Та ядаж одоо битгий худлаа ярь. Засаг минь. Үг хэлэх эрх чөлөөгөө эдлээд битгий донгос гэж байгаа юм. Яасан гэнэ ээ. Үйлдвэрлэл өсч, ажилгүйдэл багаслаа гэнэ. Хэн тэр үйлдвэрүүдийг чинь босгоод, хэн тэрэнд чинь ажиллаад иргэдийн амьжиргаа дээшлээд байгаа юм. Төсвөө байнга шинэчилнэ, бас өөрчилнө. Шинэчлэлд урт удаан хугацааны туршилт хэрэгтэй. Гэхдээ 24 жилийн турш туршлаа. Үр дүн нь өнөөгийн Монгол. Төр нь нэгнээс нөгөөд хараат байхыг ямагт хүсэмжилнэ. Москва найтаахад Монгол ханиад хүрдэг байсан шиг өнөөдөр Хятад найтаахад Монголд ханиад хүрч байна. Энэ Монголд эдийн засгийн тусгаар тогтнол гэж байхаа болиод удаж байна.
5
Асуудал ердөө засаглалын хямрал. Цахим ертөнцөөр иргэдийнхээ бууз хуушуурын тооцоог хийж болно. Засаглалын асуудлыг ч шийдэж болно. Дээрээ төр нь үгүй тийм гэсэн гэсэн хоёр асуудлыг тавибал яана. Оросын мах, хятадын гурилгүйгээр гэвэл бид яах вэ. Мэдээж аль алингүйгээр бууз бий болохгүйгээс хойш хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй. Бүх зүйл програмчлалгүйгээр бүтэхгүй гэж УИХ-ын дарга ярьж байна лээ. Зөв санаа ч үйлдэл нь худлаа. УИХ-ын Тамгын газартаа туршиж цааш нь шат шатандаа хэр үр дүнтэй байх вэ гэдэг сонин. Сонгуулийн хар хайрцаг шиг баахан хэл ам дагуулах нь тодорхой. Амьдралыг програмчилж чадаж байгаадаа үе үеийн төр засаг ийм “Ядаж битгий худлаа ярь” гэсэн үгэнд эмзэг ханддаггүй юм. Төр тэгж болно, амьдрал өөрөө олон янз. Түүний гадуур хэн ч байж болох нь. Гол нь хуулиа дээдлэ гэж хэлэх гээд байгаа юм. Төр хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол хэрэгжүүлэх ёстой эрх үүрэг нь тодорхой. Засгийн газар. Хууль хэрэгжүүлэх талаар УИХ-ын дарга хэдэн сэтгүүлч тойруулаад ярьж суухаар Засгийн газартаа хариуцлага тооцоод сууж байвал илүү дээр үнэмшилтэй санагдахсан. Эдийн засгийг солонгоруулах талаар өчнөөн ярилаа. Нүүрс импортлогч нар дандаа хувийн хэвшлийнхэн. Засаг нь будлиантай болохоор өөр өөрийнхөө үнээр нүүрсээ Хятадуудад санал болгоно. Хамгийн хямдыг нь аваад бусдыг нь буцаана. Өөр хоорондоо тэмцэлдэнэ. Гэтэл дээр нь нүүрсний экспорт нь улсын эдийн засгийн гол хөдөлгөгч эх үүсвэр. Амласан дэд бүтцээ тавихгүй, ашигт малтмалын биржээ ч байгуулахгүй мөртлөө эдийн засгийн хямралд яриад сууж байх. Ингэхээр энгийн би ч гэсэн “Та битгий худлаа ярь” гэхээс яахав дээ.
6
Хүмүүс сайхан амьдрахын тулд сонгосон нөхдүүдээсээ амлалтыг нь шаардах эрхтэй. Хоёр хөршөөсөө эс хамааралтай эдийн засгийн өчнөөн боломж байгаа тухай эрх баригчид ярьсан. Эрчим хүчээр өөрсдийгөө хангаад зогсохгүй гадагш нь экспортлох, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, уул уурхайн түүхий эдэд нэмэлт өртөг шингээх, хүнд хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийг хөл дээр нь сэвхийтэл босгох тухай. Ярьсан амласан бүхэн чинь цагаан дээр хараар бичсэн байгаа. Төр ингэж иргэдээ сонсон асуудлыг нь шийдэх гэж байгаа бол ядаж боловсрол олгох ёстой. Толгой дараалан интернет эзэмшдэг болгох ёстой. Нэг сарын хугацаанд таны хэлсэн программыг сурдаг ажилтнууд чинь байхад насаараа сураад эзэмших эсэх нь мэдэхгүй ээж аав, эмээ өвөө нар минь бий. Тэд тантай яаж холбогдох вэ. Хариултынхаа асуултыг нэхье. Тэтгэврийн мөнгө нэмсэн үеэр Ерөнхий сайдын лавлах таг чимээгүй. Хэдэн хувиар яаж нэмээд байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр л хариулт сонсч, унтууцсансан. Та нар юу ч хэлээгүй 4-9 хувь нэмсэн гээд л дахиад таг чимээгүй болсон.
6
Асуудлыг хурдан шуурхайдаа бус цэгнэж бодсондоо байдаг. Ийм алхам өрнөхөд дээр төвшиндөө хямралын голомтын цурмыг хэдийн асаасан. Засаглалын хямралыг аргацаах гэсэн шоу гэж ухахад хүрч байна. Давхар дээлээ нөмрөөд 2016 оныг хүрчихье гэсэн арга замын нэгхэн хэсэг. Хэн ч сайхан ярьж болно. Харин Монголын хөрсөн дээр унаад хэр цэцэглэх вэ. Үгийн уранд бус үйлийн сайханд урамшья хэдүүлээ.
6
Н.Бадамжав