байна. УИХ-ын эрхэм түшээд цаг заваа ашиглан тойрогтоо ажиллаж төрийн ордон эл хульхан байгаа бол нийслэлийн удирдлагууд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаа танилцуулав. Энэ мэтээр цаг бүр өрнөсөн үйл явдлуудаас онцлох хэмээн доорх мэдээллийг тоймлон хүргэж байна.

1

Танилцлаа, одоо яах вэ

1

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, долларын ханш чангарсан нь ардчиллынхны буруу гэж үзсэн МАН-ынхан газар дээр нь ажиллав. Ажиллах ч гэж дээ, үнэндээ бол сонсогчийн үүрэг гүйцэтгэв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын тэр энэ гишүүн энд тэнд ажиллана гэсэн үг хаа хол хөндий хоосон сонсогддог болоод удаж байна. Ард түмний амьдрал хэцүү байна гэж олны өмнө уран донгоддог ч шийдвэрлэсэн асуудал нэг ч байдаггүй нь тэдний ажлыг хий хоосон сүржигнэл болгон харагдуулдаг. Өнгөрсөн долоо хоногт “Найман шарга” валют арилжааны төв, Дэнжийн мянга дахь “Хүчит шонхор” зах, “Барс” бөөний худалдааны төвд өнжсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын ажил ч ийм маягаар өнгөрөв.

1

Валют арилжааны ченжүүд валютын ханш цаашид буурахгүй, харин ч өсөх магадлалтай байгааг МАН-ынханд дуулгасан. Тэгвэл МАН-ын бүлэг валютын ханшийг бууруулахын талаар хэрхэн дуугарах нь сонин. Харин Дэнжийн мянгын худалдаачид эрхэм гишүүдэд нэлээн сайн жавтий хүртээгээд амжсан. Тэд “Бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гээд хар бор ажлыг нугалж буй худалдаачид руу чичлэхээ болих ёстой. Бензин түлшний үнэ, валютын ханш өссөнөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Цөөхөн хэдхэн монголчууд байж, намчирхаж, талцаж явдгаа болих хэрэгтэй. Та бүхний хэн нь төр удирдлаа гээд ард түмний амьдрал сайжирсан түүх үгүй” хэмээн чухам үнэнийг цөөн үгээр илэрхийлсэн. Ажил, амьдралтай газар дээр нь танилцаж, иргэд олон нийтийн үгийг чихээрээ сонссон төрийн түшээд юу бодож, асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхолтой асуулт хэвээр үлдэв.

1

Сав нь байгаа юмсан

1

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэсэн сайхан үг бий. Харин өнгөрсөн долоо хоногт өрнөсөн нэгэн үйл явдал энэ үгийг будилуулж орхив. Хэн нь эзэн нь болж, эд хөрөнгөө мэдэх гээд байгаа юм, бүү мэд. Дэлхийн хэмжээнд суурин цирктэй маш цөөхөн улсын нэг нь Монгол. Цагтаа цалгиж явсан Монгол циркийн амьдрал өнөөдөр гундуухан байгааг хэн хүнгүй хэлнэ. Жүжигчид нь хувь хувиа бодож, нэг тогоонд чанагдахаа болиод удаж. Монголын уран нугараачдыг, циркчдийг дэлхий шагшин магтдаг. Харин эх орондоо тэд хэн ч биш. Бэлтгэл сургуулилт хийх боломж ч хомс. Уг нь сав нь байгаад байдаг. Дэлхийд тун ховор суурин циркийг өөд нь татаад, өөриймсгөөр хандах сэтгэл дутаад байгаа учраас хөндий хоосон байшингаас өөр юм үлдсэнгүй.

1

ШӨХТГ-аас циркийн үйл ажиллагааг есөн сарын дотор сэргээх албан шаардлагыг АСА циркийн удирдлагуудад хүргүүлжээ. Эс тэгвээс циркийг улс буцааж авна гэсэн утгатай О.Магнайгийн гарын үсэгтэй албан бичиг Д.Дагвадорж аваргыг ихээхэн бухимдуулав. Гэрээгээр өгсөн зүйлийнхээ араас төр хариуцлага ярих нь зүйн хэрэг. Харин Д.Дагвадорж аварга улсын ажлыг ид бяраа гайхуулдаг сумогийн дэвжээ гэж андуурсан бололтой. Намайг дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэрийг гаргаж явахад О.Магнай юу хийж байсан юм хэмээн аварга ихэд бухимдаж харагдсан.

1

Гал дээр тос нэмсэн бас нэг үйл явдал нь циркийн уран бүтээлчдийн хийсэн хэвлэлийн хурал байлаа. “Монгол циркийн Ахмад зүтгэлтнүүдийн холбоо”, “Монголын циркийн холбоо”, “Монголын үндэсний цирк”, “Circus mongolia Khadgaa”, “Шинэ цирк төв” болон Хөгжим бүжгийн коллежийн Циркийн танхимын эрхлэгч, найруулагч нар АСА циркийн удирдлагуудад таатай дүн тавьсангүй. Цирк анх хувьчлагдаж байх үед сургуультай амьтан олон байсан. Гэтэл одоо ганц ч байхгүй болсон бөгөөд циркийн жүжигчид хавчигдаж, хөөгдөн туугдсаар бэлтгэл сургуулилтын өрөөгүй болсон. Тиймээс жүжигчид тус тусын зам мөрөө хөөн хувийн цирк байгуулсан хэмээн тэд мэдэгдэв. Одоогоор циркт 138 жүжигчин байгаа боловч цалин авдаггүй, “АСА” циркт 2007 оноос хойш уран бүтээлийн тоглолт тавигдаагүй гэх мэтээр Дагваа аваргын чихийг халууцуулах цөөнгүй мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Ямартай ч цирк хэрхэн дэнжигнэж байгааг хэн хүнгүй харж буй. Нэг нь хэвлэлээр нөгөө нь твиттерээр тулсан хоёр эрхмийн эрх ашиг юу байх нь үзэгч бидэнд тийм ч хамаатай асуудал биш. Гагцхүү урдаа барьдаг байсан улсын цирк маань ар өврөөс нь ордог түрээсийн байр болчихгүй байгаасай.

1

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д томоохон осол гарлаа

1

Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлодог “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын ил байгууламжийн хэсэгт гал гарч, найман машин өртсөн осол гарлаа. Уг осол оройн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Тосон уулын талбайд газрын тос ачих үеэр гарсан байна. Бүр тодруулбал, Матад сумын нутаг дахь Тосон-Уул XIX олборлолтын талбайд байрлах газрын түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт зургаадугаар ээлжийн 10 машин тос ачих үеэр гал гарчээ. Ачилт хийж байсан 10 машины баруун захаас гурав дахь машинд гал гарч, дэлбэрсэн байна. Улмаар зэргэлдээ зогссон бусад машинууд шатжээ. Ослын улмаас “Дачин Тамсаг” компанийн эзэмшлийн экспортын тос тээвэрлэдэг найман машин галд өртөж, шатжээ. Энэ үеэр БНХАУ-ын харьяат хоёр мэргэжилтэн амиа алдаж,  Хятадын “CNPC” компанид жолоочоор ажиллаж байсан 40 орчим насны эрэгтэй түлэгдэж, Бичигтийн боомтоор дамжин өмнөд хөрш рүү хүргэгджээ. Харин ээлжийн оператор Цэдэнзэлэм ачилтын шахуургыг яаралтай хааснаар бусад олон хүний амийг аварсан байна.

1

Энэ осолтой холбогдуулан БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн Ерөнхийлөгч болон Хятад талын бусад албаны хүмүүс ирж газар дээр нь ажиллаж байгаа аж. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн олборлолт хийдэг Дорнод аймгийн Тосон уулын 19 талбайн түүхий тосны экспортыг түр зогсоогоод байгаа юм. Ослын шалтгаан ирэх долоо хоногт тодорхой болох аж.

1

Өлсгөлөнгийн эсрэг дуун хоолойнд Монгол нэгдэв

1

Өнгөрсөн долоо хоногт манай улс гадны зочид төлөөлөгчид ихтэй байлаа. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсээс зарласан өлсгөлөнгийн эсрэг олон улсын 32 дугаар бага хуралд оролцохоор дэлхийн 40 улсын 200 гаруй төлөөлөгч эх оронд маань саатав. Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан энэ удаагийн бага хурал нь бүс нутгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, өлсгөлөнг арилгахад тулгамдаж буй асуудлуудад гол анхаарал  хандуулсан юм. Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн нийт хүн амын 2/3 нь буюу 63 хувь нь Ази, номхон далайн бүс нутагт амьдардаг аж. Мөн дөрвөн хүүхэд тутмын нэг нь тураал, шим тэжээлийн дутлаас шалтгаалан бие болон оюуны хөгжлийн хомсдолтой байгааг энэ хурлын индрээс дуулгаж байв. Тиймээс өлсгөлөнг тэглэх зорилтод нэгдсэн 40 улсын 200 гаруй төлөөлөгч ухаан бодлоо уралдуулж, гарах гарцыг эрэлхийлсэн байна. 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум гаруй болж өсөх тооцоо бий. Тиймээс энэ хүмүүсийг хоол тэжээлээр хангахын тулд нийт хүнсний үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээнд 60 хувиар, хөгжиж буй орнуудын түвшинд 77 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Гэвч үржил шимтэй хөрсний ихэнх хувийг аль хэдийнэ ашигласан учраас хүнс үйлдвэрлэлийн салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай байгаа аж. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү бага хурал манай улсад зохион байгуулагдсан нь бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулаад зогсохгүй төр засаг хийгээд ард түмэнд өлсгөлөнгийн талаар тодорхой ойлголт өгсөнд ач холбогдол нь оршиж байгаа юм. Хэдийгээр өлсгөлөн манай улсын хаалгыг тогшоогүй ч бүс нутгийн хэмжээний асуудалд анхаарал хандуулах нь зүйн хэрэг билээ.

1

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
tsirk :
tsirkiig odoo butsaagaad ugchih heregtei sh dee tertee tergui tsusllachinguudiin idej bdag tusviin mungiig tsirked zoriulhad yadag uim dahiad hend ch bitgii ug sardaa neg 2 toglood baihad aldagdal ni baga bh blgui dee dolgorsuren guain huuhduuded yamar hoolguidchini gh yum bh bish dee huuhdiin farkiig deeremdsen humuus tamd unah ni todorhoi davgaa odoo erthen butsaaj uguud neree bodoosoi do
2014-03-16
tamsagiin gal :
heden jiliin umnu bas l zuun hyzgaart ajillaj baisan kanadiin kampaniin asar ih mungu gald uregdsen medee dunguj tsuhalzaad ungursun duu daraa ni ted manai orniig orhiod garsan gj bh shig baisan er ni mongol hun uursduu ashiglaa l geed bna daa tamsagiin tenger gadaadiinhniig taalahgui bgaan bna daa
2014-03-16