Зар явж байна. Сайхан ээжүүдийн шагналын бүртгэл явагдаж байна. Утас ... гээд. Энэ зар телевизийн эфирт явж байгаа болохоор өөрөө төлбөртэй бас цаана нь бүртгэх шагнах нь төлбөртэй. Сайхан ээжүүдийг мөнгөөр баталгаажуулдаг энэ уламжлалт ажил хачин санагдахгүй байна. Ийм эрэлт хүсэлт, бизнесийн орон зай байгаа болохоор ийм юм болоод байгаа хэрэг.
6
Ирж буй Мартын гэх өргөлттэй ээжүүд ба эмэгтэйчүүдийн баярын эргэн тойронд бий болж байгаа элдэв зургийг тоймлож харлаа. Энд ээжүүдийг өргөмжлөл батламжид уралдуулдаг нэг бизнес хавтгайрсан харагдана.
6
Муу ээжийгээ жилдээ нэг баярлуулчих гэсэн үр хүүхдийн чин сэтгэл, үүн дээр нь мөнгө хийчих гэсэн овсгоотой хэдийн нэгдэл бол зах зээлжсэн нийгэмд байх үзэгдэл. Гэхдээ нэр болоод зохион байгуулж байгаа арга барилаа эргэн хармаар болсон санагдана. Бүртгэх ба шалгаруулна гэдэг нь өөрөө их сонин. Уралдуулна гэж байгаатай адил санагдана.
6
Хэдэн настан буурлыг урт, богинын зайд гүйлгэж уралдуулна гэвэл хошин шог биш доромжлол мэт санагдана. Үүнтэй л адил ээжүүдийг бүртгээд тэгээд тодорхой шалгаруулалтаар өөр хооронд нь өрсөлдүүлээд, хэдийг нь төлбөртэйгээр шалгаруулж “сайхан ээж”-ээр батламжилж, үлдсэн хэдийг нь” яахав дээ ээж” болгож үлдээж байгаа мэт.
5
Төлбөртэй бүртгэнэ, төлбөртэй шалгаруулна. Ийм төрлийн арга хэмжээ мөнгөтэйгээсээ гадна нийгэмд буух сайн тусгалтай байх ёстой. Эх хүний сайхан хийгээд өгөөмөр сэтгэл, хариулшгүй ачлалийг нийгэмд нэг өдөр дуурсгаж, завгүй амьдарч, дэггүй таваргаж яваа үр хүүхдэд нь сэхээ санаа өгөхүйц хэлэлцүүлэгтэй, өргөн массыг хамарсан байвал сайн.
6
Хэн хэн гэдэг ээжүүд ямар номинацаар “Сайхан ээж” болж шалгарч байгаа нь улсын хэмжээнд юм уу, төлбөр төлсөн үр хүүхдийнх нь хэмжээнд юм уу нэг л явцуу ойлгомжгүй байдаг. Сайхан, Өргөмжлөлт, Ачлалт зэрэг ээжүүдийг шалгаруулах номинаци бүхий арга хэмжээ, аймаг, нийслэлээс эхлээд дүүрэг, хороо гээд нэгж рүүгээ шилжиж гудамжны гэх шахуу бүсчлэн явагддаг болсон байна.
6
Ээжүүдээр бизнес хийдэг эрхмүүд энэ арга хэмжээнийхээ утга учир болоод зохион байгуулалтыг эргэж нэг хармаар санагдана. Мөнгөтэй боломжтой нь ээжийгээ мандуулж магтуулж баярлуулж байна, юу нь буруу гэж. Үүнийг нь зохион байгуулаад өгдөг байгууллага, хүмүүс байна. Яагаад болохгүй гэж. Хуулиар хориглоогүй бол юуг ч хийж болох эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа бид. Харин хаа нэгтээ үрээ хүүхдээ алдаж өнчирсөн ч гэрээ бүлээн байлгах гэж галаа түлэн зуухны хавьд бөгтөгнөх эгэл ээжүүдийг хэн очиж баярлуулдаг вэ. Тэдэнд өргөмжлөл биш мөнгө ч биш, гэр дүүргэх нэг өдрийн хөл хөөр, хүний бараа илүү хэрэгтэй байгаа. Тийшээ нэг хандаач гэж шалгаруулах комиссийнхонд болоод засаг ноёдод зөвлөмөөр байна.
6
“ Миний ээж сайхан ээжий” бүх хүн энэ дуунд дуртай. Монголын бүх эхчүүд сайхан ээжүүд.
7
Тэдэнд титэм тууз биш, үр хүүхдийнх нь сайн сайхан яваа нь хамгийн том баяр, аз жаргал амьдралынх нь шагнал юм. Энэ өнцгөөс нь харах юм бол бид ээжийгээ хамгийн ихээр баярлуулж зөв сайхан амьдарч яваа үр хүүхдийг нь шалгаруулж алдаршуулдаг болбол бараг зөвдөх юм.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |