Он гарангуут чимээ орсон нэг салбар бол эрчим хүчний салбар байлаа. Сүүлийн саруудад хэвлэл мэдээллээр өгч буй салбарынхны мэдээллийг бөөгнүүлж харвал энэ салбар жингийн цувааны ард эвдэрч гээгдсэн ганц тэрэг шиг цаг үеэсээ хол хоцорсон юм байна гэж хэлж болохоор байгааг товч буулгаж байна.
1
Эрчим хүчний компаниуд цахилгаан дулааны мөнгө гэж жилдээ 800 орчим тэрбум төгрөг цуглуулж авдаг байна. Их мөнгө сонсогдох ч нөгөө талд алдагдал нь 20 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй. Нийтдээ 80 орчим тэрбумын алдагдал хүлээгээд байгаа энэ салбар одоо аргагүйдэж үнэ тарифаа нэмэх л ганц гарц байна гэлээ.
Энд дурьдахад, зах зээл гэдэг үнэ чөлөөлөх явдал юм гэж лоозогносон шилжилтийн үеийг нэмээд бараг 90 жилийн турш цахилгаан дулааны үнийг төрөөс хатуу барьж ирсэн байдаг. Харин эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх шинэтгэлийг 2001 онд УИХ-аас “Эрчим хүчний тухай хууль” баталснаар эхэлсэн гэж үздэг.
1
Зах зээлд шилжээд 20 жил болж байхад эрчим хүчний ганцхан компани хувьчлагдаж, бусад нь төрийн өмчит нэртэй эзэнгүй үйлдвэрүүдийн хэлбэрт шилжжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн явуулахын тулд эн тэргүүнд үнэ ханш нь гаргасан зардлаа нөхдөг байх ёстой гэсэн энгийн зарчим эрчим хүчний салбарт мөрдөгдөж байсангүй. Бүр социализмын үеэс л цахилгаан, дулааны үнэ өөрийнхөө үйлдвэрлэгдэж буй өртгөөс хямдхан тогтоогдож ирсэн гэдэг. Энэ байдал өнөөг хүртэл үргэлжилсээр хэрийн хүн ойлгохооргүй өр авлага хуримтлагдсаар ирсэн ба тулаад ирэхээр нь засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр нөхөөс хийж аргацаасаар суугаад салбарынхан бухимдалтай байх нь аргагүй. Цахилгаан станцууд нь нүүрсний уурхайнуудад өртэй, харин эрчим хүч дамжуулах компаниудаас авлагатай, эрчим хүч дамжуулдаг компаниуд нь үйлдвэр аж ахуйн газруудаас авах авлагатай, нүүрсний уурхайнууд нь эргээд төмөр замд өртэй гэсэн эрээн цоохор өрийн сүлжээ үргэлжилдэг. Шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах газар салбараа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2002 онд цахилгааны тарифыг 2 төгрөгөөр, 2005 онд 4 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Сүүлд 2008 онд нэг нэмсэн болж цааш суурь үнэ гэсэн малгайн дор улс төржилт орж сонгуулиас сонгуульд бүсээ чангалсаар иржээ. Энэ хооронд жил бүр төгрөгийн ханш унаж, валютын ханш цойлсоор байхад цахилгаан дулааны үнийг хатуу гараар барьсаар. Гэтэл энэ хооронд бензиний үнэ ямар болсон бэ гэж тооцож үзвэл одоо мөрдөж байгаа тариф үнэхээр арай ч дээ л юм.
1
Эрчим хүчнийхэн одоо дайлаар мордож хамаг авлагаа авч өрөө дарлаа гэхэд 23 тэрбум төгрөг давсан өртэй үлдэнэ гэсэн. Үүн дээр үнэгүй бол хэмнэлтгүй учир цахилгаан хэмнэх сэтгэлгээ хэрэглэгчдэд төлөвшөөгүй явсаар иржээ. Хэрэглэгчид цахилгаан тасрахгүй, дулаан доголддоггүй байх нь аль нам хэн гэдэг ерөнхий сайд төр барихаас бус борлуулалт нь ядаж үйлдвэрлэлийн зардлаа нөхдөг зах зээлийн жамаараа байхаас эхэлнэ гэдгийг өнөөдөр ойлгохтойгоо болсон. Тэгэхээр энэ салбарыг зах зээлийн харилцаанд даруй шилжүүлж, үнэ ханшийг бодитой болгосноор хэрэглэгчид бид цахилгаан дулааныг тасалдалгүй авах суурь тавигдаж хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшиж, салбарын өр авлагын сүлжээ үгүй болж энэ салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх баталгаа бий болно. Төр одоо Эрчим хүчний тухай хуулиа амилуулж, үнэ тарифийг бодитой батлах санаачилгыг улс төрийн нөлөөнөөс ангид болгох хэрэгтэй юм.
1
2014 онд цахилгааны үнийг 10-15 хувь төгрөг, дулааны үнийг 2 дахин нэмэхээр шаардлагатай гэсэн үндэслэл судалгааг Эрчим хүчнийхэн гаргаж байгаа юм байна. Гэхдээ энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд тийм их өөрчлөлт авчрахгүй гэж байна. Цахилгаан дулааны үнэ өслөө гэж талх боорцогныхоо үнийг хавтгайрч нэмэхгүй байх нөхцлийг хангана гэж салбарынхан бас амалж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ. Харьцангуй өндөр өртөгтөй цахилгаан дулааны үнийг нэмлээ гэхэд талхан дээр 4 төгрөг, 1 кг гурилан дээр 6 төгрөг нэмэгдэх урьдчилсан тооцоо байгаа гэсэн. Мөн 150 кВт цаг хүртэл эрчим хүч хэрэглэдэг айлуудад нэмэгдэл нөлөөлөхгүй ба үүнээс дээш эрчим хүч хэрэглэдэг айл өрхүүд 20-25 хувь нэмэгдэх тооцоо гарч байгаа юм байна.
1
Үнийг хэдэн хувь нэмсэнээр эрчим хүчний салбарын асуудал цэгцэрчихгүй. Их бүтээн байгуулалтын том алхааг одоогийн эрчим хүчний сажлаа дийлэх үү гэдэг асуудал нээлттэй хэвээр байгаа юм. Ийм асуулт тавихад 5-р цахилгаан станцын төслөөр ам таглаж байгаа ч мөнхийн цахилгаан дулааны эх үүсвэрийг шийдчих төгс шийдэл биш. Бусад сэргээгдэх нар салхины эрчим хүчний эх үүсвэр бий болж байгаа талаар мэдээ чимээлж байгаа нь биднийг эрчим хүчний эх үүсвэрийн гачаалаас гэтэлгэж болох юм.
1
Яг л бидний зүрх шиг зогсолтгүй ажиллаж цахилгаанаар хоногийн 24 цагийн турш, дулаанаар зуны гурван сараас бусад хугацаанд хэрэглэгчдээ тасралтгүй хангадаг энэ салбарынхныг татаж босгох цаг болсон байна. Эрчим хүчний салбар хэм алдах нь монголын зүрх тасалдахтай адил, тэд доголдвол бид зутарна.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/