Эх орны минь улирал ээлжлэн солигдож, хаврын эхэн сар дуусав. Малчны хотонд төлийн дуу цангинаж, дэлгэр цаг наашилж буй боловч хүйтний эрч сулрахгүй бололтой. Улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал жамаараа өрнөсөн хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийн үйл явдлыг багцлан хүргэж байна.
1
Улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас сайд нарын томилолтыг онцолж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажилласан бол ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнханбилэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод, Шадар сайд Д.Тэрбишдагва Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөвсгөл, Булган, Орхонд, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт томилогдож, Шинэчлэлийн Засгийн газрын ажил үйлсийг ард иргэдэд хүргэжээ. Энэ бүхнээс гүйцэтгэх засаглалын тэргүүний Орхон аймагт ажилласан өдрүүд олны анхааралд байв. Монгол Улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр шахааны барааны агуулах болж, үр ашиггүй зарлагад идэгдсэнийг холбогдох газрууд нь тогтоосон. Харин үйлдвэрийн шинэ удирдлага шахааны бизнесийг халж, зарлагыг 2-3 сая ам.доллароор бууруулсан баярт мэдээг Ерөнхий сайдад дуулгажээ. Үүнийг Н.Алтанхуяг “Тус үйлдвэр шинэ удирдлагатай болсноор дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, шахааны бизнесийг багасгаж, ил тод байдлыг нээлттэй болгосноор хэмнэлт хийж чадсан байна. Бусад үндэсний үйлдвэрүүд ч мөн хэмнэлт хийж ажиллаж байгаагаас жишээ авч суралцах хэрэгтэй. Хамгийн чухал нь импортоор авдаг байсан бүтээгдэхүүний тоог бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдээс авч байгаа нь маш том давуу тал гэж бодож байна” хэмээн сайшаасан байна. Харин энэ онд Эрдэнэт үйлдвэр 40.3 тэрбум орчим төгрөгийн 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийхээр төлөвлөөд байгаа аж.
1
Хуулийн салбарын бужигнаан
1
Хууль зүйн сайд Тэмүүжингийн автор болоод буй хууль хяналтын салбарын шинэчлэлийг сайшаагчид байхад сөргөөр харах хэсэг ч бий. Ямартай ч хууль эрхзүйн хувьд хэдийнэ шинэчлэгдсэн энэ салбар цаасан дээрх зүйл заалтыг амьдралд хэрэгжүүлж эхэлсэн. Үүний жишээ нь Цагдаагийн албаны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх үйл явц. Гэвч шинэчлэлтийн гол бай болох цагдаагийн байгууллагынхан өөрсдөө айдастай, болгоомжилсон, дотроо бужигнасан байдалтай байгаа тухай яригддаг. Энэ нь хэд хэдэн асуудал тэр дундаа мөнгөн урамшуулал, тэтгэлэгтэй холбоотой үүссэн эргэлзээ гэдгийг энэ салбарын удирдлагууд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дуулгаж байсан. Тухайлбал, тэтгэвэрт гарахад өгдөг 36 сарын цалинг 18 сар болгох нь яриа худал болохыг, мөн таван жил хөдөө орон нутагт ажилласан цагдаад олгох урамшууллыг болиогүйг онцолж байсан. Мөн дотоодын цэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх үйл явц санаснаар бүтэхгүй байгаа байдал ажиглагдсан. Нийтийн аюулгүй байдлын төлөө ажиллах өөр чиг үүрэгтэй болж буй дотоодын цэргийн 1000 гаруй албан хаагчид хүнтэй зөв харьцахаас эхлээд олон зүйлийг зааж сургах шаардлагатай байгаа аж. Энэ мэтээр хуулийн салбарын шинэчлэлд үл ойлголцсон, болгоомжилсон өдрүүд үргэлжилж байна. Харин уг хуулийг газар дээрээ хэрэгжихгүй байгааг улстөрчид шүүмжилсэн удаатай. Хууль хэрэгжээд сар орчмын хугацаа өнгөрч буй. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг шаардах нь хэр оновчтой вэ гэдгийг бодох л асуудал.
1
Ноён доллар номхрох уу
1
Байнгын өсөлттэй байж, толгойны өвчин болоод байсан ноён доллар гэнэт номхорч, олон асуултыг араасаа дагуулав. Хэсэг бүлэг нь хий хөөрөгдөөд байсан байж болзошгүй гэсэн хардлагыг ч төрүүлэв. Нэг ам.доллар Монголын 1800 төгрөгтэй тэнцэх шахаад байсан ч арилжааны банкууд хэд хэдэн удаа валютын үнийг шинэчлэн бууруулж, дунджаар 1750 төгрөг болсон нь энэ долоо хоногийн таатай мэдээ байв. Монголбанкны ханшаар ам.долларыг 1720 төгрөгөөр авах, 1750 төгрөгөөр зарах ханштай байсан бөгөөд арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 1733 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр зарж байв.
1
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал валютын нөөц хангалттай байгааг дуулгаж, ханшийг нэмэгдүүлэхгүй байх бүх боломж бийг хэлсэн. Тэгэхээр хомсдол үүссэндээ ханш нэмэгддэггүй нь тодорхой болов. Нүүрсний салбарын экспорт тэг зогссонтой холбон тайлбарладаг долларын ханш дахин даврахгүй байх нь энгийн нэгэнд ч, эх орны эдийн засагт ч ээл болох юм.
1
Тамхичдыг залхаан цээрлүүлэх нь
1
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар холбогдох байгууллагуудтай хамтран Тамхины хуулийн хэрэгжилтэд дүн тавилаа. Тэд хууль хэрэгжсэн нэг жилийн хугацаанд эерэг бас сөрөг хандлага харагдсан хэмээн дүгнэв. Гэхдээ л Тамхины хяналтын тухай хууль үүргээ гүйцэтгэсэн гэж санаачлагчид үзэж байна. Хууль хэрэгжих хугацаанд нийт 16 сая төгрөгийн торгууль ноогдуулсан нь хэрэгжилтэд эерэг дүн тавих нэг шалтгаан бололтой. Улсад 16 сая төгрөгийн орлого оруулсан шалтгаан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Тэр нь тамхи татах цэг байгуулсан байгууллагууд том толгойлж, хууль зөрчсөн хэмээн банга хүртсэн нь тэр. Олон нийтийн дунд биш, сургууль цэцэрлэгийн орчимд бус тусгайлан байгуулсан цэгт өөрийгөө болон өөр тамхичнаа хордуулж суугаа хүмүүсийн эрхэнд халдсан гэвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй биз ээ. Ямартай ч санаачлагчид хуулиа улам чангатгана гэдгээ дуулгасан. Тэгэхээр тамхичдыг залхаан цээрлүүлэх ажиллагаа нэлээд нарийсах бололтой.
1
Паралимпийн баг Сочиг зорино
1
ОХУ-ын Сочи хотноо гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийх ХI паралимпийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ багийн тамирчдыг төрийн төлөөлөл үдэн гаргалаа. Монгол Улсын төрийн далбаа, ард түмний итгэл найдварыг тээсэн багийг Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ахалж, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, тамирчин Б.Ганболд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр МҮОНТ-ийн сурвалжлагч Д.Батжаргал гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр даваа гаригт хойд хөршийг зорих юм. Манай тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW6 босоо ангилалд замд гарах юм. Тэрбээр цанын төрлөөр гуравдугаар сарын 10-нд 1000 метрийн ойрын зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-ийн тэших техникээр өрсөлдөх юм байна.
1
В.Бат