Арваадхан жилийн өмнө саяар хэмжигддэг байсан манай төсөв улс баяжихын хэрээр нэмэгдэж, их наядаар тоологдох болсон билээ. Манай улс баяжсан ч хөгжиж чадахгүй байна. Хөгжилд тушаа болсон этгээд нь түмний дунд бус төрийн хамгаалалт дор явдаг бололтой. Жил бүрийн сүүлчээр нийслэл, түүний харъяа есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын хаана нь хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт өрнүүлэх вэ гэж ирээд л Засгийн газар, яам, агентлагийн мэргэжилтнүүдийг өмнөө суулгаж байгаад 76 төрийн түшээд ирэх оны улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Улсын төсвийг батлахдаа өмнөх оны гүйцэлдүүлж амжаагүйг объектуудын төсөвт өртгийг багтаан ирэх ондоо үргэлжүүлэхээр хуульчилна. Он дамжин баригдах барилга байгууламж өч төчнөөнөөрөө л байдаг. Зураг төсөл, мөнгө санхүү, гүйцэтгэлийн удаашрал зэргээр товлосон хугацаандаа багтаж ашиглалтад орж амжихгүй байх асуудал улсад бус хувийн байгууллагад ч гарна. Гэвч тухайн газар цэг ч хатгаагүй атал санхүүжилт нь он дамжин нэмэгдсэн тохиолдолд хэдэн арваараа байж. Үүнийг 272 төсөл арга хэмжээнд хийсэн аудитын дүн харууллаа. Аудитын дүгнэлтээр 24.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 23 обьектод дахин санхүүжилт төсөвлөх шаардлагагүй гэсэн. 58.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7 обьектын зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэхээр дүгнэжээ. Шаардлага хангагдаагүй 81 обьектийн хөрөнгө оруулалтыг энэ онд хойшлуулж, ирэх 2015 оны төсөв рүү шилжүүлэхээр болоод байна. 47 төсөл арга хэмжээний үргэлжлэл 3-6 жил удаашран үргэлжлээд байжээ. Үүнээс 13 төсөл арга хэмжээний зураг төслийг батлалгүйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад багтаасан байх юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад зураг төсөвгүйгээр батлагдсан нийт 196 төсөл арга хэмжээ байсан байна.
.
Төрийн албан хаагчид ажилдаа хэрхэн ханддагийг ч энэ удаагийн аудит илчиллээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 150 хүүхдийн дотуур байрны барилгыг “Хөвсгөл аймгийн Ханх сумын” гээд байршил андуураад бичээд явуулчихаж. Дундговь аймгийн ШШГА-ны нэг цэгийн үйлчилгээтэй нэгдсэн контор, цагдаагийн хорих байрыг Өмнөговь аймагт гээд хадуурчихаж. Хөвсгөл аймгийн Мөрөнд баригдах гаалийн ажилчдын орон сууцыг Ханх суманд гээд ташаа бичсэн байх юм. Нэр байршил, хүчин чадал, ажлын байрны тоо зэрэг наад захын энгийн зүйлийг ч зөв тэмдэглэж чадаагүйгээс улсын ажилд хүндрэл учруулсан нөхөд байх юм. Тэд төрийн ажилд ямар шалгуураар орсон юм бүү мэд.
.
Газрын зөвшөөрөлгүй, гэрчилгээ давхардсан шалгааны улмаас ажил нь удаашрах, төсөв нэмэгдэх тохиолдолд нэлээдгүй гарсан байна. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 640 хүүхдийн сургуулийн барилгын газар айлын газартай давхардсанаас байршил нь өөрчлөгдөх, дахин зураг төсөвлөхөд 390 сая төгрөг нэмэгдсэн. Цаашлаад инженерийн шугам сүлжээний асуудал шийдэгдээгүйгээс төсөвт өртөг нь жил бүр нэмэгдэж, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй объектууд ч илэрсэн байна. Жишээ нь, нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлэг, Үндэсний төв архивын барилгын инженерийн шугам сүлжээ шийдэгдээгүйгээс төсөвт өртөг нь нэмэгдсээр. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар инженерийн шугам сүлжээний асуудал энэ онд багтаж шийдэгдэхээргүй юм билээ.
.
Улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр шат дамжлага бүртээ ямар нэг нугалаа хийгээд зөрчил үүсгэсэн нь аудитаар илэрчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр нь давхардуулах авчихаад “даахгүй нохой булуу хураана” гэгчээр улсын ажлыг хойш чангаасан компаниудыг нэрлэжээ. Жишээ нь, “Нийслэл өргөө” компани гурван объектод 30 тэрбум төгрөгийн, “Алтанбулаг трейд” компани мөн гурван объектод 8.8 тэрбум төгрөгийн гэрээ тус тус байгуулжээ. Мөн нэр бүхий 15 компани тус бүр хоёр объектод нийтдээ 36.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байх жишээтэй.
.
“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг. Нэгэнтээ дээрээсээ хууль бусаар батлагдсан төсөл хөтөлбөрийг доод гүйцэтгэгчид нь ч цааш санаатай, санамсаргүй будилуулдаг бололтой. Ажлыг хуваарийн дагуу гүйцэтгээгүй, тендерийн баримт бичигт заасан ажиллах хүчин, инженерүүдийг ажиллуулаагүй, зураг төсөвт заасан барилгын материал ашиглаагүй, батлагдсан зураг төсвийн дагуу ажиллаагүй, санаатайгаар зураг төсвийг өөрчилсөн тохиолдлууд ч олонтаа гарчээ. Зураг төсөл нь алдаатай, нэмэгдэл зураг төсөл зохиох, тэдгээрт дур зоргоороо өөрчлөлт оруулах замаар төсөвт өртөг нэмэгдүүлэх, дараа оны төсөвт тусгуулах зэргээр нийтдээ 51 төрлийн 1034 зөрчил 247 обьект дээр гарсан байна.
.
Ийнхүү бидний хүндэтгэл үзүүлээд, эрх мэдлийг нь олгоод байдаг төрийн түшээд дээрх барилга, байгууламжуудад нүдээ аниад л төсвөөс тэрбум тэрбумаар нь санхүүжилт баталж өгөөд байжээ. Бүтээн байгуулалтын ажлууд дээр ийнхүү он дараалан төсвийн мөнгийг үнэгүйдүүлж, үрэн таран хийсэн этгээдүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм бус уу. Улсын төсөв гэдэг татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Татвар төлөгчид бид үүргээ гүйцэтгэдэг ч төрийн үйлчилгээг авах эрхээ эдэлж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр дээрх аудитаар сургууль, цэцэрлэгийн барилга энэ ондоо багтаж баригдахааргүй, хойшилж байгаа. Зарим нь цаашдаа ч баригдах эсэх нь тодорхойгүй. Атал энэ оны төсвийн тодотголд Хуульзүйн яамнаас 37 тэрбум төгрөгөөр 1500 хоригдлын шорон барих саналыг оруулахаар төлөвлөж байгаа гэсэн. Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байхад нэг хоригдолд зориулж 24 сая 716 мянган төгрөгийн зарлага төсвөөс гаргах эсэхийг төрийн түшээдийн мэргэн ухаан мэднэ биз. Удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж, ширүүхэн хуралдах төлөвтэй. Харин улсын хөрөнгийг шамшигдуулж, түүхий төсөв баталдаг үзэгдэл үүгээр цэглэгдээсэй билээ.
:
Н.Энхбат
Уншиж байна |