Газрын зураг харахад Монголчууд ганцхан Улаанбаатар гэсэн хоттой, нийт хүн амынх нь талаас илүү нь оршин суудаг гэсэн мэдээлэл гарч ирнэ. Аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэтийн тухай мэдээлэл бараг байхгүй. Сая 400 мянган монголчууд 2.5 сая хавтгай дөрвөлжин нутаг дээр аж төрнө. Нарийн мэдээллээр бол уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэн суугаа малчид 423 мянга. Нийслэл, Дархан, Эрдэнэт хот аймгийн төвүүд рүү жилдээ 16 мянган айл өрх нүүж байна. Зуд турхан, ган гачигийн жилүүдэд энэ тоо 20 мянгаас хол давна. Дөрвөн уулын дундах Хүн чулууны хонхор луу 70 хувь нь нүүдэллэж ирнэ. Голцуу барууун аймгаас нүүдэллэгсэд Сонгино хайрхан дүүргийг хоёр дахь том хот болох Эрдэнэтийн хүн амын хэмжээнд дүйцүүлж байна.
1
Манжийн эзэрхийлэл дараа нь Оросын колончлолын үед монголчуудыг аль болох тархай бутархай байхыг эрхэмлэж засаг захиргааны нэгж хуваарилалтыг улам бүр жижигсгэсний харгайг өнөөгийн ардчилсан Монгол улс эдэлж байна. Үндсэн хуулиндаа монгол хүн хаана ч амьдрах эрхтэй гэсэн зүйл заалт оруулсан нь хүн амын нягтшлыг ийнхүү хяналтаас гарахад гол нөлөөг үзүүлсэн. Иргэд нь нүүж одсон газар нутаг дээр уул уурхайнхан хаан суулаа. Судалгаагаар уул уурхайн ашигт малтмалын нөөц элбэг бүхий 16 аймгийн газар нутгийн бэлчээрийн 15-60 хувь нь сүүлийн 10-хан жилийн дотор талхлагдсан гэсэн мэдээ байхын сацуу цөлжилт улсын хойд цэг Хөвсгөл хүртэл түрсэн гэх аюулын харанга дэлдэгдэж байх юм. Хөдөө нутаг эзгүйрээд байхад Монголын төр засаг захиргааны бүтэцдээ шинэчлэл хийдэггүй, дэмий халагласаар суудаг нь харамсалтай шүү. Хэдхэн мянган хүнтэй сум, баг руу хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийж, зам тавина, дунд сургуулийн нэг ангид нь арав гаруйхан хүүхэд хичээллэж байхад нийслэлийн дунд сургуулийн нэг ангид 40 хүүхэд суралцана. 50 хүний багтаамжтай, орчин үеийн оношилгооны багаж бүхий эмнэлэгт нь 8-хан хүн хэвтэн эмчлүүлж байсан жишээ ч байна.
1
Мөнгөтэй байж болно. Улсын төсөв баруун солгойгүй цацагдаад байгаагийн гол шалтгаан засаг захиргааны нэгжийн бүтэцдээ байгааг олж харахыг хүсэхгүй байгаад оршиж байгаа юм. Гурав дөрөвхөн мянган хүнтэй сумуудыг нэгтгэж яагаад болохгүй гэж. Улс орноо баруун зүүн, төв, умард, өмнөд гэсэн тойргуудад хуваагаад хүн амын нягтшил, эдийн засгийн бүсүүдэд нь тохируулан бөөгнүүлж яагаад болохгүй гэж. Уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гээд нүүдлийн мал аж ахуйг орлон үндэсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асар их боломж харагдаад байгаа. 330 сум яагаад өөр өөрийнхөө онцлогт таарсан 330 аж ахуйн нэгж байж болохгүй гэж. 330 суманд 330 засаг дарга, ИТХ байснаас илүү 330 аж ахуйн нэгжийн ашигт үйл ажиллагаа байж болохгүй байх билээ. Түүхий эд, арьс шир, ноолуур ноосоо тэд л зохицуулаг. Төрийн дарамт анхан шатан дээрээ ийм гүнзгий байхын хэрэг юун. Жишээлэхэд, Хөвсгөлийн хойд сумд аялал жуулчлалаар, Дорноговь, Дундговь, Өмнөговь уул уурхай ашигт малттал, Дорнод, Хэнтий, Сүхбаатар мал аж ахуйн түүхий эдээр гэхчлэнгээр ангилаад явчихвал ИХ НҮҮДЭЛ зогсоно.
1
Нүүдэл зогсоно гэдэг Улаанбаатарын ачааллаа бодож байгаа хэрэг биш шүү. Монголын өргөн уудам нутгийн газар бүхэнд амьдрал цэцэглэнэ гэсэн үг. Үндсэн хуулин дахь монгол хүн нутаг дэвсгэртээ хаа ч амьдран суух эрхтэй гэсэн зүйл заалтыг ч эргэн хармаар байгаа юм. Уудам газар нутаг маань эзэнгүйдэж, төв рүү шилжих хандлага ажиглагдсанаар бид юу хожив.
1
Дэлхийн нийслэлүүдийг хар. Тухайн улсын иргэн нийслэл хотдоо амьдран суухын тулд тодорхой шалгууруудыг хангасан байх учиртайг хуульчилсан байгаа. Жишээлэхэд, нийслэлд байнга оршин суух байр орон сууц, эзэмшил газартай, эрхэлсэн тодорхой ажилтай гэхчлэнгээр 10 гаруй зүйлийн шаардлага бий. Манай нийслэлд хэн ч дуртай газраа хашаа хатгаад амьдарч болно. Ганц нийслэл ч биш Дархан, Эрдэнэтийг тэлж байгаа гэр хороолол чухамхүү энэ л их нүүдлээс улбаатай. Засаг захиргааны нэгж өөрчлөгдөхгүй, хөдөө нутаг эзэнгүй болохгүй тийм л зохион байгуулалтыг төр хийхгүйгээр хэтийн хөгжлийн талаар амар тайван ярьж чадахгүй. Аль бүс нутаг нь ямар хөгжлийн стратегиэр хөгжих вэ гэдгээ ухаарч чадахгүй бол яаж бүрэн бүтэн улс гэр маань олигтой хөгжих вэ дээ. Монгол баян нь баян. Гэхдээ баялагаа яаж зөв удирдаж, тэгш хуваарилах вэ гэдэг хамгийн чухал нь.
1
Н.Бадамжав