2000 оны эхээр нэгэн нэвтрүүлгээр сурвалжлагч ганцхан асуултаар олон иргэдээс хариулт авч байлаа. Асуулт тийм ч хүнд биш. “ Дайн боллоо гэж бодьё, та эх орондоо зориулж өөрийн алт мөнгө, ээмэг зүүлтээ хандивлах уу ?” гэсэн утгатай. 20-д иргэд хариулснаас 5-6 нь л бүх юм аа өгнө гэж хариулсан ба үлдэх тооны хүмүүс нь .... улс өөрөө батлан хамгаалах хүчинтэй шүү дээ, бид татвар төлдөг, би ядуу байвал өгөхгүй, тухайн байдлаас болно гэх зэргээр бултсан хариулт өгч байсан юм. Тэд эх оронч биш дээ ингэж хариулаагүй. Тэдний дунд цаг нь ирвэл эх орондоо амиа өгч чадах хүмүүс ч байсан байх. Бас тэр иргэд алт мөнгөө өгөхгүй гээд үнэнээ хэлчихэд хэлмэгдүүлчихгүй цаг үед амьдарч байгаагаа мэдэрч байсан тул тийн шударга хэлсэн байх.
hhhh
Цэцэн бууны сумыг цээжээрээ таглах тийм эх орон ч хөвгүүд байсан тухай бид түүх шастир ном зохиолоос уншдаг. Тэр баатруудын үлгэрээр эх орондоо амиа өгөх бол өгье гэтлээ хүмүүждэг байсан цаг үе бий. Өмчин дээр бус үзэл сурталд суурилсан нийгэмд амьдарч байсан тул аливаа бүхнээ эх орондоо зориулах эсэхээ бодно гэж хэлэхэд л шууд хэн ч биш болох байлаа. Тэр цагт эх оронч байх, түүнийг харуулах дээд үзүүлэлтүүд нэгэнт бий болсон байлаа. Хил дээр буу барьж нүд цавчихгүй зогсох нэг бол зэвсэг барин байлдах чавдартай байх, энх цагт бол бүтээн байгуулж, таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх зэрэг. Бараг хүн бүр энэ үзүүлэлтийг хангаж эх орондоо хайртайгаа нотлон харуулахад бэлэн байсан үе бий.
ggg
Одоо цагт бидэнд эх оронч гэж хэлүүлэх ямар дээд шалгуур үзүүлэлтүүд, яг хэрэг дээрээ бол үнэлэмжүүд байна. Эх орон бидний үнэт зүйлсийн нэг хэвээр байгаа юу.
Шинэ зуунд бидний хувьд буу агсаж уухай хашгирах талаар яривал хүүхдийн элэг доог болно. Дэлхийг айлгадаг хоёр том хөрштэй байж бас байлдах сэтгэхүйтэй гэнэ.
Үнэндээ бол урьд төсөөлдөг байснаас өөр дайн, халдлага дэлхийд өрнөж байна. Геополитикийн, цахим түрэмгийллийн , соёлын довтолгооны гээд огт өөр дайралтууд глобалчлал гэсэн малгайн дор явагдаж байна. Харин бид үүний эсрэг зогсож чадах холливуудын кинонд гардаг шиг “patriotism ” өвөрлөгч нар мөн үү.
fff
Нэг бусгүй ярилаа. Бичиг хэргийн бараа зардаг юм байна.
“... Хүмүүс их сонин шүү, шинэ бал, үзэг авах гээд шалгаж үздэг. Тэгэхдээ цаасан дээр бичиж сараачиж шалгаж авна. Ингэхдээ ихэвчлэн Монгол гэж бичиж байгаа харагддаг юм ” гэж.
Эх орон гэдэгт олон сайхан илэрхийлэл, үг бэлгэдлийг зүүж болох ч нэг бал, үзгээр татлах эгшинд Монгол гэж бичиж байгаа энэ мөнхийн санамжийг тээж яваа хүн бүр эх оронч биз .
ggg
Хэдэн жилийн өмнө бидний хэсэг нөхөд Өмнөд Солонгосын Гуанжу гэх аялал жуулчлалын бусэд зорчиж явахад мөн дээрхийн адил сэтгэгдэл төрүүлсэн зүйл тохиолдож байлаа.
Солонгосын буддын сүмийн дээврийг хийдэг хавтанг өрж тавьсан байх. Түүнээс худалдан авсан хүн нэрээ болон хүслээ бичиж сүм хийдийн оройд мөнх үлдээдэг ба энэ хүсэл нь хожмоо заавал биелэнэ гэдэг. Ийм сүрхий менежменттэй сүмийн хавтанг бид ч худалдан авч дор бүрнээ хүслээ бичиж үлдээсэн. Тэдгээрийн дунд хүмүүсийн хүслээ бичсэн олон хавтанг жишээ болгон өрсөн байлаа. Урт нас, эрүүл мэнд, мөнгө, олз омог, эцэг эхийнхээ ач буян хариулах гээд хүний л гэж болох олон зуун хүсэл, ерөөл үгийн таталбарууд солонгос ба бусад олон хэлээр бичсэнээр жирийж харагдана. Тэр дунд нэгэн монгол хүний үлдээсэн кирилл үсгээр буулгасан таталбар бүхий хавтан байлаа.
“ Бурхан минь, бид болоод миний Монголыг хөгжлийн оргилд хүргэж хайрлаарай. Сайхан эх орон минь цэлмэг бөгөөд хүчирхэг оршиг ... Батсайхан Оюун-Эрдэнэ нар. 2005 он” гэсэн байлаа.
Энэ л энгийн боловч сэтгэл, сүншиг шингэсэн үгс манай залуусыг эх орондоо ямар хайртайг харуулна. Дээрх эх орноо гэсэн үгийн доор Ерөнхийлөгч ........ тэр гэж байсан бол өөр хэрэг. Жирийн л залуус буян санаж туйлын хүслээ бичихдээ эх орноо гэсэн халуун дулаан үгсийг үлдээсэн байсан. Тэр залуус магадгүй нэг гэр бүлийн хосууд байсан байж болох. Үр хүүхэд, аав ээж, хайртай бүхнээ эх орон гэж буулгажээ гэсэн гаргалгааг хийж, бүгд л энэ бичээсээр бахархаж үл таних хоёрыг ам уралдан магтсан, бид. Одоо тэр хавтангууд тоондоо хүрч нэгэн хийдийн дээвэр болж тэндэхийн ламын итгэлтэй хэлснээр бол мянга мянган хүний хүслийг нэхэн номын хүч орж байгаа л байх.
ggg
Одоо микрофон барьж гараад хэн нэгнээс хэрэгтэй цагт чихэндэх ээмэг зүүлт, үнэтэй бүхнээ эх орондоо зүгээр өгч чадах уу гэж хүмүүсийг бүлтэлзүүлбэл тийм , үгүй гэсэн хариулт ямар харьцаатай гарахыг хэлж таашгүй. Улс төрчид бол яахав тоох ч үгүй бүгдийг нь өгнө өө л гэж зална. Амиа ч өгнө гэж хэтрүүлж магадгүй.
Эд зүйлээ өгөхгүй ч байсан яахав. Түүгээр ч бас эх орончийг хэмжиж тодруулахгүй.
Цөвүүн гэх энэ цагт бол хэрэгтэй цагт өөрийгөө бус эх орноо бодоод шийдвэр гаргачихдаг улс төрчид олон байх нь бидний хувьд их хувь тохиол болох юм. Харин ард түмэн, жирийн иргэнд бол “эх орон” гэсэн санамж мөнх оршин байдгийн энгийн жишээг дээр өгүүлсэн.
Шведээр “fatherland”, Австралаар “ mother country” , Оросоор “ Родина ” энэ бүгд эх орон гэсэн үгс. Оксфордийн толь бичигт бичсэнээр бол “ fertile land” гэсэн энэ үг нь амь болоод үнэт бүхнээс эрхэм дээд нь эх орон гэж байгаа юм байна. Бид ч бас “ Халуун элгэн нутаг” гэж сэтгэл зүрхнээсээ хайр бахархал дүүрэн дуулж чаддаг ард түмэн.
ggg
“ Бурхан минь, бид болоод миний Монголыг хөгжлийн оргилд хүргэж хайрлаарай. Сайхан эх орон минь цэлмэг бөгөөд хүчирхэг оршиг ...
Энэ үг хэн нэг жанжин, удирдагч, нэрт хүний үг бус. Зүгээр л жирийн монгол хүний чин хүсэл, эх оронч сэтгэлийн үг, илэрхийлэл. Тэд энэ бичээсийг мөнгө төлөн байж хүний нутгийн чулуунд бичиж үлдээсэн байлаа.
ggg
Пүрэвжавын Баярхүү /тоймч /