Өмнийн говьд өрнөж байгаа Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт яг яаж шийдэгдэж байгаа нь тодорхой бус. Өндөр аваад намжсан сүүлийн сургаар бол Рио Тинто Оюутолгойгоо барьцаалж зээл авч далд уурхайгаа эхлүүлэх хөрөнгө босгох яриа хэлэлцээрийг дэлхийн банкуудтай эхлүүлсэн тухай шуугиан. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг нийлээд авахын тулд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компани далд уурхайн санхүүжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдаж, банкуудад албан ёсоор хандах ёстой гэсэн үг. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдах эсэх талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа ба далд уурхайн санхүүжилтийн талаар “Рио Тинто”, Засгийн газар зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр гэж ойлгогдохоор байна. Харин нөгөө талд нь аль хэдийнэ зөвшилцөлд хүрсэн гэж болохоор мэдээллүүд явж байгаа юм. Рио Тинтод дэлхийн 15 банк зээл өгөх болсон ч санхүүжилт өгөх хугацаагаа энэ сарын 31 болгож хойшлуулсан гэж гадны эх сурвалжууд мэдэгдсэн байна. Рио Тинто мөнгө босгож эхэлсэн ба Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци хоёр нийлээд 900 сая хүртэлх ам.долларын зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн тухай мэдээлэл гарч байсан.
5
Гэтэл сүүлийн нэг мэдээний учгийг хөөвөл дэлхийн зах зээлд зэсийн ханш сайнгүй байгаа учраас далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хувь нийлүүлэгчид яаран шийдэхгүй харзнаж байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх цаг хугацаа ч гэрээнд зааснаар болоогүй байгаа тул яаран сандран зээл авах шаардлагагүй гэж үзэж байгаа гэжээ. Оюутолгойг тойрсон энэ мэт зөрчилтэй олон мэдээнээс харвал өнөө маргаашдаа ажил нь эхлээд эдийн засагт доллар цутгаад эхэлнэ гэж хэлэхэд хол харагдаж байна.
5
“Эрдэнэс Тавантолгой”. Энэ компани нь Хятадын төрийн өмчит Чалкод тавьсан өрөө энэ оны хоёрдугаар улиралд төлж дуусгахаар болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ирэх тавдугаар сард Чалкогийн үлдэгдэлд өр болох 148 сая ам.долларыг дарах болно гэж амалсаар байгаа. Төлөвлөснөөр бол сар хүрэхгүйн дараа дөрөвдүгээр сарын 1 гэхэд 90 сая ам.долларыг 1.5 сая тонн нүүрсээр, тавдугаар сарын 1 гэхэд үлдсэн 60 сая ам.долларыг нэг сая тонн нүүрсээр буюу өрөө бүрэн дарна. Энэ бүхний дараа зургаадугаар сараас нүүрснээс орлого олж эхлэх болов уу гэсэн хүлээлт бий болжээ.
5
Хэдэн толгой дотроос голлох хоёр толгойн өнөөгийн байдал болон эдийн засагчдийн төсөөллөөс буулгавал уул уурхай болоод гадаадын хөрөнгө оруулалтаас долларын урсгал нэмэгдэж эдийн засагт дэм болно гэх магадлал тийм их биш байна. 2014 оны төсөвт инфляцийг найман хувьд барьж, ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцсон нь хэт өөдрөг төсөөлөл болсныг одоо харж болохоор байна. Шинэ төсвөө барьж аваад багагүй хугацаа өнгөрч байгаа ч ам долларын ханш өссөнөөс бус төсөөлсөн 1384 гэсэн харьцаанд ойртоно гэсэн найдлага тун муу болж байна. Тэгэхээр бид бүсээ чангалж хэрэглээгээ хянаж хүндрэлийг давахын тулд дор бүрнээ хэмнэлттэй эдийн засагч байх шаардлага бий болж байна. Үүнийг хамгийн үрэлгэн том бүтэцтэй, сул зардалтай төр өөрөө үлгэрлэн хийж жишээ болохыг иргэд хүлээж байна. Өнгөрсөн онд өртөг нэмэгдсэн, үр ашиггүй обьектийг царцааж, 300 тэрбум төгрөг хэмнэж чадсан зэрэг нааштай хэмнэлттэй алхмуудыг үргэлжүүлэх ёстой юм.
5
Энэ өдрүүдийн амьдрал болоод бүтээн байгуулалтыг авч яваа Бондын мөнгийг Ерөнхийлөгчийн хэлснээр нэгийг гаргаад хоёр болгох юманд зарцуулах нь дахин өрөнд баригдсан шинэ Эрдэнэс таван толгой төрүүлэхгүй байх нэг суурь болно. Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлж, Эрдэнэс Тавантолгой өрнөөс гараад ирэхэд эрх биш дээрдэнэ гэж найдан тэр болтол тансаг биш дутахгүй хэрэглээтэй байхын тулд өрх иргэн бүр хичээх шаардлага бидний өмнө бий болжээ.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/