2014 онд хувьчлагдах нийслэлийн өмчийн жагсаалтад Улаанбаатар хотын банк орсон нь олон асуултыг араасаа дагуулах болов. Яагаад хувьчлах болов, хэдээр үнэлэгдэх, хэн авах гээд таамаг төдий яригдах олон асуулт энэ хувьчлалд хамааралтай, хамааралгүй олон хүний анхаарлын төвд байна. Юуны өмнө Улаанбаатар хотын банкийг хувьчлах болсон шалтгааныг таамаглах гээд үзье. Тус банк 2001-2007 онуудад 613 сая 500 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2008-2012 онд 3 тэрбум 660 сая төгрөгийн ногдол ашиг хуримтлуулжээ. Саяар хэмжигдэж байсан ногдол ашиг тэрбум болсон нь чамлах үзүүлэлт биш. Тэгэхээр хувьчлалын шалтгаан нь аврал эрсэн дампуурал биш гэсэн үг. Ер нь Монголын банкны салбарын хувьчлал дампуурлын эрмэгт тулахаараа явагддаг. Өөрөөр хэлбэл, ашиггүй ажиллаж буй банкийг аврах эцсийн арга нь хувьчлал болсон туршлага манайд цөөнгүй бий. Харин Улаанбаатар хотын банкны хувь заяа иймдээ тулаагүй. Тус банкийг хувьчлах болсон шалтгааныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж “Үнэ цэнэтэй байгаа дээр нь хувьцаагаа зарах хэрэгтэй. Хэдэн хувийн ногдол ашиг харж байхаар үнэ цэнэтэй байгаа дээр нь хувиа зарж, арай том мөнгө босгож нийслэлийн бусад хөрөнгө оруулалт руу мөнгийг нь оруулбал илүү үр дүнтэй” хэмээн тайлбарлаж байсан. Тэгэхээр нийслэлд жил бүр ирэх ногдол ашиг бус, нэг л удаа ашиглах том мөнгө нь хэрэгтэй гэсэн үг байх. Харин үүний ард ямар эрх ашиг байгааг таамаглахаас цаашгүй.
5
Дараагийн асуулт хэдээр хувьчлах. Тавин тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, цаашид ашигтай ажиллах гэгээлэг ирээдүйтэй тус банкийг чамлахааргүйгээр үнэлэх нь мэдээж. Хот ч том мөнгө харж суугаа шүү дээ. Гэвч нэг амнаас гарсан хоёр үгийн үр дүн хэтэрхий хол зөрүүтэй гарах бололтой. Учир нь 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкийг 3 тэрбумаар хувьчилна гэх мэдээ дуулдах болов. Энэ нь чамгүй хувь хүртэх туйлын зорилготой нийслэлийн үнэлгээ. Т.Батдорж даргын хэлсэн ногдол ашгаас илүү их мөнгө босгож, хөрөнгө оруулалт хийх үг нь үнэн бол өндөр үнэлэх ёстой. Их хэмжээнээс арвин ургац авна. Харин одоо яригдаад байгаа гурван тэрбум төгрөгийн талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас тодруулсан ч “дарга нарын мэдэх асуудал” гэж хаяагаа манав.
5
Үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллага нь ч тодроогүй байгаа гэнэ. Гэтэл гурван тэрбумын үнэлгээ яригдаж эхэлсэн нь сонирхолтой. Тэгэхээр хэн 3 тэрбум төгрөгийн үнэлгээ тогтоосон нь хамгаас чухал асуулт. Нэг намд харьяалагдаж, нэг зүгт хандсан эрх ашигтай байлаа ч хэтэрхий найр тавиад байгаа юм биш үү гэх хардлдага хэн хүнгүй төрнө. Хичнээн ойрын барилдлагатай байлаа ч 2, 20 байхаас үл хамаараад нийтийн өмч үнэгүйдэх ёсгүй. Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчид 2003 онд хуралдаж, дүрмийн сангаа таван тэрбум болгож, 20 хувийг Улаанбаатар сан, үлдсэн 80 хувийг хувь нийлүүлэгч иргэдийн өмч болгох шийдвэрийг гаргасан байдаг. Эндээс тус банкийг хувийн өмч болгох эхлэл тавигдсан гэж болно. МАН-ын харьяатнууд хотыг удирдаж байх хугацаанд 20 хувь дээр дэнжигнэж байсан нийтийн өмч АН-ын цаг хугацаанд хувийн өмч болон бялуу хуваах тохироонд орсон нь тодорхой болов. Харин хувьчлах үнэ харалган шийдвэр биш гэж үү!
5
Улаанбаатар хотын банкны хувь заяаг шийдэх хамгийн чухал асуулт бол хэн хувьчилж авах. Хэн гуайн гараар орж, цааш хэрхэн ажиллах, эс ажиллах нь сонирхол татах асуудал. Харин энд Д.Эрдэнэбилэг гэх хүний нэр яригдаж байгаа. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын албатай тэрбээр Улаанбаатар хотын банкны хувийн эзэмшлийн 80 гаруй хувийн эзэн. Д.Батжаргал гэх хүний нэр дээр байх багахан хувийг эс тооцвол Улаанбаатар хотын банк бараг л Д.Эрдэнэбилэгийн эд хөрөнгө гэсэн үг. Хот 20 хувиа найр тавин өгөх нь тодорхой болоод байхад санаснаа гүйцээхэд саад тотгор үгүй биз ээ. Хувьчлал хуудуутай явагдах нь тодорхой. Харин хувь чамлахааргүй байгаасай.
5
Б.Болд