Хаа хүрч байж номхрох нь мэдэгдэхгүй болсон ам.долларын өсөлтийг аргамжих арга байхгүй болсон талаар эдийн засагчид мэдэгдэж байна. Зөвхөн уул уурхайн түүхий эдэд найддаг хандлага нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн ба Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч болж, наад захын бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон үед л төгрөгийн ханш хөл дээрээ зогсоно гэж зарим хэсэг нь оношилж байна. Эрдэмтэд, эдийн засагчдын дуу нэгтэй хийдэг болоод байгаа энэ мэдэгдэл нь одоогийн ерөнхий сайдын тунхаглаад байгаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгоно гэсэнтэй нэг үзүүр дээр очиж байна. Доллар өссөн тэр цагаас ханшийг буулгах тухай бус үүнтэй зохицон эвлэрсэн нь дээр гэсэн сэтгэл зүйн бие халаалт ч зэрэг явагдсаар байгаа юм.
:
Хамгийн сүүлд Ерөнхий сайд тансаг хэрэглээгээ танахыг найрсгаар зөвлөсөн. Энэ нь Ерөнхий сайдын ч юм уу эцэг хүний ч зөвлөгөө шиг сонсогдохгүй байгаа юм. Аргаа барсан хүний үг мэт бууж байна. Яагаад доллар өсөв гэхээр Оюутолгой руу долоовор хуруугаараа заадаг байсан хүмүүс ч огт өөр зүйл ярьж Оюутолгой тийм ч их чухал биш төмөр замаа тавья, шатахуунаа дотоодоо хийе гэх болжээ. Эдийн засагчид төр засгийнхан ийн ам нийлж байгаа нь сайшаалтай хэдий ч буруу зөвгүй нэг амтай болчихвол иргэдийн тархи угаасан нүгэл болно. Амьдрал нь уруудахын хэрээр улстөрчдөд итгэх иргэдийн итгэл тэг зааж байна. Ийм үед эдийн засагчид эрдэмтэн судлаачдын үг үнэний талд байж хөгжлийн хөтөч байх нь нэн хэрэгтэй байгаа. Сөрөг хүчин болоод бусад улс төрийн намууд аливаад асуулга тавих, мэдэгдэл хийж оноо авах улс төрийн хожил харсан явцуу арга барилаа хаяж хүнд байдлаас улсаа орноо аваад гарах бодлого зангидахын тулд намынхаа боловсон хүчин болоод өөрсдийн оюун ухааныг шавхан суух цаг болсон.
:
Олон жил буруу замаар будаа тээж, уул уурхайгаа барьцаалсан хишиг халамжийг авч бэлэнчилж ирсний гор чинь одоо гарч байна гэсэн ухамсрын шанааг энэ цаг үе бидэнд өгч байна. Уг нь иргэд хишиг мөнгө нэхэж жагсаагүй, санаачлаагүй, боломжтой юмыг өгч байна авцгаа, ууцгаа л гэсэн тухайн үеийн төр баригчдын үг тайлбар бичлэг одоо ч хуурцагаар дүүрэн л байгаа. Тэд одоо тулгараад байгаа эдийн засгийн сөхрөлөөс зайгаа барьж гадаад шалтгаантай холбон арьсаа аварсан тайлбараар бултсаар байгаа юм.
:
Гэвч энэ бүхнийг одоо засч залруулах ёстой ба яг одоо эдийн засагт юу болоод байгааг хаалт хориггүй ил цагаан ярилцах ёстой байх. Ам.долларыг өсөлт иргэн аж ахуйн нэгж өрх бүрт одоо дарамтаа үзүүлж эхэлж байна. Монголын 650 мянган өрх 74 мянга орчим аж ахуйн нэгж ямар нэг хэмжээгээр энэхүү валют гэдэг ногоон дэвсгэртийн хараат болчих гээд байна. Бүтээн байгуулалт дагаж үйлдвэрлэл хөгжиж, зам харилцаах дэд бүтэц сайжирч, бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүртэл хол байх тул өнөөх л гацсан байгаа гадны хөрөнгө оруулалт, уул уурхай, нүүрсний экспортоо харж өдөр хоногийг өнгөрөөх болоод байна. Гэтэл гадны хөрөнгө оруулагчид сүрхий нэмэгдсэн хөдөлгөөнд орсон зүйл одоо хэр нь алга байна. Үүнд төр засгийн хойргошил ч байгаа харагдана. Хөрөнгө оруулалтын тухай хууль өнгөрсөн жил гарсан ч үүнийг дагаж мөрдөх журам одоо л гарч байгаа гэж байна. Наад захын энэ хэтийдсэн цалгардал ногооны ханшийг өсгөж ноёлох зайг нь тэлж өгч байгаа. Төрийнхний энэ мэт хийх ёстойгоо хийдэггүй хариуцлагагүй хойргошил дээр хэн юу хийгээд суугаад байгаа вэ гэсэн уур цухлыг төрүүлж байгаа юм.
5
Бонд зээлийн мөнгөө зам тавих, сум хөгжүүлэх, цемент үйлдвэрлэх зэрэгт санхүүжилт болгон цацаж, эх орондоо бүгдийг хийж хилээр юм ордоггүй болж өөрсдөө амьдраад явах мөрөөдлийн мөхөөлдөс долоосноор өнөөдрийн долларын өсөлт түүний сүүдэрт бий болсон дарамт хөнгөрөхгүй байна. Ядаж л хөрөнгө оруулалтын хуулиа гадныханд сайн сурталчилж, журам дүрмээ тодорхой болгож олон нийтэд зарлан тольдуулмаар. Төгрөг мөддөө чангардаггүй юмаа гэхэд байдал дээрдэнэ гэсэн иргэдийн итгэлийг чангалж төрийн ажлаа тунгалаг тод явуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хуулийн цагаан дарцаг хөрөнгө даллаад байгаа нь харагдахгүй байна. Төрийн цалгардал болоод шоу их байх тусам долларын хаанчлал тэлж байна.
5
Пүрэвжавын Баярхүү /тоймч/