Морин жилд эрх баригчид ахмадуудтай алд цагаан хадагны оронд шинэхэн, гар зүсэм шажигнасан 20 мянгатын дэвсгэрт дэлгэн “золгов”. Харин засгаас ахмадууддаа үзүүлсэн энэ хүндэтгэлийг ХАХНХ-ын сайд эндүүрч тэтгэвэр, тэтгэмж 20 хүртэл хувиар нэмэгдсэн гэж нэг хошгирууллаа. Харамсалтай нь тэтгэвэр, тэтгэмж ердөө л 20-27 мянган төгрөгөөр нэмэгдсэн байлаа. 20 мянган төгрөгөөр өнөөдөр юу авч болох вэ. Хоёр кило үхрийн мах арай хүрэхгүй, учир нь зах дээр нэг кг үхрийн мах 11 мянган төгрөгт хүрсэн. Сарын хэрэглээний сүүний мөнгө ч хүрэхгүй. Литр сүү өнөөдөр 2000-2200 төгрөгийн үнэтэй байгаа. За цаашлаад хавар намар өмсөх дээлийн өнгө авах гэвэл бүүр бүтэхгүй. Сүү, талх, хүүхдүүдийн гарыг цайлгах чихэр, ундаа, шуудай түлээ, нүүрс төдийхнийг л авах нэг өдрийн хэрэглээний мөнгөн төдийд л хүрэлцэх бололтой. Харин үүнийг тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл бус ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж байгаа “засгийн хишиг” гээд хэлчихвэл харин ч зохилтой санагдана. Монголын ахмадын холбооноос тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг эсэргүүцэж 30 хүртэл хуваарь нэмэхийг шаардсан. Уг шаардлагад Засгийн газар өнөөг хүртэл хариу өгөөгүй л байна. Ер нь тэгээд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны зүгээс хоёрхон сая хүн амынхаа хөгжил, нийгмийн хамгаалалд хэр анхаарч ажиллаад байна вэ. Зарим хүмүүс энэ яамыг нэрнээс цаашгүй, малгай нь томдсон газар ч гэдэг юм билээ. Олны үг ортой шүү. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал дээр энэ яамны сайд эрчтэй байж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхээр хэдэн бор төгрөгийг нь олигтойхон нэмэгдүүлчихэж чадаагүй байна гээд л С.Эрдэнэ сайдад хандсан шүүмжлэл ар араасаа цуварч байна лээ.
1
Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ гишүүдийн хамт намрын чуулганы өмнөхөн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцүүлсэн. Энэ нь ахмадуудын хувьд “хонгилын үзүүрт гэрэл” туссантай адил баярт мэдээлэл байлаа. Үнэндээ манай улсад ахмадуудын нийгмийн хамгаалал тун тааруу гэж болно. Ахмадуудын нийтлэг хүсдэг зүйл бол орон сууц. Төрөөс авдаг тэтгэврээс гадна саяхан Ахмадын орон сууцны баригдсан. Гэвч үүнд нийслэлийн цөөн тооны ахмадууд хамрагдсанаас бус нийтийг хамарч чадаагүй. Амралт сувиллын газруудад 50 хувийн хөнгөлөлттэй эмчилж, сувилдаг хэдий ч бага тэтгэвэртэй ахмадууд үүнд хамрагдах боломжгүй байдаг. Харин хамтын тэтгэвэр бол тэдний амьдралын баталгаа болохуйц төрийн том дэмжлэг юм.
1
Хамтын тэтгэвэр нь төсөвт хүндрэл учруулна гэж үзэх хүмүүс байгаа. Гэхдээ улсын төсөв их наядаар тоологдож, төрийн албан хаагчдын сарын дундаж цалин сая гаруй төгрөгөөр хэмжигддэг болсон энэ үед ахмадуудын хамтын тэтгэвэр төсөвт хүндрэл үүсгээд байхааргүй гэсэн тооцоолол гаргасан байна лээ. Хамтын тэтгэвэртэй зэрэгцээд гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэх магадлалтай юм билээ. 2010 оны Хүн амын тооллогын дүнгээр манай улсын нийт хүн амын 69.2 хувь нь 15-аас дээш насныхан байж. Үүнээс 30 хувь нь огт гэрлээгүй. 61 хувь нь гэрлэсэн хэдий ч 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн аж. Үүнээс 10 жилээс дээш амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлж өсгөсөн гэх хуулийн шаардлагад нийцэх гэр бүлийн тоо 76 орчим мянга байгаа байх гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна. Эрх баригчид энэ тоог эхний хэдэн жилдээ л төсөвт бага зэрэг хүндрэл учруулна уу гэхээс цаашдаа ачаалал үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Олон улсын туршлагыг судлахад ч ОХУ, Швед зэрэг орнуудын жишээ ч дурдагдсан байна. Тухайлбал, Швед улсад нас барагчийн хуримтлалын дансны үлдсэн хэсгийг гэр бүлд нь өвлүүлдөг бол Италид нас барсан этгээд тухайн улсын иргэн бол гэр бүлийнх нь хүн иргэний харъяалал үл харгалзан тэтгэврийн санг нь өвлөх эрх үүсдэг байна. Манай хөрш ОХУ-д даатгуулагч нас барсан тохиолдолд зургаан сарын дотор өв залгамжлагч нь Тэтгэврийн санд ханддаг байна. Энэ мэт гадаад орнуудын туршлага байдаг аж.
1
Нөгөөтэйгүүр хамтын тэтгэвэр нь гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж буй. Учир нь хамтын тэтгэвэрт хамаарах иргэд тус бүртээ 20-иос дээш жил Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхаас гадна 10-аас доошгүй жил нэг гэрт хамт амьдарсан байх шаардлагатай. Хэрвээ 10-аас дээш жил нэг гэрт амьдарсан хэдий ч гэр бүлийн баталгаагүй бол уг хууль үйлчлэхгүй. Мөн гэр бүлийн баталгаатай хэдий ч нэг гэрт амьдардаггүй бол мөн л энэ хууль үйлчлэхгүй юм. Түүнчлэн 20-иос дээш насны зөрүүтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан бол хууль үйлчлэхгүй байхаар заажээ.
1
Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Хамтын тэтгэврийн тухай хууль багтсан байгаа. Хаврын чуулганаар ахмадуудын хүсэн хүлээж байгаа хуулиудын нэг энэ. Гишүүд энэ хуулийн төслийг “дэмжиж байгаа ч” гээд эсрэг санал өгөхгүй л болов уу гэж найдъя. Тэгээд ч энэ хуулийн төслийг санаачлагчийн нэг ХАХНХ-ын сайдын зүгээс хүн амаа хөгжүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд хийсэн дорвитой ажлын нэгд ч тооцогдохоор байгаа юм. Энэ хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр ахмадууд хэн нэгнийхээ тэтгэврийг өвлөн авах боломж бүрдэнэ. Цаашлаад шинээр гэр бүл болж буй залуус насан туршдаа хамтдаа амьдарч, гэр бүлийн үнэ цэнийг мэдрэх бололцоог бүрдүүлэх биз ээ.
1
Н.Энхлэн