УИХ-ын гишүүн бүр “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Харин өнөөдөр ард түмний элч хэмээн үгийн эрч нь сулраад байх шиг. Саяхан твиттерээс “Сонгогчдын сонголтоор, намын жагсаалтаар, шүүхийн шийдвэрээр сонгогдсон гэж энэ парламентын гишүүдийг гурав хуваана” гэсэн жиргээг уншаад “Чухам үнэнийг цөөн үгээр хэлжээ” гэсэн бодол давхцав. Одоо цаашдаа эрхэм гишүүд сонгогдсон байдлаараа “намын элч, шүүхийн шийдвэртэй элч” хэмээн тангараг өргөж байх нь ээ. Учир нь сонгогчдын олонхийн саналыг тухайн тойргоос авч чадсан хүн л ард түмний элч байхаас бус намын жагсаалтаар, шүүхийн шийдвэрээр УИХ-д орж ирсэн эрхмүүд юуных нь ард түмний элч байх билээ. Энэ өнгө аяс ч өнөөгийн парламентад харагдаад байх шиг.
5
Намрын чуулганы завсарлагаар Төрийн ордонд хөл татарч, гишүүд биеэ эмчлүүлэх, гадаадад аялах, орон нутагт ажиллах гээд тус тусын ажилдаа гарлаа. Ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд тус тусын тойргийг зорьж, иргэдтэй уулзахын зэрэгцээ намрын чуулганы хугацаанд баталсан хуулиудыг сурталчилж явна. Тиймээс ч малчны хотонд нялх төлийн дуутай зэрэгцэн урилгагүй ирдэг зочдын нэг нь УИХ-ын гишүүд. Хаврын чуулганаас өмнө ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бусаар гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах юм. Учир нь намрын чуулганаар энэ асуудлыг гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадалгүй “унасан”. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сөрөг хүчин хийгээд цөөнх өөр өөрсдийн бүлгийн санаалчилсан хуулийн төслүүдийг багтаагүй байгаад эсэргүүцлээ илэрхийлж, “No” кноп дарсан нь парламентын түүхэнд анх удаа хэлэлцэх асуудлын жагсаалт батлагдаагүй тохиолдол болсон.
6
Хаврын чуулганы завсарлагаар парламент дахь сөрөг хүчин МАН, эрх баригч АН-ын гишүүд орон нутагт хамгийн идэвхтэй ажиллаж байгаа бололтой. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нарын ажлын хуваарь Ховд аймагт “тулав”. Тэд иргэдэд намрын чуулганаар хэлэлцэн баталсан асуудлыг сурталчилж байгаа хэлбэр адил ч агуулга өөр гэхэд болно.
5
АН-ын гишүүд намрын чуулганаар хийж хэрэгжүүлсэн ажлаа үр дүнтэй боллоо, Засгийн газарт чиглэл өгөн ажиллаж байгаа. Энэ оны төсөв дээр цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх заалт оруулсан. Үүний дагуу Засгийн газар цагаан сартай зэрэгцээд тэтгэвэр, тэтгэмжийг 20 хүртэл хувиар нэмэгдүүллээ гээд л яриагаа эхэлнэ. Цаашлаад он дамнан баригдаж дуусаагүй барилгуудыг царцаасан байгаа. Дээрх объектуудыг үргэлжлүүлэх эсэхийг төсвийн тодотголоор шийднэ хэмээн орон нутгийн удирдлагуудтай ярилцана.
5
Харин сөрөг хүчин буюу МАН-ынхны бодлого сэдэв нэг ч агуулга өөр. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг дэмжиж ажилласан ч цөөнхийн дуу хоолойг сонсохгүй “чих нь хатуу” байна гэдгийг тэд ярьж яваа. Учир нь намрын чуулганы үеэр УИХ дахь МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн ихэнх нь хэлэлцэгдээгүй. УИХ дахь МАН-ын бүлэг байтугай хамтарч Засаг барьж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийнхэн энэ асуудал дээр гомдол мэдүүлж байсан. Тиймээс ч сөрөг хүчнийхний хувьд иргэдтэй уулзалт хийнэ гэдэг нэг талаар “гомдлоо тайлах”, нөгөө талаас сонгогчдоосоо оноо авч, унасан рейтингээ нэмэгдүүлэх бас нэг боломж билээ. Тэгээд ч сөрөг хүчнийхэнтэй санал нийлэх иргэд цөөөнгүй бий. Учир нь эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар суларч, амьжиргааны түвшин буурч байгаа энэ үед төр, засагт итгэл тавьдаг. Харамсалтай нь тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл иргэдийн магнайг тэнийлгэсэнгүй. 20 мянгатын дэвсгэрт Монгол Улсын хамгийн том төгрөг хэдий ч нэг ширхэг энэ мөнгө тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл боломгүй. Тиймээс ч тэтгэвэр, тэтгэмж авагчид “20-хон мянгаар нэмэгдсэн” гээд л хоолой нь зангирч байна.
6
Намрын чуулган завсарласнаас хойш байнгын хороод хийсэн ажлаа тайлагнаж байгаа. Үүнтэй зэрэгцээд зарим гишүүний зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах санал ч гаргаж байна лээ. Учир нь тэд намрын чуулганаар ирц бүрдэхгүй, хуралдаандаа идэвхгүй оролцох хандлага давамгайлсан. Тиймээс чуулганы хуралдааныг идэвхжүүлэх, болхи байдлаас нь яаралтай гарахгүй бол цаг үе гүйцэхгүй байна гэх шүүмжлэл ч гишүүдийн зүгээс гаргана лээ. Нөгөө талаар инфляци, валютын ханш өсч, үүнийг дагаад шатахуун импортлогчид шатахууны үнийг нэмж байгаа үед ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах хүсэлтэй гишүүд ч байсан. Ээлжит бус чуулганаас олон нийт их зүйлийг хүлээж байгаа. Харин ээлжит бус чуулган олон нийтийн хүсэн хүлээсэн хариултыг шийдвэрлэж чадах болов уу гэсэн эргэлзээ байна.
6
Дээр өгүүлсэнлчлэн намын жагсаалт, шүүхийн шийдвэрээр “сонгогдсон” гишүүд парламентын тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа. Өмнөх парламентын гишүүд бүгд л тойргоос сонгогдож байсан. Тэд төсөв батлах үед тойрог тойрогтоо хөрөнгө оруулахаар улайрдаг байв. Басхүү цалин, тэтгэврийн нэмэгдэл дээр гишүүн бүр л дуу нэгтэй гар өргөдөг байлаа. Харин энэ удаагийн парламентад “ард түмний элч”-ийн хүчийг сулруулаад, байх шиг ээ.
6
Н.Энхлэн