Украин дэлхийн геополитикийн эмзэг халуун цэг болсоор цөөнгүй хугацааг өнгөрүүллээ. 45.5 сая хүн амтай 603 мянган шоо км газар нутагтай Оросыг Европын холбооны улсуудаас тусгаарласан хамгийн том жийргэвч улс болохынхоо хувьд B. Путинд гол тоглогч болгохыг эрхгүй тулгаж байгаа юм. Украиныг нөлөөллөөсөө алдвал Орос тун эмзэг байдалтай болно. Үүнийг ч сайн мэдэж байгаа. АНУ, Европын холбооны өөдөөс зоригтой сөрөн зогсч байгаа нь Орос дэлхийн геополитикийн бодлогыг тодорхойлох гол улс гэдгээ тод томруунаар сануулж байгаа хэрэг. Хоёр систем задарснаас хойш Орос тоглоомын дүрмээс ихээхэн алсуур байж ирсэн. Гэхдээ хоёр алхаад нэг алхам хойшоо гэгчээр хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн дэх БНУ-уудаа аажмаар биедээ нэгтгэж эхэлсэн. Хүссэн ч хүсээгүй аугаа их гүрний үлдэгдэл гэдгийг ухааруулахын тулд В.Путин хамаг хүчин чармайлтаа тавьсан. Оросын хагаралыг зөгнөж байсан геополитикчид өнөөдөр амаа барьж байна. Нэг л мэдэхэд Орос өөрийн нөлөөллөө баттай тогтоож чадлаа. Казахстан, Узбекстан, алс Дорнод гээд дорно зүгийнх нь хаалга хэдийн оросын хоёр толгойт бүргэдийн тамгаар тамгалагдсан. Харин өрнө зүгт түүхийнхээ туршид славчуудыг эсэргүүцсээр ирсэн Балтийн гурван орон тусгаар улсын байр суурь дээрээ хатуу зогсч байгаа нь өрнө зүгийнх нь хаалгыг дангинатал түгжсэн юм. Сүүлийн хорин жилийн турш Украин хамгийн найдвартай гарц байлаа. Европын холбоо энэ түшиг гарцыг хяналтандаа байлгавал баавгайг номхруулж чадна гэж найдсан.
5
Өнгөн дээрээ хэрэг явдал Украины ерөнхийлөгч Европын холбооны улсуудтай худалдааны гэрээ хийхээс татгалзаж Оросыг сонгосноос үймээн самуун үүссэн мэт харагдавч үнэн хэрэг дээрээ геополитикийн том шатрын өргийг эхлүүлсэн.Талууд нэг нэгэндээ бууж өгөхийг хүсэхгүй байгаа нь асуудлыг улам даамжруулж байна. АНУ, Европ холбооны талыг баримтлагчид асар их зээл тусламж амласны дараахан Оросууд түүнээс нь илүүг амласан. Энэ мөнгөний хэмжээ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Украин бол Белорусь биш Киев бол Минск биш гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгдэж байгаа нь энэ бүс нутаг ямар их ач холбогдолтойг харуулж байгаа хэрэг. Үйл явдлын өрнөлийг хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр цаг минут тутамд мэдээлж байгаа болохоор ингэсгээд нөхцөл байдлын тухай өгүүлэхээ азная. Европын холбоо Оросгүйгээр Украин оршин тогтнохын аргагүй нь жийргэвч улсын мөнхийн зовлон мөн. Бидэнд ч гэсэн ийм зовлон бий. Өнөөхөндөө Орос Хятад найрсаг харьцаатай байгаа. Байдал хурцадвал Монгол шатрын хөлөг болж хувирна. Дэлхийн геополитикийг тодорхойлж байгаа их гүрнүүдийн сөргөлдөөн ямагт жийргэвч улсуудаар дамжин илэрдгийн тод жишээ өнөөгийн Украин.
5
Европ дахь сөргөлдөөний талбар Украин болж байгаа бол Төв Ази дахь сөргөлдөөний талбар Монгол болохгүй гэх баталгаа байхгүй. 70-80 оны эхээр улс төрийн уур амьсгал сэрүүсэхэд Оросууд ямар том арми хилийн дагуу байрлуулж байлаа. Илт дайсагнаад байдаггүй юм аа гэхэд эдийн засгийн хориг арга хэмжээ бие биедээ тавиад ирэхээр их далайн дундах жижиг арал мэт бид ганцаардана. Төрийн дээдчүүл ч Орос, Хятадын үлэмж нөлөөн дор байдгийг дурдвал асуудал ихээхэн ноцтойгоор яригдана. Хятад түүхий эдийг чинь авахгүй гээд гэдийчихвэл, Орос бензин шатахуун нийлүүлэхгүй гээд шоглочихвол энэ улс тун хүнд байдалд орно доо.
Бурхны ивээлээр ийм зүйл болоогүй байна гэж өөрсдийгөө тайвшруулж тун боломгүй. Өнгөрсөн жилийн хямрал Хятадууд бидний нүүрсийг тохиролцсон хэмжээндээ аваагүйгээс үүдэлтэй. Оросууд бензин шатахууныхаа үнийг байн байн нэмэгдүүлж ямар хэцүү сорилт тулгаж байсныг бид мартахгүй байх ёстой. Жийргэвч улс байж бүхий л амь амьдрал нь хамаарч байхын зовлон ухаалаг гадаад харилцааны олон тулгуурт бодлогогүй үед улам л нэмэгддэг. Хоёр талын ашиг сонирхлоос гадна гурав дахь, дөрөв дэх том ашиг сонирхлыг бий болгож гэмээн тусгаар тогтнол баталгаажих учиртай. Улс орны амин чухал стратегийн бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж чадсан цагт л энэ санаа сая биеллээ олно. Хойд Солонгосыг хар л даа. Бүхнийг өөрсдөө хийж бүхнээр өөрсдийгөө хангах гэсэн уриагаар л өнөөг хүртэл тэсч үлдэж том гүрнүүдэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. Улс төрийн нөхцөл байдал хүний эрх эрх чөлөө тойрсон олон асуудал бий ч өөрийгөө тунхаглаж чадаж байгаа дүр төрхийг нь сайн ажигламаар байгаа юм даа. Жийргэвч улсын зовлон өөрөө өөрийгөө хөгжүүлэх ухаанаар л нимгэрэх учиртай.
5
Н.Бадамжав