Тамхины хууль гараад нэг жил болсны ой өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо. Хуулийг зүтгүүлэн батлуулахад оройлон оролцсон Л.Эрдэнэчимэг гишүүн телевизээр хойморлож хуулийн хаялага болоод цаашид тамхичдыг хэрхэн чангалах тухайгаа ярилаа. Тэгтэл тэр орой нь Монгол коммент нэвтрүүлгээр Тамхины хяналтын тухай хуулиа эргэн харахыг хүссэн нэгэн захидлыг хөтлөгч өргөн олонд дуудан уншиж өгч байлаа.
5
Захидлын товч утга нь “... манай суманд дэлгүүр сургууль бүгд 500 метрт багтаад орчихож байна аа. Таны баталсан хуулиар бол манай дэлгүүрүүд сумаасаа гарч байрлах хэрэгтэй болоод байна. Тамхи татдаг хүмүүс ч мөн адил сумын төвөөс гарч тамхилах хэрэгтэй болоод байна. Энэ нь амьдралд буухгүй байна аа, үүнийгээ эргэн хараач ээ...” гэсэн жирийн иргэний нэр, буцах хаягтай захидал.
5
Иймэрхүү захидал болон өгүүлэл нийтлэлийг эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг анхны хайрын захиа шигээ сандран авч догдлон задлахаа болиод удаж байгаа байх. Тамхи татдаг тааруухан хүмүүжилтэй банди нарын шиддэг захиа гэж үзэн задлах ч үгүй ширээн доогуураа шидчихдэг болсон ч байж магадгүй. Захидлыг хэн бичсэндээ бус түүн дотор ямар нэг үг санал, сэтгэлийн өчил агуулагдсан байдаг тул нээж унших ёстой гэдэг. Дээрх захидал ахуйн энгийн үнэн, хуулийн заалт хоёр зөрчилдөөд байгааг эрхэм гишүүнд дамжуулан хэлж байна.
5
Захидалд дурьдсан учир тайлбар 100 хувь үнэн. “Амар байна уу” гээд тамхи нэрж завилан суух нь зан заншлын нэг хэлбэр болох шахуу болсон хөдөөнийхөн хуулийг сахиж сумын хойд толгой руу морьтойгоо гэлдрүүлэх нь одоогийн нөхцөлд юу л бол.
5
Хууль бүхлээрээ нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгааг нийгмийн олонх дэмжиж байгаа. Г.Уянга гишүүний хэлснээр “Хүүхдүүдээс арай гэж энэ хорыг холдуулчихаад зайг богиносговол ухарсан хэрэг болно" гэдгийг ч дэмжинэ. Харин 500 метр дотор тамхи худалдаалахгүй байх нь хөдөө суманд хэрэгжих боломжгүй байгааг олж харахгүй байгаа мэт харанхуй гүрийх нь эргээд буруу жишгийг нийгэмд бий болгож байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болоод байна. Хуулийг баталж болно бас аргагүйн эрхэнд зөрчиж болно гэдгийг Тамхины хяналтын хуулийг хөдөө суманд яаж хэрэгжүүлж байгаагаар жишээлж ярьдаг болох гээд байна. Монгол улсад 360 гаруй сум байгаа гэвэл энэ тоогоор хуулийн хэрэгжилт өдөр болгон зөрчигдөж байна. Энэ хэрээрээ хуулийн нэр хүнд унаж, санкцууд нь үйлчлэлгүй болж байна.
6
“Тэр хууль энд бүтэхгүй ээ” гээд захиргааны байрныхаа хажууд завилан сууж тамхилах нутгийн хоёрыг хэн гэдэг байцаагч торгох гээд хөөж тууж яваа юм бол доо. Тамхилж суугаа хоёр дээр хэн нэг нь 500 метрийн цаана наана гэдгийг сануулбал нөгөөдөх нь “за чи золигт, голын цаана гараад өөрөө өөртэйгөө тамхил” гэж егөөдөх юм. Энэ зураглал бол тамхины хяналтын хууль хэрэгжсэн нэг жилийн турш байсан цаашид ч байсаар байх дүр зураг. Ингэж хуулийг үнэлэмжгүй болгож хүчгүйдүүлж байхаар орон нутагт үйлчлэх тухайд жич заалт оруулах гарц хайвал хэн хэн нь сэтгэл сэвгүй гэдэг болно. Хаана тамхи татаж болох ба тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг бий болгох талыг ч яаран шийдвэрлэхгүй бол хуулийг цаг тутам зөрчиж байдаг задарсан нийгмийн загвар улс болоход ойрхон байна.
6
Жилд зургаан сая хүний амь авч оддог, хор хөнөөлөөрөө зургаан секунд тутамд нэг хүнийг үхүүлдэг тамхины эсрэг тамхины хяналтын тухай хууль мөрдөгдөөд нэг жил болжээ. Олон газар утаагүй саруул сайхан болсон. Гэхдээ өдөр болгон зөрчигддөг хуулийн номинацид өрсөлдөгчгүй тэргүүлж байна. Үүнийг хэлсэн хэн нэгнийг архи тамхи үйлдвэрлэгчийн лобби хийгч гэж бүдгэрүүлэх нь эрхэм гишүүний нэг арга барил болоод байгааг хэлэхэд илүүдэхгүй. Хуулийг амьдралд нийцүүлэхийн тулд өөрчлөх нь ухралт биш.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/