Хэн сайн улс төржинө тэр сайхан амьдардаг жишиг тогтоод уджээ. Түүнийгээ хаацайлах гэсэн юм шиг улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэсэн хэлцийг ёс юм шиг дурдана. Улс төргүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, зээл тусламж, тендер гэж даанч үгүй. Бизнесмен болгон энэ гашуун хийгээд хорлонтой үр жимснээс дуртай дургүй ч хазаж таарна. Түүнийгээ дагасан бүхэл бүтэн бизнес улс төрийн сүлжээтэй. Төрийн алба бүхэлдээ улс төржсөн ахан дүүсийн нийгэмлэгийн нүсэр том машинтай. Байнга түлшээр ангана. Тэр бүхэн рүү улсыг хөгжүүлэх ёстой хувь, улсын мөнгө цутгагдана. Тогтолцооноос гажуу зүйл хийх бараг боломжгүй. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх улаан туг гэдэг нийгмийн бүхий л давхаргад хачиг хувалз шиг аль нэг намын үзэл суртал ноёрхоно басхүү хуваан захирна. Аль нэг намын гишүүн бус, аль нэгэнд хэд гурван зоос шидэхгүй л бол ямар чажил төрөл хаалттай юм чинь бултаараа улстөржихөөс ч өөр яах билээ дээ. Зоосны хоёр тал шиг ижилдсэн болохоор төр нь түмний мөнгийг өөрийн бизнес рүүгээ гулсуулж эргээд хэд дахин нугалаад авчихна. Асар их баялагтай мөртлөө иргэд нь дундаас дээш хэзээ ч гардаггүй, барьсан цэцэрлэг сургууль нь хэзээ ч ашиглалтанд ордоггүй, тавьсан замынх нь зузаан, өргөн нь хэзээ ч стандартандаа хүрдэггүй, нэмэгдүүлсэн цалин тэтгэвэр нь хэзээ ч инфляци, үнийн өсөлтөө гүйцдэггүй ийм л марзан төрхтэй Монгол болчихоод байгаа юм. Бүгд л харааж зүхэж, тэмцэх сонирхолтой. Толгойлогчид нь шударга дүр эсгээд парламентад суугаад усанд хаясан чулуу шиг таг чимээгүй болчихно. Байдал огтхон ч дээрдэхгүй хэрнээ улсын сан хөмрөг арвижиж байгаа тухай мэдээлэл төрийн эрхэмсэгүүд байнга мэдээлнэ. Ахиад л өөрснөө сонгочихсон хэрнээ харааж зэхнэ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүйн үлгэр давтагдана. Услтөрд нэг л авираад гарчихсан бол нам нь толгой дээр байгаа цагт мөнгөний уутыг нээж хаагаад байх бирдийн ид шидийг хүртэж байгаа нь тэр. Өөртөө, өөрийнхөө намын гал тогоо руу орох мөнгөний урсгалыг хуулиар баталгаажулчихна.
5
Сайд, эрхэм гишүүний давхар дээл тайлна аа гэж сүртэй мэдэгдэх боловч цаг дээрээ тулаад ирэхээр эсрэг санал өгөөд л гүйж явна. Ордонд нэг өөр, олон нийтэд нэг өөрөөр тайлбарлана. Жил бүр өөртөө зориулаад хэдэн тэрбумын төсөв хуваарилуулчихна. Баахан эвдэрхий компьютер, эмнэлэгийн аппарат, байшингийн суурь тавьсан болоод нүд хуурчихна. Далдуур өөрийн талын нөхдүүддээ тендер, лицензны аль амттайг сорчлоод өгчихнө. Өөрөө сайд хийгээд УИХ-ын гишүүн болохоор ямар саад байх вэ дээ. Саналаа өөрөө хууль тогтоох танхим руу оруулаад өөрөө гар өргөөд батлачихна. Бизнестэй нарийн нягтаар холбогдсон улстөрийн дээр намын эрх ашиг тэргүүн зэрэгт тавигдана.
5
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь нэг намынх. Гэхдээ дандаа лидерүүд нь. Хэн энэ гортигноос гарч өөрийнхөөрөө дуугарч чадах вэ дээ. Р.Амаржагал гишүүн мэтийн ганц нэгхэн нь тэмцэх боловч эргээд намынхан дотроо бөөрөлхүүлнэ. Гортигноос гарсан болохоор ҮЗХороон дээрээ ч цөөнх болж давалгаанаас эрэг дээр шидэгдэнэ. Энэ гольролд нэгэнт л орж чадсан бол хөдөлмөрлөхгүйгээр хэрхэн мөнгө олж болох алтан боломж сандайлна. Нарийн ухаан хэрэггүй. Зөвхөн намын эрх ашигт нэгдэж байхад л болно. Багагүй мөнгө зарцуулах боловч эргээд хэд нугалаад олчих болохоор санаа зовних явдалгүй. Илэрхий хөрөнгө мөнгө завшаад хууль шүүхийнхний хаалга татаж байгаа азгүй нэг нь хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Хариуцлага хүлээдэг нэг нь хэтэрхий бага жараахайнууд. ИХ үйлсийн төлөөх бага золиоснууд. Аргагүй шүү дээ. Дээд Шүүхийн шүүгчид болон Ерөнхий Прокурор, АТГ \Авилгалтай Тэмцэх Газар\ ЦЕГ \Цагдаагийн Ерөнхий Газар\-ийн дарга нарыг улстөрчид томилж, ажлыг нь тэд хянаж байдаг юм чинь. Эрх мэдэл авсан аль ч намынхан өөрийнхөө хүмүүсээр нэн даруй солино. Шударга ёсыг хэн хянаж, хэн тогтоох вэ дээ. Баялагийн эзэд ард түмэн биш улстөрчид. Сэрүүн зүүдлээд хэрэггүй. Жагсч цуглаад ирвэл хэдэн зоос тараачихна. Дараа нь нийгэмд бэлэн мөнгө тараахаар болохгүй байна гэж панаалдаад л зогсоочихно. Дараа нь эдийн зкасгийн өсөлт муудаж, баялаг хуримтлагдахгүй байгаагийн шалтгаан бэлэн мөнгө тараасанд оршиж байгаа юм. Тиймээс цалин тэтгэвэр нэмж чадахгүй нь гээд гэдийчихнэ. Цаана нь ямар их хэмжээий мөнгө халаас руу нь цутгагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Ингээд баян Монголын тухай үлгэр цаасан дээр үлдэж ядуу Монгол хөгжлийн жинхэнэ нүүр царай болж үлдэнэ. Хөөрхий дөө миний муу Монгол. Уг нь тэд илүү зүйл хүсээгүй. Зүгээр л ямар нэгэн үзэл сурталд адлуулахгүй шударга хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарья гэсэн юмсан.
6
Н.Бадамжав