Үнэндээ амьдрал гэдэг маш энгийн зүйлээс л эхэлдэг юм билээ. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж энэрэхгүй бол өөрөө оршин тогтнохын хэрэг юун. Төр, гэр бүл, бие хүнд дутагдаад байгаа гол зүйл нь энэрхүйд байна. Атаа жөтөө, бие биенээ намнах гэсэн увайгүй үйлдэл бүхэн биднийг хойш нь чангааж байна. Цөөхүүлхнээ шүү дээ. Гуравхан сая хүрэх гэж мөлхөж яваа ард түмэн. Энэ хэдхэн нөхдийг аятайхан аваад явчих тунгалаг төртэй баймаар байна. Хүн өөрийнхөө дураар дуртай ажлаа хийгээд ажлынхаа хөлсөөр амар тайван амьдарч болох тийм л нийгмийг хүсээд байгаа шүү дээ. Ардын уур хүрээд байгаа нь баялгийн тэгш бус хуваарилалт нэг гараанаасаа бултаараа гарчихаад л өнөөдөр үндэсний нийт баялгийн 90 гаруй хувийг хэдхэн гэр бүл эзэмшээд 2.8 сая хүний өмнөөс өөрийнхөө өчүүхэн гэр бүлийн төлөөнөөс шийдвэр гаргаад сууж байхад миний таны сэтгэл яаж амгалан байх билээ.
1
Аз жаргалд хүрэх амархан байна. Ийм их байгалийн баялагтай, ийм аугаа түүх, ёс заншилтай, төрт улсаа байгуулснаас хойш нэг ч удаа өлсч үзээгүй мал аж ахуйтай омог бардам монголчууд өнөөдөр бие биенийхээ улыг ухаад сууж байгаа сэтгэлийн зовиурыг хэн бий болгов. Тунгалаг ухаалаг төрийг бий болгох гээд байгаа Ерөнхийлөгчийн хүсэлт сүүлдээ улс төрийн намуудын дундах талцалыг битүүхэндээ бий болголоо. Санаа нь зөв ч хэрэгжүүлэх шатанд ноомой.
1
Аргагүй шүү дээ. Идэж уудаг, өмсч зүүдэг болгон нь шилний цаанаас харагдаад ирэхээр яахав. Төр өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай гэж сануулмаар байгаа юм. Утаа бүгшсэн, үүд цонх нь хаалттай, хэдэн хүүхдүүдээ /ард түмнээ/ барьцаалсан ижий аав нарын тулаан дунд 20 гаруй жилийг ардаа орхилоо. Иргэдийн төлөө үйлчлэх ёстой нэгэн /Хан уул дүүргийн ИТХ-ын даргыг хэлж байна. Өөр жишээ дэндүүт олон шүү/ иргэдийнх нь тулгамдсан асуудлаар хариу авах гээд хичээж байгаа сэтгүүлчид ямар араншин үзүүлэв. “Хүүе больё. Хусаад хаячихья л даа”. Иргэний нийгэм гэдэг чинь ийм л байдаг. Аз жаргалыг бид ингэж л бүтээх ёстой. Ардчилал энэ хэдэн анархистуудын өмч биш шүү. Нийт ард түмний өмч. 25 жилийн өмнө бид аз жаргалыг ардчиллаар төсөөлж байсан юм.
1
Өнөөдөр зарим нэг нь их мөнгөтэй байхыг, эрх мэдэлтэй "том дарга" байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг болсон байна. Энэ хоёр туйл руу монголын ардчилал явж байна. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь "хариуцлага" хэмээх том үүргийг хэн нь ч тоохоо больжээ. Эдийн засаг уруудаад байгаа хэрнээ хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Статистик нь өөдлөж байна л гэсэн баахан үзүүлэлт улирлал болгон гаргана. Бодит байдал дээрээ эсрэгээрээ. Яамдын тайлан тооцоо өнгөрөсөн оны аравдугаар сар хүртэл ямар сайн үзүүлэлттэй гарч байлаа. Оны төгсгөлд эдийн засаг хямралд орсон гэдгээ Ерөнхий сайд нь арай чүү хүлээн зөвшөөрч байх жишээтэй. АН-ы Засгийн газартаа биш шүү. Өмнө нь ч тэгдэг л байлаа.
1
Юм хийж бүтээе гээд байгаа ардын нурууг тэнийлгэх боломжийг бүрдүүлэхийг хүсдэггүй, жаахан хийсэн ажлаа үндэсний бүтээн байгуулалт гээд зарлачихна. Бөөн реклам дунд ард түмэн төөрөөд яаж амьдарч байгаагаа мартахад хүрч байна.
Аваргууд УИХ-д суухаараа сайдын сэнтийд залрах гээд зүтгэнэ. УИХ-ын 76-гийн эрх ашигт гурван сая монголчууд захирагдана. Гэтэл бид зүлгэн дээр гэрээ бариад зүгээр сайхан амьдармаар байдаг. Ердөө л сэтгэл ханамжтай байхсан. Төр нь зүсэн бүрийн дүрэм журмаар далайлган бизнесийн орчинд халдаад өөрийнхөөрөө овоглосон бүхнийг хаацайлж давшгүй татвараар манийгаа дарамтлаад байх юм бол энэ Монгол өөдөө гарах уу.
1
Н.Бадамжав